Коронавирус Монголын эдийн засгийг 10.7 хувиар УНАГАЛАА


Коронавирус Монголын эдийн засгийг 10.7 хувиар УНАГАЛАА

 

ОУВС-гийн сүүлийн тооцооллоор Монгол  Улсын эдийн засаг энэ онд нэг хувиар агшина гэсэн таамаглал бий. Тэгвэл Үндэсний статистикийн хорооны мэдээллээр  2020 оны эхний улирлын байдлаар Монгол Улсын Дотоодын нийт бүтээгдэхүүн өмнөх оны мөн үеэс 10.7 хувиар агшжээ. Энэ бол бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчид, эдийн засагчид, шинжээчдийн таамгаас давсан үзүүлэлт юм.

Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөөр тооцсон эдийн засгийн өсөлт иргэдийн амьдралын чанарыг харуулсан үзүүлэлт биш гэдгийг бид бүхэн ярьдаг.

Хэдий тийм ч коронавируснээс хамааран эдийн засгийн салбарууд уналтад орж байгаа ийм үед  эдийн засгийн үйл ажиллагааны салбарын идэвхжилийг илэрхийлдэг Дотоодын нийт бүтээгдэхүүний агшилт бодит нөхцөл байдлыг харуулж байна. 

 

Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа хэлэхдээ "Дотоодын нийт бүтээгдэхүүнийг НҮБ-ын Статистикийн комиссоор баталсан, олон улсын аргачлалын дагуу гурван аргаар тооцож гаргадаг. Гурван аргаар тооцохын давуу тал нь илүү нарийвчлах, хооронд нь уялдаа холбоотой байлгах, алдаагүй тооцсон гэдгээ хянах боломжийг бас өгдөг. Гэхдээ эдийн засгийн хэмжээг тооцох гурван  арга нь зөвхөн тооцоогоо хянах төдийгүй эдийн засгийн хөгжлийн түргэсгэх, зөв залах, хөгжлийн загварыг тодорхойлох зэргээр өргөн ашиглагддаг. Өөрөөр хэлбэл, Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг үйлдвэрлэлийн аргаар тооцохдоо буруу тооцсон байна уу гэдгээ шалгах боломж бүрдэж байгаа юм. Түүнчлэн хэрэглээн дээр эсвэл орлого дээр дутуу тооцсон байна уу гэдгээ хянах боломжтой. Эцсийн ашиглалтын арга, орлогын аргаар тооцоод,  уялдуулж шалгадаг гэсэн үг.  Гурван тооцоогоо баланслуулж, "Нөөц ашигласны хүснэгт”-ийг гаргадаг. Тэгж байж манай Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ зөв гарч байна уу гэдгээ  тогтоодог” гэж байсан юм.

Тэгвэл ингэж тооцсоны дагуу Монгол Улсын эдийн засаг 10.7 хувиар урууджээ.

Нэг талаас, коронавируснээс шалтгаалсан эдийн засгийн  хямралт нөхцөл байдал  буюу шинэ шокийг таних, түүнд хариу үйлдэл үзүүлэх, дасан зохицсон маягийн тохируулга бодлого хэрэгжүүлэхэд цаг хугацаа шаардана гэдгийг бол эдийн засагчид хэлж байсан ч ДНБ энэ хэмжээнд хүрч уруудна гэж тооцоолол бол таараагүй.

Сануулахад, Монголбанкны Мөнгөний бодлогын газрын Мөнгөний бодлого, төсөөллийн хэлтсийн захирал Н.Ургамалсувд коронавируснээс шалтгаалсан өндөржүүлсэн бэлэн байдал эдийн засгийн өсөлтийн төсөөлөлд хэрхэн нөлөөлөх талаар  дөрөвдүгээр сарын 14-нд байр сууриа илэрхийлэхдээ  "Бид шокоо бүрэн хэмжээнд таниагүй байгаа. Тэгэхээр төсөөллийг шинэчлэхийн тулд шокоо бүрэн хэмжээгээр, тоо хэмжээгээр илэрхийлэх шаардлагатай болно. Одоогийн мэдээллүүдэд суурилаад, хамгийн багадаа ямар нөлөө үзүүлэх вэ,  хамгийн ихдээ ямар нөлөө үзүүлэх вэ гэдгийг харахаар таны хэлсэнчлэн эдийн засгийн өсөлт хамгийн муугаар бодоход 2.3-2.5 хувь хүртэл буурахаар байгаа. Хамгийн сайнаар төсөөлөхөд эдийн засгийн өсөлт бидний өмнө нь төсөөлж байснаас 1 нэгж хувиар буурч, 4.1-4.2 орчимд хүрэхээр төсөөлсөн. Бодит амьдрал хамгийн муу болон хамгийн сайн төсөөллүүдийн дундуур, хаа нэг хэсэгт л тусах болов уу” гэж байв.

