Сүүлчийн үлэг гүрвэлүүдтэй зэрэгцэн амьдарч байсан хөхтөн амьтны олдворыг Мадагаскар арлаас илрүүлснээ хэсэг эрдэмтэд зарлажээ. 66 сая жилийн настай олдворын тухай дэлгэрэнгүй мэдээлэл өчигдөр шинжлэх ухааны “Nature” сэтгүүлд нийтлэгдсэн юм. Тухайн үед дэлхийг эзэрхэж байсан үлэг гүрвэлүүдээс нуугдаж амьдрахын тулд хөхтөн амьтад хулганаас томгүй овор хэмжээтэй байсан гэж эрдэмтэд өмнө нь төсөөлдөг байв. Харин шинээр олдсон амьтан нь харьцангуй том биетэй буюу гэрийн муурны хэмжээтэй байжээ.
Олдворын биеийн жин амьд үедээ 3 кг орчим байсныг тогтоосон байна. Гэхдээ энэ нь нас биед хүрээгүй байх үеийн хэмжээ гэж эрдэмтэд дүгнэжээ. Дорго маягийн энэ амьтан газар нүхэлж амьдардаг байсан нь үлэг гүрвэлүүдийн хоол болохоос хамгаалдаг байсан тул ийм том биетэй болсон гэж бас дүгнэсэн байна.
Шинэ олдвор нь өнөөдрийн маш олон төрөл зүйлийн хөхтөн амьтдын үүсэл, хөгжлийг судлахад чухал хувь нэмэр болох гэнэ. Уг амьтныг “Adalatherium” нэрээр шинжлэх ухаанд бүртгэсэн нь малагаси, грек хэлээр “үлэмж биет адгуус” гэсэн утгатай ажээ. Шинэ нээлт нь хөхтөн амьтны үүсэл хөгжлийн тухай өнөөдрийн олон онолыг өөрчлөхөөр байгаа тухай судалгааг ахалсан Денвер хотын Байгалийн Шинжлэх Ухааны музейн эрдэмтэн Дэвид Краус ярьж байна.
Р.Төмөр
Эх сурвалж: BBC
Сэтгэгдэл