Нэгдүгээр сараас эхлэн Монгол Улс коронавирусээс урьдчилан сэргийлэхийн тулд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хязгаарлаж, паб, баар, караоке, амралтын газар гэх мэт худалдаа үйлчилгээний газрын ажиллах цагийг багасгасан. Түүнчлэн экспортын орлого буурч, аж ахуйн нэгжүүдийн орлого багасаж, цомхотгол хийж, хаалгаа барьж байгаа юм. МҮХАҮТ-ийн хийсэн судалгаагаар 495 компани сүүлийн сар хүрэхгүй хугацаанд ажлын байрандаа ямар нэгэн цомхотгол хийсэн байна. Тиймээс эдийн засгаа дэмжих, аж ахуйн нэгжүүдийг хүндрэлээс гаргахын тулд долоон төрлийн арга хэмжээ авах шийдвэр гаргаснаар өнгөрсөн баасан гарагт Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцуулсан.
1. Дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл зургаан сарын хугацаанд ААН, компаниудын НДШ-ийг бүрэн тэглэх
2. Дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл мөн зургаан сарын хугацаанд иргэдийн цалин хөлснөөс орлогын албан татвар авахгүй.
3. Дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл 1.5 тэрбум төгрөгөөс доош орлоготой ААН-ийг орлогын албан татвараас бүрэн чөлөөлөх
4. Шинэ коронавирусийн улмаас үйл ажиллагаа нь доголдож, орлого нь буурч байгаа боловч ажлын байрыг хадгалж байгаа хувийн хэвшлийн ААН-үүдийн ажилтан бүрт сар 200 мянган төргөийн урамшуулал олгохоор боллоо. Эл шийдвэр гурван сарын хугацаанд хэрэгжинэ.
5. Дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл малчдаас ноолуур худалдан авах зорилгоор гурван хувийн хүүтэй 300 тэрбум төгрөгийн хөнгөлөлтэй зээлийг үйлдвэрлэгч нарт олгох. Зээлийн зөрүүг Засгийн газар даана.
6. Гурван сарын турш 18 нас хүртэлх насны бүх хүүхдэд сар бүр олгож байгаа 20 мянган төгрөг дээр 10 мянган төгрөг нэмж олгох.
7. Дөрөвдүгээр сарын 15-наас эхлэн шатахууны үнийг литр тутамд нь 300-400 төгрөгөөр буулгах.
Үүнтэй холбогдуулан Нийгмийн даатгалын шимтгэлийг хэрхэн тооцож авдаг болон юунд зарцуулдаг талаарх мэдээллийг хүргэе. Мөн баасан гарагт гарсан энэхүү шийдвэр хэрэгжихээр алдагдалтай ажилладаг бусад сангуудад асуудал үүсэх үү, тэтгэвэр тэтгэмжээ хэрхэн төлөх вэ гэх мэт асуултууд гарч байгаа юм.
42 000 аж ахуйн нэгжийн 679 800 ажилчин НДШ төлсөн
Нийгмийн даатгалын сангийн орлого таван төрлийн даатгалаас бүрддэг. Тэтгэврийн, тэтгэмжийн, эрүүл мэндийн даатгал, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний, ажилгүйдлийн даатгал юм. Энэхүү даатгалын шимтгэл нь нийт 24 хувь буюу ажил олгогчоос 12.5, ажилчнаас 11.5 хувийг нь авдаг юм. Өөрөөр хэлбэл, 1 000 000 төгрөгийн цалинтай хүн түүнээсээ сар бүр нийгмийн даатгалын шимтгэлд 11.5 хувь буюу 115.000 төгрөг төлнө. Мөн түүнийхээ үлдэгдэл 885 000 төгрөгөөс хувь хүний онцгой албан татварын 10 хувь буюу 85 000 төгрөгөө төлөөд гар дээрээ 800 000 төгрөг авна. Харин компаниас нь сая төгрөгийн цалинтай ажилчныхаа 12.5 хувийг буюу 125 000 төгрөг төлнө. Ингэхээр 1 000 000 цалинтай иргэн сард 240 000 төгрөгийн шимтгэл төлдөг гэсэн үг. Хэрэв сарын 800 000 төгрөгийн цалинтай бол түүнээсээ мөн сар бүр нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татвараа төлөөд 637 200 төгрөг гар дээрээ авах юм.
Монгол Улсын хэмжээнд 2019 оны байдлаар нийт 42 000 аж ахуйн нэгж, байгууллагын 679 800 ажилчин нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байна. Ингээд Нийгмийн даатгалын санд 2019 онд 2.8 их наяд төгрөг төвлөрчээ.
