Амташсан гишүүдийг ахин сонгох сонирхол алга


 

Амташсан гишүүдийг ахин сонгох сонирхол алга

 

  • Монголын улс төрийн түүхэнд парламентын гишүүнээр гурав ба түүнээс дээш сонгогдсон 30 гаруй хүн нэр дэвшихээр улангасч байна
  • Парламентыг гэмт үйлдлээ хаацайлах албан тушаал, хөрөнгөө арвижуулах боломж мэтээр хардаг увайгүй, арчаагүй үйлдэл чинь та нарыг шуналын тулам болгож харагдуулаад байна2020 оны УИХ-ын сонгуулийг шинэ залуу улстөрчдийг дэмжих онцлогтой хэмээн тодорхойлж байгаа ч хөгшчүүд "хөмхийгөө зуух” нь улам бүр тодорхой болсоор байна. Мэдлэг, чадвартай залууст "хөгшин бурхинууд” зайгаа тавьж өгөх сонирхолгүй байгааг харуулсан тод жишээ өчигдөрхөн МАН-д өрнөсөн үйл явдлаас илэрхий. МАН-ын гишүүн, залуу хуульч Д.Мөнх-Эрдэнэ энэ удаагийн сонгуульд Сүхбаатар дүүрэгт нэр дэвшихээр зорьж байсан ч "хөгшин бурхи” Ц.Мөнх-Оргил нэр дэвшихээр улайрснаас намын батлахаа буцаахад хүргэлээ. Цаашид ч ийм хогийн явдал бишгүй гарах нь ойлгомжтой. Ц.Мөнх-Оргилын адил залууст "шавар хааж” төрийн сэнтийд улирахаар зүтгэж буй хөгшчүүд цөөнгүй бий. Түмний итгэлийг ашиглан төрийн сэнтийд удаа дараа сонгогдож амташчихаад олон нийтэд нүд үзүүрлэгддэг хүн олон. 

Долоон удаа сонгогдсон Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан нараас эхлээд тав сонгогдсон Ө.Энхтүвшин, Н.Энхболд, дөрөв "нахисан” Ч.Улаан, М.Энхболд, Б.Бат-Эрдэнэ, Л.Болд, Сү.Батболд, Д.Тэрбишдагва, С.Баярцогт гээд хөвөрнө. Төрийн бодлого тодорхойлох дээд байгууллагад эдгээр гишүүн бүгд улиран сонгогдсон. Тэдний дунд төрөөс төрсөн баян, төслөөр бизнесээ өргөжүүлсэн бийлэгжүү хүмүүс олон бий. Харин тэднийг төрийн түшээгээр ажилласан он жилүүдэд монголчуудын амьдрал хэрхэн дээшилсэн бэ гэвэл сайнаар дурсагдахаас саар нь их байна. Олон боломжоос хоцорч, үр дүнгээс хазайсан тухай наад захын залуу гомдол мэдүүлэх болсон. Эхнээсээ ч ил тод гомдоллож улс төрийн орон зайгаа "бэдэрч” байна. Гэтэл төрийн толгойд 30 жил даналзсан Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, 20 жилийг өнгөрөөсөн Ө.Энхтүвшин, Н.Энхболд, 16 жил улирсан Ч.Улаан, М.Энх болд, Б.Бат-Эрдэнэ, Л.Болд, С.Батболд, Д.Тэрбишдагва, С.Баяр цогт нар алдаа бүхний хариуцлагыг үүрч зай болохын оронд дахин сонгогдохоор горилж байгаа нь тун ичмээр. 

