Өнгөрсөн намар өндөр ургац хурааж авлаа, дотоодынхоо гурилын хэрэгцээг бүрэн хангалаа гээд манай төр засаг баахан сүржин мэдэгдэл завсар чөлөөгүй хийгээд байгаагүй билүү. Тухайлбал, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан нар газар тариалангийн гол бүс нутаг болох Төв, Сэлэнгэ аймагт тариа хураалтын үеэр ажиллахдаа мөн ч сүртэй мэдээллүүд хийж толгой дээгүүр байсныг ард түмэн мартаагүй байгаа. “420 мянган тонн улаанбуудай хурааж авлаа. 2019-2020 онд дотоодын гурилын хэрэгцээгээ 100 хувь хангалаа” гэж Ч.Улаан сайд тариан талбайгаас мэдээлэл хийгээд л, түүнийг нь зурагтын бүх суваг дамжуулаад л сүйд болж байсан. Дараахан нь Атар газар эзэмшсэний 60 жилийн ойн үеэр Улаан сайд тариаланчиддаа баяр хүргээд гурилын хэрэгцээгээ 100 хувь биелүүлснээ, 420 мянган тонн улаанбуудай хурааж авснаа бас л бахдалтайгаар мэдэгдсэн.
Гэтэл хаврын тэргүүн сар дөнгөж гараад удаагүй байтал, хөл хорионы энэ хүнд бэрх үед Монголын Засгийн газраас “Улсын хэмжээнд 30 орчим мянган га талбайн ургацыг хураан авч чадаагүй. 2020 оны хэрэгцээт гурилаа дотооддоо үйлдвэрлэх, нөөц бүрдүүлэхэд 60 мянган тонн хаврын тариалалтад 15 мянган тонн улаанбуудай дутагдаж байна” гэдгийг хэлээд улаанбуудайн гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлнө гэдгээ албан ёсоор мэдэгдчихлээ.
Мөн оны өмнөхөн баатарлаг бардам байсан Улаан сайд маань “Улсын хэмжээнд нөөц байхгүй. Тиймээс 100 гаруй мянган тонн улаанбуудай гаднаас импортлохоор болсон” гээд улайх ч үгүй сууж байх юм даа. Энэ чинь одоо юу гэсэн үг вэ. “Хорооноо вирус” хорин хувийг нь зооглочихоогүй юм бол зуун хувь хангана гэж завсар чөлөөгүй хэлээд байсан улаанбуудай яахаараа дутдаг байна аа...?
Өнгөрсөн намар худлаа хэлснээ одоо энэ “хорооноо вирус”-ээр далимдуулж цайруулах гээд байна уу даа, янз нь. Улаанбуудай гаднаас импортлох Засгийн газрын тогтоол, мөн нөхөр сайд Ч.Улааны хийсэн мэдэгдэлтэй холбогдуулж тариалан эрхлэгчид Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны гадаа жагссан.
“Манай салбарын сайд хүнсний улаанбуудайн хэрэгцээгээ 100 хувь дотоодоос хангасан гэчихээд ОХУ-аас улаанбуудай импортолно гэж явааг үнэхээр ойлгохгүй байна. ОХУ 2019 оны экспортын квотоо тогтоочихсон. Тийм учраас одоо оруулж ирэх будаа нь хоёр, гурван жил хадгалсан нөөцийн будаа л байгаа. Нэгээс тавдугаар зэргийн хүнсний улаанбуудай биш, үндсэндээ гадны тавдугаар зэргийг тэжээлийн буудайгаар нөөц бүрдүүлэх гэж байна” гэж тариаланчид хэлж байна. Ингэж зүгээр нэг хэлээд зогсохгүй коронавирусийг далимдуулан 160 мянган тонн улаанбуудайн хууль бус тендер зарлаж байгааг, татвар төлөгчдийн 128 тэрбум төгрөгөөр тоглож буйг, улаанбуудай авах нэрээр сонгуулийн санхүүжилт босгож байгаа зэргийг тариаланчид эрс эсэргүүцсэн. Салбарын сайд энэ бүх асуултад хариулт өгөхийг тулган шаардаж, 160 тэрбумын тендерийг даруй зогсоохыг хатуу мэдэгдсэн.
Сүүлийн үед Монголын нийгэмд өрнөж буй энэ байдлаас харахад түрүү жилийн намар өндөр ургац хурааж, дотоодын хэрэгцээгээ бүрэн хангана аа, ард түмэн минь гэдэс цатгалан байх болно гэж Монголын төр болон Улаан сайд та яалт ч үгүй худлаа хэлжээ. Тэгэхээр одоо энэ Засгийн газар, ХААХҮ-ийн яаманд юунд нь үнэмшиж итгэх болж байна вэ. Хүүкийн Засгийн газрын юу нь үнэн, юу нь худал гэдгийг мэдэх арга байна уу, та минь. Нефтийн үйлдвэр, төв цэвэрлэх байгууламж гээд ард түмэндээ амлаж, олон сайдынхаа хар толгойгоор дэнчин тавьсан бүтээн байгуулалтууд байгаа.
