Төлбөрийн чадамжгүй болсон нь Б.Эрдэнэбатыг “галзууруулж” байна


 

Төлбөрийн чадамжгүй болсон нь Б.Эрдэнэбатыг “галзууруулж” байна

 

"Эрэл" группын Ерөнхийлөгч гэх Б.Эрдэнэбатыг яллагдагчаар татсан шүүхийн тогтоол гараад удаагүй байна. Тэрээр Хаан, Хас болон Хөгжлийн банкнаас их хэмжээний зээл аваад эргэж төлөхгүй удснаас өр болон хувирч, санхүүгийн гүн хямралд өртөөд байгаа билээ. Б.Эрдэнэбат, Д.Сэргэлэн нар Хаан банкинд 32 тэрбум 146 сая төгрөгийн, Хас банкинд 21 тэрбум 982 сая төгрөгийн, Хөгжлийн банкинд 132 тэрбум 857 сая төгрөгийн өртэй юм.

 

Гэтэл Б.Эрдэнэбатын өр нь нэр дурдсан банкнуудаас гадна бусад аж ахуйн нэгж, компаниудын нэхэмжлэлтэйгээр шүүхэд хөглөрч байгаа аж.

 

Эхнээс нь дурдваас "Цагаан цамхаг" ХХК -д гэрээний үүргийн дагуу 222 сая 226 мянган төгрөг, "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-д эрчим хүчний төлбөрт 74 сая төгрөг, "ДЦС 3" ТӨХК-д дулааны төлбөр 3 тэрбум 178 сая төгрөг, "Синчи ойл" ХХК-д гэрээний үүргийн дагуу 53 сая төгрөг, "Макс  констракшн" ХХК-д барааны төлбөр 80 сая 826 мянган төгрөг, иргэн Д.Батбаярт 14 сая 786 мянган төгрөг, "Сан кредит" ББСБ-д 4 тэрбум 729 сая төгрөг, "Эм Ди Ди" ХХК-д 152 сая төгрөг, "УБЦТС" ХХК-д 43 сая 729 мянган төгрөг, иргэн Ш.Баярсайханд 20 тэрбум төгрөг, гадаадын иргэн Филипп Коренцвитэд 9 тэрбум 721 сая төгрөг гэх мэт өрүүд хуримтлагдаж, хохирогчид шүүхэд хандаад байгаа юм. Эндээс өөрийгөө "үндэсний бүтээн байгуулагч”, "баялаг бүтээгч” мэтээр сурталдаж явдаг энэ хүн бодит байдал дээр өрөөс өр, луйвраас луйврыг дамжин бусдын хөрөнгөөр тоглож, цацаж халгиж иржээ гэмээр дүр төрх харагдана. Үнэнд гүйцэгдэж, өрөнд баригдсандаа улайран галзуурах төрх, үйлдэл үзүүлж буй Б.Эрдэнэбат цаг хожих, аргацаахын тулд элдэв арга сэдэж, шүүх хуулийн байгууллагынханд нөлөөлөх бүхий л аргыг сүвэгчилж яваа ажээ.

 

 

Б.Эрдэнэбат болон түүний гэр бүлийнхний холбогдсон нийт өрийн хэмжээ нь даруй 222 тэрбум 327 сая төгрөгт хүрээд байгаа юм. Эндээс харахад Б.Эрдэнэбат нь төлбөрийн чадваргүй болж Банкны тухай хуульд заагдсан "Нөлөө бүхий хувьцаа эзэмшигчид тавигдах шалгуурыг хангахгүйд хүрсэн" нь тодорхой байна. Хуульд зааснаар бол банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч дараахь шалгуурыг хангасан байна. Үүнд:

 

36.1.2. Эдийн засаг, өмчлөх эрх, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхол, авлига, үндэсний … эсрэг гэмт хэрэг үйлдэж байгаагүй;

 

36.1.3. Санхүүгийн чадавхтай байх, банкны үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхүйц нөхцөл байдал үүсгэхгүй байх;

 

Гэтэл Б.Эрдэнэбат, Д.Сэргэлэн нар нь эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдаад байгаагийн дээр банкны үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхүйц нөхцөл байдал үүсгэчихээд байгаа юм.

 

Монголбанкнаас "Ариг" банкинд томилогдсон Бүрэн эрхт төлөөлөгчдийн зөвлөл энэ нөхцөл байдлыг харгалзан үзэж яаралтай эрсдэлээс сэргийлэх арга хэмжээг авах, ТУЗ-ийг шинээр томилох, хуралдуулах шаардлага үүсэж байна. 2 дугаар сарын 19-нд хуралдахаар товлогдоод байгаа Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар хуримтлагдсан асуудлыг нэг мөр шийдэж, "Ариг" банкийг хэвийн үйл ажиллагаанд оруулах нөхцөлийг хангахыг харилцагчид болон хувь эзэмшигчид хүлээж байна.

Э.Сонор

 
shuud.mn
 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.