Малайзад хохирсон монгол эмэгтэйчүүдэд хуулийн фирм туслахаар болжээ


Өнгөрсөн долоо хоногт Малайз улсын Петалинг Жаяа хотод Монгол Улсын иргэн хоёр эмэгтэй цагдаагийн албан хаагчид хүчиндүүлсэн хэрэг гарсан билээ.

20 ба 33 настай хоёр эмэгтэйг зочид буудалд 24 цагийн турш хорьж, хүчиндсэн 30 настай цагдаагийн ажилтныг Малайзын цагдаагийн газар Бямба гарагийн орой баривчлаад шалгаж байгаа юм. 

Тэгвэл Малайз улс дахь Монгол Улсын өргөмжит консул Рейнольдс Аугустин хохирогч эмэгтэйчүүдэд туслуулахаар Thomas Philip Advocates & Solicitors хуулийн фирмийг хөлсөлсөн тухай тус фирмийн төлөөлөгч өчигдөр мэдээлжээ. Хуулийн фирм хохирогч болсон хоёр эмэгтэйгээс гадна гэмт хэргийг цагдаад анх мэдэгдсэн өөр гурван монгол эмэгтэйд хууль эрх зүйн тусламж үзүүлэхээр болсон байна. Зөвхөн хууль эрх зүйн туслалцаа үзүүлэхээс гадна олон улсын нислэг нээгдмэгц таван эмэгтэйг нутаг буцахад нь туслахаар болжээ.

“Монгол Улсын консулын нэрийн өмнөөс түргэн шуурхай, ил тод байдлаар асуудлыг шалгаж байгаа Малайзын цагдаад талархал илэрхийлмээр байна. Мөн хохирогчдын хувийн мэдээлэлд хүндэтгэлтэй хандаж, тэдний гэрэл зургийг онлайн орчинд тараахгүй байхыг олон нийтээс уриалж байна” гэж фирмийн үүсгэн байгуулагч Мэтью Томас Филип мэдэгджээ.

Урьдчилсан мөрдлөгөөр хохирогч эмэгтэйчүүд визний зөрчилтэй, ёс бус үйл ажиллагаа явуулж байсныг тогтоосон байна. Гэмт хэргийг үйлдсэн цагдаагийн ажилтныг дөрөвдүгээр сарын 12-ноос эхлэн тав хоног саатуулж, Малайзын эрүүгийн хуулийн дагуу хүчингийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

Э.Сэмүүн 

Эх сурвалж: The Star Malaysia


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.