Ханхүү Харри: Бидэнд өөр сонголт байгаагүй


 

Ханхүү Харри: Бидэнд өөр сонголт байгаагүй

 

Британийн ханхүү Харри хатан хааны гэр бүлийн гишүүдийн эрх үүргээс татгалзсан нь гунигтай бөгөөд хүнд шийдвэрүүдийн нэг байсан ч өөр сонголт байгаагүй гэж мэдэгджээ.

Ханхүү Харри өөрийн ивээл дор үйл ажиллагаа явуулдаг "Sentebale” байгууллагын гишүүдийн өмнө үг хэлэхдээ ийн мэдэгджээ.

"Энэ олон жилийн сорилтуудын дараа олон сар үргэлжилсэн яриа хэлэлцээ болж өнгөрсөн. Үргэлж зөв зүйл хийж байгаагүй гэдгийг мэдэж байгаа ч тодорхой хэмжээнд надад өөр сонголт байгаагүй. Бид яваагүй, бид та нарыг хаяж яваагүй гэдгийг би тодруулмаар байна. Бид улсын санхүүжилтгүйгээр хатан хаан, Нэгдсэн вант улсад зүтгэх, үүргээ биелүүлэхийг хүссэн. Харамсалтай нь, энэ нь боломжгүй байв” гэж тэрбээр тайлбарласан байна.

Ханүү Харри эмэг эх, хатан хаан II Элизабет болон хатан хааны гэр бүл дэмжиж, энэ алхмыг хийх урам зориг хайрласанд талархал илэрхийлжээ.

Энэ сарын 8-нд ханхүү Харри, түүний гэргий Меган Маркл нар хатан хааны гэр бүлийн гишүүдийн эрх ямбаас татгалзаж буй тухай мэдэгдсэн билээ.

Ирэх хавраас  шийдвэр хүчин төгөлдөр болж, тэдэнд "Эрхэм дээдэс” гэж хандахгүй.

Гэхдээ хосууд Сассексийн гүн, гүнгийн авхай гэх хэргэм зэргээ хадгалж үлдэх бөгөөд Харри ханхүү хэвээр үлдэх юм. Гэсэн хэдий ч ханхүү Харри, Меган Маркл нар хатан хааны албан ёсны төлөөлөгч байхаа больж байгаа юм.

Хосууд Винзорын шилтгээн дэх тэдний гэрийг засварлахад Их Британийн төсвөөс зарцуулсан 2.4 сая фунтийг буцаан өгөхөө мэдэгджээ.

 
Zindaa.mn
 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.