Японы эзэн хаан төрийн анхны айчлалаа Их Британид хийнэ


Энэ хавар Их Британид айлчлах урилгыг Японы эзэн хаан Нарүхито гэргий Масакогийн хамт хүлээн авсан тухай Букингемийн ордны хэвлэлийн алба мэдээлжээ. Энэ нь Японы эзэн хаан 2019 оны тавдугаар сарын 1-нд хаан ширээнд заларсныхаа дараа гадаадад хийх төрийн анхны айчлал болох юм.

Японы эзэн хаан болон хатан айлчлалынхаа үеэр Виндзорын шилтгээнд байрлах ажээ. Айлчлалын хөтөлбөрийн талаарх мэдээллийг одоогоор өгөөгүй байна.

“Япон болон Их Британийн найрсаг харилцаа олон жилийн түүхтэй билээ. Манай хаадын харилцан айлчлал хоёр улсын найрсаг харилцааг бэхжүүлэхэд томоохон үүрэг гүйцэтгэдэг” гэж Японы сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Суга Токио хотод хийлгэсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ. Түүний хэлснээр, Японы эзэн хаан дөрөв эсвэл тавдугаар сард Их Британид айлчлах аж.

Японы эзэн хаан хамгийн сүүлд 1998 онд Их Британид төрийн айлчлал хийж байжээ. Өмнөх эзэн хаан Акихито болон түүний гэргий Митико Их Британид 2007 болон 2012 онд айлчлахдаа тус улсын хатан хаан хоёрдугаар Елизаветатай хоёр удаа уулзсан байна.  

Эзэн хаан Нарүхито түүний эцэг Акихито нь нас дээр гарч, эрүүл мэнд доройтсон учир төрийн үйл хэрэгт оролцож чадахгүй боллоо гэх шалтгаанаар хаан ширээнээс өөрийн хүсэлтээр буусны дараа хаан ширээнд заларсан юм. Шинэ эзэн хааныг Японд төдийгүй дэлхий дахинд танилцуулах ёслол Токио хотод өнгөрсөн оны 10 дугаар сарын 22-нд болсон билээ.  

Д.Жаргал


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.