АНУ-ын сангийн сайд эдийн засгийн мэдлэгтэй болсныхоо дараа шүүмжлэхийг Грета Тунбэргт зөвлөжээ


Өчигдөр Давос хотноо болсон хэвлэлийн хурлын үеэр АНУ-ын сангийн сайд Стивен Мнучин уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хөдөлгөөний тэмцэгч Грета Тунбэргт зөвлөгөө өгсөн байна.

Нэг сэтгүүлч түүнээс “Грета Тунбэрг хувийн болон төрийн байгууллагуудад хүлэмжийн хий ялгаруулдаг түлш олборлогч копаниудаас хөрөнгө оруулалтаа татахыг уриалсан. Энэ нь АНУ-ын эдийн засагт сөрөг нөлөөтэй юу?” гэж асуужээ.

Мнучин “Тэр эдийн засагч юм уу? Ер нь хэн юм бэ? Би ойлгохгүй байна. Тэр коллежид суралцаж, эдийн засгийн боловсролтой болсныхоо дараа энэ талаар бидэнд зөвлөх хэрэгтэй байх” гэж хариулсан байна.

Сүүлд Грета твиттер хуудсандаа “дэлхийн дулааралд шатдаг түлш ямар нөлөө үзүүлдгийг ойлгоход коллежийн боловсрол хэрэггүй” гэж бичсэн нь Мнучинд хариу өгсөн хэрэг байв.

16 настай Швед охин байгаль орчны хямралыг зогсооход аж үйлдвэржсэн орнууд анхаарал хандуулахгүй байгааг байнга шүүмжилдэг.

Энэ долоо хоногийн эхээр Давост үг хэлэхдээ Грета хүлэмжийн хийг бууруулах чиглэлд дэлхийн улс орнуудын удирдагчид үндсэндээ юу ч хийхгүй байна гэж шүүмжилсэн юм.

“Газрын тос, байгалийн хий, нүүрс зэрэг хүлэмжийн хий ялгаруулагч түлшний салбарт хөрөнгө оруулах, татаас дэмжлэг үзүүлэхээ даруй зогсоох хэрэгтэй. Бид үүнийг 2050 онд биш, 2030 онд биш, 2021 онд ч биш, яг одоо зогсоох ёстой” гэж тэр хэлжээ.

Мнучин нь залуу тэмцэгчийг шүүмжилсэн АНУ-ын анхны өндөр албан тушаалтан биш. Ерөнхийлөгч Дональд Трамп энэ долоо хоногийн эхээр Давост илтгэл тавихдаа Гретагийн нэрийг шууд хэлээгүй ч “дэлхийн сүйрлийг зөгнөгчид”-ийн дуу хоолойг сонсохгүй байхыг бизнесмэнүүдэд уриалж байв. Тэр бас өмнө нь хоёр ч удаа твиттер хуудсандаа Грета Тунбэргийг шоолж, өхөөрдсөн агуулгатай зүйл бичиж байжээ.

Э.Сэмүүн 

Эх сурвалж: CNN


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.