АТГ-аас Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал Ч.Энхбатыг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад зээл олгож, улсад их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр яллагдагчаар татан шалгаж эхэлжээ. Түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2-т зааснаар яллагдагчаар татан эрүүгийн хэрэг үүсгээд байгааг албаны эх сурвалж онцолж байлаа. Түүнчлэн Ч.Энхбатад хилийн хориг тавиад байна.
Уг хэрэгтэй холбоотойгоор тэрбээр өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт Хөгжлийн банкны тэргүүн дэд захирлын үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн байна. Ч.Энхбатыг ажлаа өгсөнтэй холбоотойгоор Засгийн газраас Хөгжлийн банкны удирдлагуудыг ажлаас нь халж, шинэ хүмүүсийг томилж эхэлжээ. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банк өнгөрсөн долоо хоногоос бужигнаж, шинэ дарга нар үүрэгт ажлаа хүлээж авсан байна.
Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал Ч.Энхбатыг АТГ-аас энэ сарын 14-ний өдрөөс яллагдагчаар татан шалгаж эхэлсэн байна. Түүнийг ийн шалгах болсон шалтгаан нь Ч.Энхбат “Газ-Импорт” гэх компанид Банкны тухай хууль зөрчиж, их хэмжээний зээл удаа дараа олгосон гэнэ. Тус компанитай хамгийн сүүлд л гэхэд гурван жилийн хугацаанд хаягдал батарейг дахин боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийг зөөвөрлөх тээврийн зардал, тээврийн хэрэгсэл худалдан авах ажиллагааг санхүүжүүлэх зорилготой гэх 228.758.169.93 иенийг жилийн 6.89 хувийн хүүтэй зээлэх гэрээ байгуулсан байна. Энэхүү зээлийг авахдаа “Газ-Импорт” компани өмнө нь авсан зээлийн зарцуулалтын баримтаа гаргаж өгөөгүй байсан аж.
Тодруулбал, тус компанид Ч.Энхбат нь 2018 оны нэгдүгээр сард 250 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний иен, мөн түүнээс сар гаруйн хугацааны дараа 900 гаруй мянган ам.доллар, 2018 оны есдүгээр сард 197 мянган ам.долларын зээл олгож байжээ. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд 223 сая гаруй иен буюу 4.8 тэрбум төгрөгийн зээлийг “Газ-Импорт” ХХК-д эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж олгосон гэгдэж байгаа юм.
АТГ-аас Ч.Энхбатыг “Газ-Импорт” ХХК өмнө нь авсан зээлүүдийнхээ зарцуулалтын баримтыг гаргаж өгөөгүй байхад ямар үндэслэл, журмаар дахин дахин зээл олгосон бэ гэдгийг шалгаж байна. Дээрх хэрэгт тэргүүн дэд захирал асан Ч.Энхбатаас гадна Хөгжлийн банкны газар, хэлтсийн дарга нарыг шалгаж байгаа аж. Мөн “Газ-Импорт” ХХК-ийн захиралд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
ЭХ СУРВАЛЖ: С.БОЛД, Npost.mn
Сэтгэгдэл