БНХАУ-ын Ухань хотоос гаралтай шинэ төрлийн "2019nCoV” коронавирусийн тархалт хоногт л мянга мянгаар нэмэгдэж, нийт халдвар авсан хүний тоо өнөөдрийн байдлаар 9,000 давж, нас барагсдын тоо 213 /хамгийн сүүлийн мэдээллээр/ болоод байна. Түүнчлэн дахин 12 мянга гаруй хүнд уг өвчний шинж тэмдэг илэрсэн буюу сэжигтэй тохиолдол хэмээх ангилалд багтаж байгаа юм.
Эрүүл мэндийг хамгаалах олон улсын хамгийн том байгууллага болох ДЭМБ нь нэгдүгээр сарын 22-ны өдөр коронавирусын асуудлаар анх удаа яаралтай хурал зарлан хуралдсан ч тухайн үед өвчний дэгдэлт харьцангуй бага, хангалттай мэдээлэл байхгүй байна гэж үзээд онц байдал зарлалгүй, анхааралтай ажиглах шийдвэр гаргаж байсан билээ.
Тэгвэл тус байгууллага өнгөрсөн шөнө /2020.01.31/ хоёр дахь удаагаа яаралтай хуралдаж, уг өвчний тархалтыг тогтоон барихын тулд "Global Health Emergency of International concern” буюу "Дэлхий даяар онц байдал зарлах" шийдвэрийг гаргажээ.
Ийнхүү эрсдлийн энэ түвшинг зарласан нь дэлхийн улс орнууд эрүүл ахуйн хяналтын дэглэмээ чангатгаж, олон улсын нислэг, төмөр замын харилцааг зогсоох, хилийн боомтуудаа хаах зэрэг арга хэмжээг авах нөхцөл байдал үүсээд байгаа юм.
ДЭМБ-ийн дарга Тедрос Аданом Гебреисус яаралтай хурлын үеэр "Эрүүл мэндийг хамгаалах систем муу хөгжсөн улс орнуудад коронавирусийн халдвар тархах вий гэдэгт би хамгийн их санаа зовниж байна” хэмээн онцлон дурджээ.
Одоогоор Хятад улсаас гадна дэлхийн 22 улсад уг өвчний халдвар бүртгэгдээд байна. Хамгийн сүүлд Итали улсад хоёр тохиолдол бүртгэгдсэн байна. .
ДЭМБ өмнө нь дараах өвчний тархалтын улмаас "Global Health Emergency" нөхцөлийг зарлаж байжээ.
- Гахайн томуу, 2009 он. H1N1 вирус нь 2009 онд дэлхий даяар тархаж, 200 мянга гаруй хүний амь насыг авч одсон юм.
- Полиомиелит, 2014 он. 2012 онд энэ өвчин анх гарсан ч өвчний тархалт харьцангуй бага буюу онц байдал зарлах хэмжээнд хүрээгүй байсан юм. Гэвч 2013 оноос дэгдэлт огцом нэмэгдэж 2014 он гэхэд дэлхий даяар онц байдал зарлахаас өөр аргагүй нөхцөл байдал үүсчээ.
- Зика вирус, 2016 он. ДЭМБ Зика вирус Америк даяар тархсаны дараа буюу 2016 онд онц байдал зарлаж байв.
- Эбола вирус, 2014, 2019 онуудад. Энэхүү аюулт өвчин нь ДЭМБ-ыг хоёр ч удаа онц байдал зарлахад хүргэж байжээ. Эхнийх нь 2014 оны наймдугаар сараас 2016 оны гуравдугаар сар хүртэл үргэлжилсэн бөгөөд Баруун Африкт бараг 30 мянга хүн халдвар авч, 11 мянга гаруй хүн нас барж байлаа. Хоёр дахь удаагийн онц байдлыг өнгөрсөн онд Конго улсад дэгдэлт газар авсны улмаас зарлаж байжээ.
Сэтгэгдэл