- Covid 19 бүртгэгдээгүй Европын ганц орон нь Албани болжээ
- Истанбул-Москва-Улаанбаатар, Истанбул-Улаанбаатар гэсэн хоёр нислэгээр л гэхэд 350 орчим зорчигч ирж, тэднээс нэг хүнийг тусгаарлалтад, найман хүнийг ажиглалтад авчээ
- Хэдийгээр европоос ирэх гаднын зорчигчдод виз олгохгүй байх, нэвтрүүлэхгүй байх хязгаарлалт авахаар болсон ч нэгмөсөн БНСУ, Япон, Эрхүү, Улаан-Үдтэй адил нислэгээ түр зогсоовол илүү үр дүнтэй алхам болох байлаа
Улсын онцгой комисс өчигдөр хуралдахдаа Япон, Солонгос, Эрхүү, Улаан-Үдээс ирэх нислэгийн хоригийг дахин 17 хоног сунгалаа. Өөрөөр хэлбэл, энэ сарын 28-ныг хүртэл сунгасан гэсэн үг. Уг хурлаар Улаанбаатар-Берлин-Улаанбаатар чиглэлийн нислэгийг зогсоох асуудлыг хэлэлцсэн ч тодорхой шийдэлд хүрч чадсангүй. Гэтэл яг өнөөдрийн нөхцөл байдлын хувьд Европоос шууд ирэх нислэгүүд бидэнд хамгийн том аюул учруулж мэдэхээр байна. БНСУ, Япон, Итали, Испани, Герман, Швейцар, Франц зэрэг оронд коронавирусийн халдварын тархалт нэгэнт өндрөө авлаа. Халдвар авагсдын тоо өдөрт зуу зуугаараа нэмэгдэх хэрээр дээрх орнуудаас Монголд ирэгсдийн тоо биднийг айдаст автуулах болов. Манай улс өнөөдөр Берлин, Москва, Истанбул руу шууд нислэг үйлдэн ирж, очдог. Тэгвэл дээрх нислэгүүдээр долоо хоногт багадаа 1000 орчим хүн ирж байна. Япон, Солонгост байгаа монголчууд дээрх дөрвөн чиглэлээр дамжин эх орондоо ирдэг. Мөн АНУ, Канад, Австрали, Их Британи тэргүүтэй орнуудаас ирэгсэд мөн л Берлин, Москва, Истанбулаар дайран "Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд газардаж байна. Өчигдөр л гэхэд Remax Mongolia компанийн 24 ажилтан коронавирусийн тархалт өндөртэй АНУ-г зориод иржээ. Хэдийгээр тэднээс илрээгүй ч тэдэнтэй хамт хуралд оролцсон канад иргэнээс коронавирус илэрсэн. Тэр ч бүү хэл Улаанбаатар-Москвагийн нислэгээр ирсэн Францын нэг иргэнийг тусгаарлав. Өнөөдөр манай улс шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг боломжийн хэмжээнд авч, бэлэн байдалд ажиллаж буйгаараа дэлхийд сайшаагдсан. Гэвч үүнийг сулруулах бус улам чангаруулах хэрэгтэйг эрсдэлтэй тохиолдлууд сануулсаар байна. Хэдийгээр Европоос ирэх гаднын зорчигчдод виз олгохгүй байх, нэвтрүүлэхгүй байх хязгаарлалт авахаар болсон ч нэгмөсөн БНСУ, Япон, Эрхүү, Улаан-Үдтэй адил нислэгээ түр зогсоовол илүү үр дүнтэй алхам болох байлаа. Дээрх дөрвөн чиглэлд нислэгээ цуцлахгүй бол голомтот бүсээс коронавирус тээгчид хэдэн зуугаараа орж ирэхийг үгүйсгэхгүй. Эрүүл мэндийн яамныхан "Коронавирусийн нэг л тохиолдол илэрвэл бид тогтоож барихад хэцүү. Тиймээс болж өгвөл нислэгээ зогсоох хэрэгтэй байна” гэдгийг хэд хоногийн өмнө хийсэн хэвлэлийн хурал дээр онцолж байсан.