Зарим нь итгэлийг молигоор хариулж тойрог сэлгэн займчиж, гишүүний батлах өвөртлөхөөр гудиггүй авирлаж байгаа нь бүр ч гутамшигтай. Хорь, гучин жил ярьснаа тоть шиг давтаж, өөрийгөө тогос шиг "гоёод” сонгууль хүлээж суугаа зарим нэгийг нь зүйрлэж хэлэх муу үг үнэндээ олдохгүй юм. Тэднээс шинэ санаачилга, дорвитой өөрчлөлт хүлээгээд ч хэрэггүйг удаа дараа харуулсан.Тиймгүй бол ард түмний жаргалын магнай хагарч, цэнгэлийн манлайд хүрсэн байх бус уу. Ард түмнээ жаргааж чадаагүйн хариуцлага өнгөрсөн 12 жилийн хугацаанд гурван удаа улиран сонгогдсон улстөрчдөд ч хамаатай. Монголын хөгжлийг нэгэн жарнаар хэмжвэл 12 жил буюу нэг мөчлөгт төр барилцсан улстөрчдөд энэ хамаатай. 2008 оноос хойш төрийн эрх барих дээд байгууллагад дараалан суусан Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар, С.Бямбацогт, Ц.Даваасүрэн, Д.Хаянхярваа, Х.Наранхүү, Ж.Энхбаяр, Д.Оюунхорол, С.Эрдэнэ, Ц.Мөнх-Оргил нар ах нарынхаа "амташсан хэрээ 13 дахидаг үлгэрээр” замнаж яваа хүмүүс. 

Төрийн эрх барьж, эсрэгцэж, эвлэлдэж явсан тэдгээр хүмүүстэй монголчуудын өнгөрсөн 12 жилийн амьдрал бүр ч их хамаатай. Өнөөдөр шүүмжлэл дагуулж, шударга ёсноос гажуудсан олон үйл явдал олон удаа сонгогдсон улстөрчдийн олхиогүйгээс болсон хэрэг. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний алдаа, Таван толгойн ордын бүтээн байгуулалтыг гацаасан шийдвэр, "Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалсан дуулиан гээд улсын хөгжлөөс гажуудсан, урагшлах ажлыг гацаасан, хувийн хэвшлийнхнийг элгээр нь мөлхүүлж Монгол Улсыг хар жаг саалтад оруулсан бүхэнд дээрх хүмүүс хамаатайн хувьд хариуцлага хүлээх нь шударга ёсонд нийцэх байлаа. Гэвч тэд дахин сонгогдохоор "одоо яг жаргаана” гэсэн олиггүй үгээ бэл дэцгээж байна. 

УИХ-д улиран сонгогдохдоо тойргийн иргэдийн, нийт монголчуудын төлөө сайн сайхныг хийж чадаагүй бол тэднийг дөрөв, тав, зургаа бүр найм дахь удаагаа итгэж сонгох нь арай л тэнэглэл мэт санагдана. УИХ-ын гишүүн болохын гол зорилгыг улсаа хөгжүүлэх, түмнээ жаргаах бус гэмт үйлдлээ хаацайлах хамгаалагдсан албан тушаал, хөрөнгөө арвижуулах боломж мэтээр хардаг увайгүй арчаагүй үйлдэл чинь та нарыг шуналын тулам болгож харагдуулаад байна. Төрд хэрэгтэй "зайран” байлаа ч шуналд хязгаар гэж бий. Шуналыг ёс зүйгээр хазаарладаг нь хүн төрөлхтний ёс. Гэвч манай хөгшин улстөрчдөд ёс зүй, хүн чанарын хэлтэрхий үлдээгүй нь харамсалтай. Төрийн зөөлөн сэнтийг амьдрах аргаа болгохын оронд туршлага, ур чадвараа залуустаа өвлүүлж, зөвлөж туслах нь амттай, нэр хүндтэй баймаарсан. Өнөөдөр УИХ-ын гишүүний сэнтийд залрахаар гурав ба түүнээс дээш удаа сонгогдсон 30 гаруй хүн нэр дэвшиж байна. Тэдний хэд нь түмний төлөө чөмгөө дундалсан төрийн түшээ вэ гэдгийг энэ сонгууль харуулаад өгөх биз ээ.

 
Засгийн газрын мэдээ


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.