Үндэсний статистикийн хорооны тооцооллоор Дотоодын нийт бүтээгдэхүүн  10.7 хувиар агшихад уул уурхай, олборлолтын салбарын нэмэгдэл өртөг 269.2  тэрбум төгрөгөөр, үйлчилгээний салбарын нэмэгдэл өртөг 114.9 тэрбум төгрөгөөр буурсан нь голлон нөлөөлжээ.

Тэгэхээр эдийн засгийн агшилтын 2/3  нь уул уурхайгаас, 1/3 нь үйлчилгээний салбарын үйл ажиллагаа зогссоноос шалтгаалжээ.

Дөрөвдүгээр сарын тухайд манай улс 337.8 сая ам.долларын экспорт, 424.8 сая ам.долларын импорт хийсэн. Энэ нь өмнөх гуравдугаар сартай харьцуулахад экспорт  27.4 хувь, импорт 3.2 хувиар өссөн үзүүлэлт юм. Хэдий тийм ч зарим нэр төрлийн барааны экспорт, импортын гүйцэтгэл өмнөх оны мөн үеэс  дараах байдлаар буурсан байдалтай байгаа.

Цаашлаад эдийн засгийн төлөвт сөргөөр нөлөөлөх  гол эрсдэл нь коронавирус хэвээрээ байна. Цар тахал идэвхтэй тархсан хэвээрээ байвал дэлхийн эдийн засгийн өсөлт огцом саарах, эрдэс бүтээгдэхүүний үнэ буурах, улмаар манай улсын гадаад дотоод эрэлт татарч, эдийн засгийн өсөлтийг төсөөллөөс муутгах эрсдэл үүсч болзошгүй. Үүний зэрэгцээ хөл хорионы дэглэм цаашид удаан хугацаанд үргэлжилбэл худалдаа, үйлчилгээ, барилга, боловсруулах, тээврийн салбаруудын үйлдвэрлэл эрс муудах эрсдэлийг үүсгэнэ гэдгийг Төв банкны инфляцын тайланд дурдсан байна.

Ер нь бол коронавирусний улмаас эдийн засаг багагүй хэмжээнд агшина гэдгийг оны эхний улирлын байдлаарх статистик харуулж байсан. Оны эхний улирлын байдлаар эдийн засгийн салбарын үзүүлэлтүүд хэдэн хувиар уруудсаныг энд  тодотгоё.

 

  • Улсын нэгдсэн төсвийн орлого 8.6 хувиар
  • Экспорт 41.5 хувиар
  • Импорт 9.7 хувиар
  • Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 19.9 хувь, тэр дундаа уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 29.8 хувиар
  • Бүх төрлийн тээврээр тээсэн ачаа 33.4 хувиар, зорчигч 31.4 хувиар
  • Жуулчдын тоо 51.6 хувиар
  • Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 10.8 хувиар урууджээ.
  • Харин нийт хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 25.9 хувиар
  • Улсын нэгдсэн төсвийн зарлага 19.3 хувиар
  • Үйл ажиллагаа явуулаагүй хуулийн этгээдийн тоо 9.9 хувиар тус тус өссөн байгаа юм.

 

Эхэнд хэлсэнчлэн Дотоодын нийт бүтээгдэхүүний энэ удаагийн агшилт иргэдийн амьдралын чанарын үзүүлэлттэй шууд холбогдоно гэдгийг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас хийсэн судалгаатай холбож харж болох юм.  Эдийн засаг агшихад уул уурхайн салбараас гадна үйлчилгээний салбарын орлого буурсан нь голлон  нөлөөлсөн. 

Тэгвэл коронавирусээс сэргийлэх арга хэмжээний  ажлын байранд үзүүлж буй нөлөөллийг тодруулах судалгааг МҮХАҮТ-аас  1504 аж ахуйн нэгжийг хамруулан хийхэд худалдаа, хөнгөн ба хүнсний үйлдвэрлэл, боловсрол, аялал жуулчлал, зочид буудал нийтийн хоол, үйлчилгээний салбаруудын үйл ажиллагаанд доголдол үүсэж, ажлын байраа хадгалахад хүнд байгааг  илэрхийлсэн байдаг.

Цаашид нөхцөл байдал үүнээс ч муудах эрсдэл бий. Ер нь бол эдийн засгийн аливаа   хямралын дараа нөхцөл байдал зөөлөрч, эдийн засагт шинэ боломжууд бий болж, сэргэлт ирдэг ч энэ удаагийн коронавируснээс хамаарсан дэлхийн эдийн засгийн хямралт байдал хэзээ илаарших вэ гэдэг асуултын хариу нь уламжлалт бодлогын арга хэрэгслүүдээс гадна цаг алдахгүй шуурхай арга хэмжээ авахыг шаардаж буй юм. 

https://zindaa.mn/38mo

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.