НДШ-ийн орлогыг 17 төрлийн үйлчилгээнд зарлагаддаг
Дээрх хэмжээний ажилчин, аж ахуйн нэгжээс авч, Нийгмийн даатгалын санд төвлөрүүлсэн мөнгийг
- Өндөр насны тэтгэвэр
- Тахир дутуугийн тэтгэвэр
- Тэжээгчээ алдсаны тэтгэвэр
- Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж
- Жирэмсний болон амаржсаны тэтгэмж
- Оршуулгын тэтгэмж
- Тахир дутуугийн тэтгэвэр
- Тэжээгчээ алдсаны тэтгэвэр
- Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж
- Хөдөлмөрийн чадвар нөхөн сэргээхтэй холбогдсон төлбөр
- Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас тахир дутуу болсон даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэл
- Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас тахир дутуу болсон даатгуулагчийг сувилах сувиллын газрын даатгуулагчийг сувилахад ногдох тусламж, үйлчилгээний хувьсах зардал
- Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардал
-Ажилгүйдлийн тэтгэмж
- Сургалтын зардал
-Даатгуулагчид үзүүлэх амбулаторийн болон хэвтэн эмчлуулэх тусламж, үйлчилгээний зардал
-Эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх зардал зэрэгт зарцуулдаг.
Өөрөөр хэлбэл, нийгмийн даатгалын шимтгэлээс төвлөрсөн мөнгийг 17 төрлийн үйлчилгээнд зарцуулж байна.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын мэдээллээр нийгмийн халамжийн сангаас 2019 онд 493 300 мянган хүнд 303 800 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгожээ. Нийгмийн халамжийн тэтгэвэрт 2019 онд 60 700 мянган хүн хамрагдсаны 68.2 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 26.0 хувь нь тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхэд, 5.5 хувь нь ахмад настан, 0.2 хувь нь 16 насанд хүрсэн одой иргэн байна. Нийгмийн халамжийн тэтгэмжид 2019 онд 120 100 мянган хүн хамрагдсаны 52.8 хувь нь асаргааны тэтгэмжид, 47.2 хувь нь онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжид хамрагдсан иргэд байна. Хүүхдийн 229.6 тэрбум төгрөгийн мөнгөн тэтгэмжийг 2019 онд 18 хүртэлх насны сая хүүхдэд олгожээ.
НДШ тэглэхээр тэтгэвэр, тэтгэмж, халамжийн мөнгөө яаж өгөх вэ?
Товчхондоо иргэн, аж ахуйн нэгжийн төлсөн нийгмийн даатгалын шимтгэлээр тэтгэвэр, тэтгэмж тэргүүтэй халамжаа олгодог.
Үүнээс гадна гаргасан шийдвэрийн нэг нь орлогын албан татварыг хувь хүний хийгээд аж ахуйн нэгжийг орлогын албан татвараас чөлөөлөх юм. Ийнхүү аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг чөлөөлөхөөр Орон нутгийн төсөв тасалдах эрсдэл бийг зарим эдийн засагчид танилцуулаад байна. Өөрөөр хэлбэл, Орон нутгийн төсөв бүрдэхэд аж ахуйн нэгжийн орлогын албан татвар чухал юм. Өнгөрсөн онд гэхэд Орон нутгийн төсвийн орлогын 43.5 хувийг татварын орлого, 56.5 хувийг татварын бус орлого эзэлж байна. Татварын орлогын 69.2 хувийг орлогын татварын орлого, 12.0 хувийг хөрөнгийн албан татвар, 18.8 хувийг бусад татвар, төлбөр хураамжийн орлого эзэлж байна.
Улсын төсвийн орлогын тухайд 81.7 хувийг татварын орлого бүрдүүлдэг. Татварын нийт орлого өнгөрсөн онд 9.7 их наяд төгрөг болж, өмнөх оноос 1.5 их наяд төгрөгөөр өсөхөд орлогын албан татвар 460.8 тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн.
Ингэхээр “НДШ тэглэхээр тэтгэвэр, тэтгэмж, халамжийн мөнгөө яаж өгөх вэ” , орлогын албан татварыг чөлөөлөхөөр зарим орон нутгийн төсөв хэрхэн бүрдэх вэ гэдэг асуултууд гарна.
Тэгвэл энэ асуултуудад Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Засгийн газраас авч буй долоон төрлийн арга хэмжээг хэрэгжүүлэхэд таван их наяд төгрөгийн санхүүжилтийг хийнэ. Монгол айл бүрт хадгалмж, хуримтлал байдаг шүү дээ. Түүнтэй ижилхэн Монгол Улсад ч санхүүгийн нөөц, хуримтлал бий. Тэр хуримтлалаараа энэхүү таван их наяд төгрөгийн санхүүжилтийг хийж байгаа юм” гэсэн юм. Товчхондоо тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө, эрүүл мэндийн үнэгүй үйлчилгээ, эмийн хөнгөлөлт гэх мэтийг иргэн, аж ахуйн нэгжээс авсан НДШ-ээр бус улсаас мөнгө гарган зургаан сарын турш өгөх аж. Түүнчлэн зарим орон нутгийн төсөвт дутах орлогын татварыг ч Ерөнхий сайдын хэлснээр улсын хуримтлалаас гаргах гэнэ.
EХ СУРВАЛЖ: EAGLE.MN
Сэтгэгдэл