Тэд бүгд нь арай ингээд улаанбуудайн үлгэр шиг замхрах юм биш байгаа. Зовох цагт нөхрийн чанар танигддаг гэдэг шиг “хорооноо вирус”-ийн хорио цээрийн энэ нөхцөл байдал Хүрэлсүхийн Засгийн газрын үнэн нүүр царайг илчлээд өгч байгаа юм биш байгаа даа. Махны үнэ нэмэгдвэл Улаан сайдын толгойг авна гэж Ерөнхий сайд хэлсэн. Оны эхэнд Улаан сайд “Би толгойгоо авахуулахгүй” гэдгээ хэлсэн. Махны асуудал дээр толгойтойгоо үлддэг юм байгаа биз. Харин ард түмнээ мөн л идэх хоолоор нь хуурч гэдэс цатгалан байх болно гэж пээдэлзээд байсан сайддаа Ерөнхий сайд хатуухан арга хэмжээ авах цаг нь болжээ. Үндсэндээ хураасан ургацаа худлаа мэдээлж хаврын хариг цагт гаднаас “гахайны тэжээл” авах дээрээ тулаад байгаа ХААХҮ-ийн сайд Ч.Улааныг үүрэгт ажлаас нь огцруулах хэрэгтэй байна. Толгойг нь авч болохгүй нь мэдээж, тэгэхээр эрх мэдэл, албан тушаалыг нь авбал зүйд нийцнэ.
Улаанбуудай бол Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын гол асуудлын нэг мөн. Цар тахал дэлхий нийтийг түгшээж байгаа энэ үед улс орон хилээ хаачихаад мах гурилтай байхад л гэдэс цатгалан байна. Ямар ч айхавтар аюул нүүрлэхэд монголчууд бид тансаг хэрэгцээгээ болиод гэр гэртээ гамбираа хайрч, лавшаагаа хийж идээд суухад айх аюулгүй амь зуучихна гэж хүн болгон бодсон, төр засгаас ч ингэж ухуулж байв. Гурил битгий нөөцөл, тариа сайн авсан, өөрсдөө тээрэмдэж чадна айлтгүй гээд байсан нь худал болж таарав уу. Хүн бүрийн амин хэрэгцээ гурилын асуудал дээр салбарын сайд нь худлаа хэлж, ажлаа сайн хийсэн хүн болж харагдахаар амандаа орсон тоог хэлээд зүгээр нэг шоу хийсэн бол Монголын төр тэр нөхөрт нэн түрүүнд хариуцлага тооцох ёстой. Худлаа мэдээлэл өгч байсныхаа төлөө Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамныхан, газар тариалан хариуцсан мэргэжлийн хүмүүс, за тэгээд Ч.Улаан сайд та Монголын ард түмнээс уучлалт гуйх ёстой.
Улс орныг худал хуурмаг үгээр удирдаж болдоггүй. Ялангуяа ийм эгзэгтэй хүнд цаг үед улайм цайм худалч төр засагтай Монголын ард түмэн бид яаж энэ өвчин зовлонг туулах болж байна. Засгийн газрын энэ олон сайдуудад бүгд Улаан шигээ худлаа мэдээлэл өгдөг юм биш байгаа гэх айдас, үл итгэсэн байдал хүмүүст төрөх нь мэдээж. Өнөөдөр дэлхий нийтээр айдас түгшүүртэй байна. Яг ийм үед гурилын хэрэгцээгээ хангах нөөцгүй боллоо, хавар тариа будаагаа тарих боломжгүй боллоо гэх мэдээлэл айл өрх, хүн бүрт нэмэр дээр нэрмээс болж айхавтар том цочрол өглөө, түгшүүрийн харанга дэлдлээ гэж болно. Гэнэтийн юм гэдэг маш аюултай байдаг. “Хорио цээрийн энэ үед ямар ч байсан бид өлсөхгүй ээ. Ямар азаар өнгөрсөн жил өндөр ургац хурааж авсан юм бэ дээ” гэж сэтгэл хангалуун гэдэс цатгалан байсан монголчуудынхаа урмыг Улаан сайд болон Засгийн газар айхавтар хугаллаа. Уул нь “хорооноо вирус”-ийн цар тахлын энэ үед Монголын төр, төр шиг ажиллаж байна. Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яам, Сарангэрэл сайдад баярлаж байгаа хүн бишгүй. Эрвийх дэрвийхээрээ энэ аюулыг даваад гарах гэж хүн бүр итгэлтэй урам зоригтой байсан. Харин энэ бүгдийг Улаан сайд таны мэдэгдэл үгүй хийчихэж байгаа юм биш үү? Эцэст нь асуухад, улаанбуудайны 20 хувийг “хорооноо вирус” зооглочихсон болж байна уу? Хүмүүс ганц Улаан сайд худал ярьдаг, бусад нь үнэн ярьж байна гэж бодно гэж үү. Энэ сайдууд чинь худлаа ярьдаг юм байна л гэж бодно биз дээ. Тэгэхлээр Шадар сайд, Эрүүл мэндийн сайдууд үнэн ярьж байгаа гэсэн баталгаа байна уу. Ер нь энэ Хүрэлсүхийн Засгийн газар үнэн ярьж байна уу, худлаа улстөржиж хуурч дагуулж гүйсээр байгаад биднийг шавар намагт хутгаад хаячих юм биш биз. Хамгийн удаан төр засагт ажиллаж байсан Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч хүртэл хийж явсан Улаан улайх ч үгүй худал хэлж чадаж байхад бусдад нь итгэх арга бий юү.
Н.Гантулга
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл