Найман удаа МАХН-д “гологдсон” О.Баасанхүү Н.Энхбаярыг орхилоо


УИХ-ын гишүүн О.Баасанхүү МАХН-ын дарга Н.Энхбаяраас явж байгаагаа ингэж тайлбарласан ч түүнийг энэ удаагийн УИХ-ын ээлжит сонгуульд АН-аас нэр дэвшинэ гэх мэдээлэл ч бий 

МАХН-ын дарга Н.Энхбаярын өмгөөлөгчөөр ажиллаж байсан О.Баасанхүү тухайн үед үйлчлүүлэгчийнхээ дэмжлэгтэйгээр УИХ-ын гишүүн болсон ч хоёр дахь удаагаа сонгогдохдоо өөрийнхөө хүч, хөдөлмөр хийгээд намынхаа дэмжлэгтэйгээр парламентын гишүүнээр сонгогдсон. Өнөөгийн парламентад МАХН-аа төлөөлж цорын ганц суудлыг авчирсан О.Баасанхүү өнгөрсөн хугацаанд нам гэхээсээ илүүтэй хувь улстөрчийнхөө үзэл бодлыг түлхүү илэрхийлж иржээ.

Нөгөө талаараа намын дарга Н.Энхбаяртайгаа хүртэл эв түнжин хагарч, байсхийгээд л намаасаа гарах эсэх асуудлыг хөнддөг болсон. Тэр нэг бус удаа хэвлэлд МАХН-ыг "Нэг хүний нам боллоо, намаасаа гарсан ч яах вэ” гэх утга бүхий ярилцлагыг өгч, байр сууриа илэрхийлж байв.

Энэ мэтээр намаа "голж” явсан О.Баасанхүүг нам нь найман удаа голж байсан байх юм. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн О.Баасанхүүг намаасаа хөөсөн гэдгийг Н.Энхбаярын талынхан өнгөрсөн хугацаанд найман удаа мэдэгдсэн бол эсрэгээрээ О.Баасанхүү гишүүн намаасаа гараагүй, МАХН-ын гишүүн хэвээрээ гэдгээ ч мөн адил найман удаа илэрхийлж байжээ.

Тэгвэл найман удаа намдаа "гологдсон” О.Баасанхүү намаасаа гарч, Н.Энхбаяр даргыгаа орхиж байгаагаа өчигдөрхөн мэдэгдлээ.

Тэрбээр МАХН-ын дарга Н.Энхбаярт намаасаа гарах өргөдлөө өгчээ. Энэ тухайгаа УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Өнгөрсөн 2017 онд намайг МАХН-аас хөөсөн талаар мэдэгдэл хийсэн. Үүнийг хүлээн зөвшөөрч болохгүй хоёр шалтгаан байсан. Нэгдүгээрт, нам гишүүнээ хөөх заалт байхгүй. Хоёрдугаарт, МАХН-д 114 мянган хүн санал өгсөн, тэр дундаа Орхон аймгийн 47 дугаар тойрог буюу 4222 иргэн санал өгч, МАХН-аас О.Баасанхүүг сонгосон. Тиймээс дөрвөн жил МАХН-ыг суудалтай байлгах нь миний үүрэг. Намайг намаасаа хөөсөн гээд сонгогчдынхоо итгэлийг хөсөр хаяж болохгүй. Харин одоо намуудын мөрийн хөтөлбөр засагдаж, нэр дэвших нь тодорхой болсон тул эдгээр сонгогч надад гомдохгүй байх” гэж тайлбарласан юм.

Хэдийгээр УИХ-ын гишүүн О.Баасанхүү МАХН-ын дарга Н.Энхбаяраас явж байгаагаа ингэж тайлбарласан ч түүнийг энэ удаагийн УИХ-ын ээлжит сонгуульд АН-аас нэр дэвшинэ гэх мэдээлэл ч бий. Үүнийг батлах гэсэн шиг тэрбээр өчигдөр АН-ынхантай төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж яваа харагдав. Тэгээд ч тэр намаасаа гарч, УИХ дахь АН-ын зөвлөлд орж ажиллахаар болсон тухайгаа мэдэгдсэн билээ.  

Б.Төрбат 

Эх сурвалж: Zindaa.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.