Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Ин коронавирусийн тахлын улмаас эдийн засгийн бэрхшээлтэй тулгарсан гэр бүлүүдэд нэг удаагийн мөнгөн тэтгэмж тараахаар төлөвлөж байгаагаа өчигдөр зарласан билээ. Шаардлагатай хөрөнгийг улсын төсөвт нэмж суулгах хуулийг ирэх сард парламентаар батлуулахаар болжээ. Нэг гэр бүлд оногдох тэтгэмжийн мөнгө дээд тал нь нэг сая вон байх бөгөөд Өмнөд Солонгосын айл өрхүүдийн хамгийн өндөр орлоготой топ 30 хувьд багтдаггүй бүх гэр бүлүүд хүртэх юм байна.
Ингэхдээ ам бүлийн тооноос хамаарч мөнгөний хэмжээ өөрчлөгдөнө. Нэг ам бүлтэй айлд 400,000 вон, хоёр ам бүлтэйд 600,000 вон, гурван ам бүлтэйд 800,000 вон, харин дөрвөөс дээш ам бүлтэй айлууд 1,000 воны ($820) тэтгэмж засгийн газраасаа авах ажээ. Уг арга хэмжээнд нийт 14 сая айл өрх хамрагдах тооцоо гарсныг сангийн сайд Хон Нам Ки мэдээлсэн байна.
"Энэ тийм амар шийдвэр байгаагүй. Бид маш олон удаа уулзаж, хэлэлцсэн. Энэ улсын иргэн бүр коронавирусийн тахалд ямар нэг хэмжээгээр нэрвэгдсэн байгаа. Тиймээс иргэн бүр үүнийхээ төлөө тэтгэмж авах эрхтэй гэж бид үзэж байна” гэж Мүүн Жэ Ин мэдэгджээ. Үүнээс өмнө Өмнөд Солонгосын засгийн газар тахалд нэрвэгдсэн улс орныхоо эдийн засгийг тэтгэх 11.7 их наяд воны хөтөлбөр боловсруулж, энэ сарын эхээр парламентаас дэмжлэг аваад байгаа.
Дөрөвдүгээр сарын 15-ны өдөр Өмнөд Солонгост парламентын сонгууль явагдах гэж байна. Сонгуулийн өмнө гаргасан мөнгө тараах шийдвэрийг тус улсын сөрөг хүчний намууд ил тод дэмжихгүй байгаа. Гэхдээ тахлын сөрөг нөлөөг бууруулахад засгийн газар хүчин чармайлт гаргах ёстой гэдэг дээр санал нийлж байгаа тул идэвхтэй эсэргүүцэхгүй байгаа юм.
Коронавирусийн тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах арга хэмжээнүүд нь ерөнхийлөгч Мүүн Жэ Иний рэйтингийг нэлээд өсгөөд байна. Realmeter судалгааны байгууллагаас өчигдөр гаргасан тоо баримтаар иргэдийн 52.6 хувь нь түүний хэрэгжүүлж байгаа арга хэмжээг дэмжсэн нь өмнөх долоо хоногоос 3.3 нэгж хувиар өссөн үзүүлэлт болжээ.
Э.Сэмүүн
Эх сурвалж: Korea Times
Сэтгэгдэл