Үүнийг коронавирусээс урьдчилан сэргийлэх хамгийн зөв алхам гэдгийг ч хүмүүс хүлээн зөвшөөрсөн байдаг. Москва, Берлин, Москвагаас долоо хоногт 10 онгоц бууж байна. МИАТ-ээс Москва, Берлиний тус бүр хоёр, Аэрофлотын Москва-Улаанбаатар чиглэлийн онгоц дөрвөн удаа, Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоц дөрвөн удаа буудаг хуваарьтай. Тэгвэл дээрх чиглэлээр хамгийн багадаа 1500 орчим зорчигч долоо хоногийн хугацаанд Монголд ирж байгаа юм. Ийм өндөр эрсдэлтэй байхад өнөөдрийг хүртэл нислэгээ цуцлаагүйд олон хүн бухимдаж байна. Өнөөдөр биш юмаа гэхэд маргааш, нөгөөдөр дээрх чиглэлүүдэд нислэг цуцлахад оройтохгүй. Дахин хэлэхэд, БНСУ, Япон, Итали, Франц зэрэг коронавирусийн тархалт өндөртэй орнуудаас Москва-Улаанбаатар, Берлин-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирэх хүмүүсийн тоо огцом нэмэгдсэн бөгөөд энэ нь биднийг эрсдэлд оруулж буйг сануулъя. Бид Итали, Испани, Герман, Франц, Япон, Солонгос шиг өндөр түвшинд бэлтгэгдэж хараахан амжаагүй байна. Өнөөдөр чадлынхаа хэмжээнд коронавирусийг Монгол руу нэвтрүүлэхгүй барьж байгаа ч Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшингийн хэлсэнчлэн байдал тун амаргүй байна. Тиймээс бидэнд өчүүхэн ч тайвшрах эрх байхгүй юм. Истанбул-Москва-Улаанбаатар, Истанбул-Улаанбаатар гэсэн хоёр нислэгээр л гэхэд 350 орчим зорчигч ирж, тэднээс нэг хүнийг тусгаарлалтад, найман хүнийг ажиглалтад авчээ. Цаашид ирсэн хүн бүрийг ажигласаар байх уу.
Коронавирус ба улс орнуудын хариу арга хэмжээ
Коронавирус таван тив дамжин халдварлаж буй энэ үед тархалт өндөр байгаа орнууд зохих арга хэмжээ аваад эхэлжээ. Иран 54 мянган хоригдлоо түр суллаж, БНСУ, Япон, Италиас нислэг хүлээж авахгүй болсон байна. Тэгвэл БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин "Манай улс коронавирустэй дайн зарлаж байна” гэж мэдэгдээд Европын хэд хэдэн орны нислэгийг цуцалж, зарим хотод авах хоригийг чангарууллаа. Харин Италид хамгийн их тархсан Милан, Венецийг бусад хотоос тусгаарлахаар болсон байна. Үндсэндээ 16 сая хүн амьдардаг Италийн хойд хэсгийг тэр чигт нь хорионд байлгахаар болж байгаа юм. Испанийн Засгийн газраас коронавирусийн хамгийн өндөр тархалттай орнууд руу зорчихгүй байхыг анхааруулж, шаардлагатай бол нислэгүүдээ цуцлахад бэлэн байгаагаа мэдэгдсэн. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус "Сэтгэл маш их зовниж байна. Эрүүл мэндийн тогтолцоо муутай орнуудад коронавирус илэрч буй нь миний санааг хамгийн ихээр зовоож байгаа. Өнөөгийн нөхцөл байдал цаашид цар тахлын хэмжээнд хүрч болзошгүй. Бүгд сэрэмж, сонороо алдаж болохгүй. Шаардлагатай бол гадаад, дотоодын урсгалыг сааруулсан ч болно” хэмээн Женевт болсон хэвлэлийн үеэр мэдэгдсэнийг санахад илүүдэхгүй болов уу.
Сэтгэгдэл