-Ё.Бат-Эрдэнийн тэтгэврийн насыг хүлээгээд халсангүй юу-
УИХ-ын гишүүд гадаадад томилолтоор явж байх үедээ казино тоглосон талаарх мэдээлэл түгж байгаа энэ үед өмнөх асуудал хэрхэн шийдвэрлэгдсэн талаар нэхлээ. Тодруулбал, Гаалийн ерөнхий газрын дэд дарга Ё.Бат-Эрдэнэ, МИАТ-ийн Сөүл дэх төлөөлөгчийн газрын ажилтан С.Баатарцогт нар казино тоглосон нь баримтаар нотлогдож, Засгийн газрын хуралдаанаар тэдэнд хариуцлага тооцохоор болсон. Энэ тухай Засгийн газрын ХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өөрийн биеэр мэдээлэл хийж, “...Төрийн албан хаагчийг гадаадад зорчихдоо мөрийтэй тоглоом тоглох, энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг газраар үйлчлүүлэхийг хориглосон байдаг. Өнгөрсөн хугацаанд үүнтэй холбоотой 10 гаруй мэдээлэл ирснээс хоёр нь нотлогдсон. Гаалийн ерөнхий газрын дэд дарга Ё.Бат-Эрдэнэ, МИАТ ТӨХК-ийн Сөүл дэх төлөөлөгчийн газрын ажилтан С.Баатарцогт нар. Тиймээс эдгээр хүнийг ажлаас чөлөөлж, холбогдох хууль хяналтын байгууллагад шилжүүлэхээр боллоо” гэж мэдэгдсэн.
Гэвч тийн хэлсэн нь үнэндээ олон нийтийг л хуурснаас биш хариуцлага тооцоогүй гэдэг нь батлагдлаа. Толгойг нь илээд өнгөрдөг учраас дараагийн хүмүүс нь ч гадаад томилолтынхоо үеэр казинод зугаацсаар байгаа аж.
Гаалийн ерөнхий газрын дэд дарга Ё.Бат-Эрдэнэ Л.Оюун-Эрдэнэ сайдын мэдэгдлийн дараа буюу 11 сарын 15-нд хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Юуны өмнө энэ бол ёс зүйн хувьд алдаа. Тийм учраас ёс зүйн зөрчил гаргасан даа, намайг ажил төрөлд томилж, өдий болтол дэмжиж ирсэн, надтай хамтран ажиллаж байсан бүх хүмүүс, тэр тусмаа гаалийн байгууллагынхаа хамт олон, нийт гаальчдаасаа уучлалт гуйя... Улс төрийн алба, төрийн тусгай албаны албан хаагчдын ёс зүйн хэм хэмжээг хууль тогтоомжоор тогтооно.” хэмээн өөрийгөө өмгөөлсөн. Мөн “Сангийн сайдтайгаа уулзсан. Уучлалтаа гуйгаад үнэнээ хэлсэн. Сайд бол “Болчимгүй юм хийлээ дээ, та” гэж байсан. Сүүлийн хоёр жил байгууллага маань ачаалалтай, ажил ихтэй байснаас би ээлжийн амралтаа аваагүй байсан юм. Тиймээс “Шийдвэр гартал амралтаа авч болох уу” гэж сайдаас хүссэн. Тэр хүрээндээ одоогоор амарсан байдалтай байна” гэсэн ч одоогоор тэр ажлаа үргэлжлүүлэн хийсээр байгаа гэх мэдээлэл байна. Гэхдээ өөрөө хүсэлтээ өгөөд ажлаас чөлөөлөгдсөн гэх тайлбар өгсөн ч үүдний харуул нь ажилдаа ирээгүй, ажилчид “Дарга ажлаа хийж” байгаа гэх тайлбар өгч байсан юм.
Ёс зүйн хувьд уучлалт гуйгаад өнгөрөх, хуулийн заалтуудыг тун нарийн гаргалгаатай нь мэддэг Ё.Бат-Эрдэнэ гаалийн байгууллагад 26 жил ажиллаж байгаа бараг дархлагдсан, туршлагатай, түүхтэй нэгэн гэхэд хилсдэхгүй.
Тэрбээр Гаалийн лабораторийн даргаар ажиллаж байхдаа хуурамч дүгнэлт хийж, “аав”-ын хаалга татаж явсан арвин түүх ч бий. Шатахууны актантыг өөрчилсөн түүнийг хуулийн байгууллагад шалгагдаж, тухайн үеийн Ганц худагт хоригдож байсныг нь эргэн тойрныхон нь ч хэлдэг. Түүнчлэн тэрбум төгрөгийн төмрийн контрабандын хэрэгт бас л нэр холбогдон дуулиан дэгдээж, дүгнэлт гаргаж өгсөн хэргээр шалгагдаж байсан удаатай. Дуулиан дэгдээж, хэрэгт холбогдсон ч гаалийн байгууллагад шат ахисаар яваа нь хамт ажиллагсдынх нь гайхшралыг төрүүлдэг нь нууц биш. Хариуцлага бүрээс мултарч, ариун цагааны туйл болж, ёс зүйн хэм хэмжээ ярьж явдаг тэрбээр энэ сард 60 нас хүрсэн ч ховхроогүй л байна.
Ё.Бат-Эрдэнэ өөрөө Гаалийн ерөнхий газрын дэд даргын албыг хашихаас гадна эхнэр Ц.Энхжаргал нь ч мөн гаалийн байцаагчаар ажилладаг. Гаалийн байгууллагад сэлгэн ажиллуулах журам үйлчилдэг ч түүний эхнэр нь орон нутагт ажиллахыг хүсдэггүй учраас эрхэм дарга үүнийг нь гүйцэлдүүлж, Буянт-Ухаа даахь Гаалийн газар болон Улс хоорондын шуудангийн илгээмжийн гаалийн бүрдүүлэлт хариуцсан гаалийн улсын байцаагчаар л сэлгүүлэн ажиллуулдаг гэж байгаа.
Тиймээс тус байгууллагын эмэгтэйчүүд даргын эхнэрийн нөмөр нөөлөгт байвал хөдөө “хөөгдөхгүй” гэдэг хэлц маягийн үгтэй болжээ.
Б.Отгонзаяа
Эх сурвалж: erennews.mn
Сэтгэгдэл