‘Тооноор орж’ ирсэн нэр дэвшигчид


Нам, эвслүүд нэр дэвшигчидээ тодруулахад гомдож үлдсэн нь цөөнгүй. Учир нь улс төрийн намын хоёр гол хүчин болох МАН, АН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр дөрвөн жилийн турш “тойргоо усалсан”, далд сурталчилгаа эхэлсэн, намдаа хандив өгсөн гээд тэр бүү хэл олон жил намдаа зүтгэсэн хүмүүс ч нэр дэвшиж чадалгүй үлдэв. 

Нэр дэвшихээр горилж намдаа, тойрогтоо ажиллаж байсан хүмүүсийн оронд хоёр том нам “шинэ” хүмүүс дэвшүүлэхээр болов. Парламентад олонхи болохын тулд МАН, АН-д нэг суудал ч үнэтэй. Намууд нийгэмд эерэг харагдахын тулд эерэг имжтэй хүмүүсийг нэр дэвшүүлэх шийдвэр гарсан. МАН, АН-аас нэр дэвшихийн тулд намдаа олон жил ажиллаж, намын шат шатны байгууллагад ажиллан олон жил зүтгэж байж нэр дэвших эрхээ олж авдаг. Үүнийг улс төрийн хүрээнд “шатаар өгсөх” гэж ярьдаг. Гэтэл нөгөө талаар эерэг имжгүй ч хоёр том намаас нэр дэвшихээр гэнэт гарч ирсэн “тооноор орж ирсэн”, “крандуулсан” хүмүүс цөөнгүй бий.

Энэ Их хурлын сонгуульд хоёр том намын “тооноор орж” нэр дэвшихээр болсон хүмүүс олон. Тухайлбал, Х.Ганхуяг Ардчилсан намаас нэр дэвшинэ гэж байсан ч нэр дэвшигч тодруулах мөчид Баянгол дүүрэгт МАН-аас нэр дэвшигчдийн нэг болов. Хамгийн сонирхолтой нь тэрээр АН-аас нэр дэвшинэ гэж байсан ч гэнэт л МАН-аас нэр дэвшихээр болсон. Үүний өмнө тэрээр өнгөрсөн сарын 7-нд хэвлэлийн хурал хийж АН-аас нэр дэвшихээр 60,100 саяын хандив өгсөн хүмүүсийн нэрийг ил болгосон. Энэ нь ч түүнд МАН-аас нэр дэвших “мандат авчирсан” биз ээ. АН-аас Эрчим хүчний дэд сайд асан Ө.Пүрэвбаатарын хүү Мөнхтулга Архангай аймагт нэр дэвшлээ.

АН-д өмнө нь байгаагүй тэрээр аавынхаа үүсгэн байгуулсан “Хөх чоно” группийн гүйцэтгэх захирлаар ажилладаг. 30 нас хүрч буй тэрээр гэнэт л АН-аас нэр дэвших хүмүүсийн жагсаалтад орж ирсэн. Мөн МАХН-аас нэр дэвшин сонгогдсон О.Баасанхүү ч гэнэт АН-д элсч Орхон аймагт нэр дэвшихээр болов. Бие даан нэр дэвшин сонгогдсон УИХ-ын гишүүн С.Жавлхан ч АН-д элсч Увс аймагт нэр дэвшихээр болов. Неткапитал компанийн зөвлөх Д.Алтангэрэл ч АН-аас мандат аван Дорноговь аймагт нэр дэвшихээр болсон. Тэрээр мөн л АН-д болон улс төрд “тооноор орж” ирж буй шинэ хүн. Энэ мэт зарчим, үзэл бодолдоо үнэнч байж чадаагүй, мандат авахын тулд хэнтэй ч эвсэж чадахаар нэр дэвшигчид, улс төрчид олон бий. 

Л.Одончимэг 

Эх сурвалж: Itoim.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.