Японы Тохокугийн их сургуулийн профессор Мицуо Kаку ийн хэлжээ. Халдварт өвчин судлалаар мэргэшсэн тус улсын шилдэг мэргэжилтнүүдийн нэг гэгддэг Мицуотой хийсэн ярилцлага Майничи Шимбун сонины цахим хуудсанд өнгөрөгч баасан гаригт нийтлэгдсэнийг товчлон хүргэе.
Та коронавирусийн талаар юу мэдэж байгаагаа бидэнтэй хуваалцаач?
Халдварын далд үе 1-12 хоног үргэлжилдэг нь ойлгомжтой байна. Халдвар авсан нийт өвчтөний 80 хувьд хөнгөн хэлбэрийн шинж тэмдгүүд илэрч байгаа. Харин нас барагсдын тухайд нийт өвчтөнүүдийн 3,8 хувиас хэтрэхгүй байгаа нь ажиглагдлаа. Хөгшин настай, эсвэл архаг суурь өвчтэй хүмүүст хүнд хэлбэрийн шинж тэмдэг илэрдэг. Мөн нас барагсдын дийлэнхийг ийм өвчтөнүүд эзэлж байна.
Ерөнхийдөө улирлын томуунаас хамаагүй бага тархалттай ч нас баралтын түвшин энгийн томуунаас өндөр байна гэж хэлж болно. Гэхдээ миний та бүхэнд өгч буй энэ мэдээллүүд өвчин эхэлж дэгдсэн Хятадын жишээн дээрээс үндэслэн хэлж байгаа тоо баримт шүү. Манай Япон улсын хувьд бид мэдээллээ нэг дор цуглуулаад системтэй анализ хийх ажил одоо ид өрнөж байна.
Япон улсын халдварын ерөнхий төлөв байдлыг та хэрхэн харж байна вэ?
Одоогийн байдлаар манай улс халдвар тархалтын эхний шатандаа явж байна. Өнөөдрийн байдлаар илэрсэн тохиолдлын дийлэнх нь бие махбодын ойр хавьтлаар бие биедээ халдаасан тохиолдлууд. Гэхдээ бас амьсгалын замаар алсын зайнаас халдаж байж болзошгүйг анхаарах хэрэгтэй.
Засгийн газраас авч хэрэгжүүлсэн сургуулиудын хичээлийг зогсоох, орон нутгийн зарим зорчих хөдөлгөөнийг хаасан явдал зөв арга хэмжээ болсон гэж та үзэж байна уу. Бусад улс орнууд ч бас адилхан арга хэмжээнүүд авсаар байна. Ингэснээр энэ өвчнөөс сэргийлж чадах уу?
Сургууль, цэцэрлэгийн байшингууд халдвар тархах хамгийн эрсдэлтэй объект яах аргагүй мөн. Ингэж хааснаар цаашид ямар сайн нөлөө үзүүлэхийг одоохондоо хэлж мэдэхгүй ч богино хугацаанд бол энэ нь үр нөлөөтэй арга мөн.
Та коронагийн дэгдэлт хэзээ оргилдоо хүрч, хэзээ дуусахыг хэлж чадах уу?
Энэ асуултад хариулахын тулд SARS-аар жишээ авах хэрэгтэй. SARS 2003 оны 11 сард анх илэрч, тэр оныхоо 3, 4 саруудад оргилдоо хүрч, мөн оныхоо 7 сар гэхэд намжиж байсан. Үүнтэй яг ижилхэн аргачлалаар тооцож үзье л дээ.
Коронавирус өнгөрсөн оны 12 сард илэрсэн. Одоо ид даамжран үргэлжилж байна. Тиймээс миний таамгаар ирэх 4, 5 сард дэгдэлт оргилдоо хүрч, улмаар зуны 8 сар хүртэл ужгиран үргэлжлэх болов уу.
Энэ сарын сүүлч гэхэд вирусийн эсрэг улс орнуудын авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд хэр үр дүнтэй болсныг дүгнэж хэлэх боломжтой болно. Тэр үед л хэр удаан үргэлжлэх өвчин бэ гэдгийг илүү нарийн хэлж болох юм. Одоохондоо цаг эрт байна.
Мэргэжлийн хүнийхээ хувьд цаашид бид юу хийх ёстойг хэлж өгөөч?
Бид бүхэн энэ өвчинтэй анх удаа нүүр тулж байна. Тиймээс бидэнд Ковид-19-ийн талаар мэдэхгүй зүйлс их гарах нь ойлгомжтой. Хамгийн гол нь бид асуудалд шинжлэх ухаанч ул суурьтайгаар хандах ёстой. Судлаачид энэ вирусийг цаашид үргэлжлүүлэн судлах нь дамжиггүй. Үүний тулд илүү их хүч чармайлт тавих ёстой гэдгийг л би өнөөдөртөө хэлж чадна. Дээр нь олон нийтэд худал ташаа биш, үнэн зөв мэдээллийг хүргэх нь хамгийн чухал.
Б.Түвшинбаяр
Эх сурвалж: tusgal.mn
Сэтгэгдэл