Парламентын сонгуулиар хэнийг Ерөнхий сайд болгохоо давхар шийднэ


Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт тавдугаар сарын 25-наас хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээр монголчууд засаглалын цоо шинэ орчинд хөл тавиад байна. Ардчилсан Үндсэн хуульдаа анх удаа томоохон хэмжээний нэмэлт, өөрчлөлт оруулсны нэг гол зорилго нь парламентын ардчиллыг төлөвшүүлж, засаглах эрхийг хангах, гүйцэтгэх эрх мэдлийг төгөлдөржүүлэхэд чиглэсэн юм. Ерөнхий сайдын эрх мэдлийг үүрэг хариуцлагатай нь хамт нэмэгдүүлсэн өөрчлөлтийг “эцэг” хуульдаа оруулж баталсан нь үүний нэг илрэл юм. Тухайлбал, Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх журам илүү тодорхой болж, улмаар УИХ-д тогтвортой олонхыг бүрдүүлсний үндсэн дээр Засгийн газрыг байгуулах нөхцөл Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр бүрдээд буй. Энэ нь гүйцэтгэх засаглалын суурийг илүү бат бөх, гүн гүнзгий тавьж өгнө гэсэн үг. Түүнчлэн Засгийн газрыг эмхлэн байгуулах журамд оруулсан гол өөрчлөлт нь Засгийн газрын гишүүнийг УИХ, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд өөрөө томилж, чөлөөлж, огцруулдаг болсон явдал. Энэ бол Үндсэн хуулийн үзэл санааг тодорхой болгож Ерөнхий сайд танхимын гишүүдээ томилуулахдаа сайдад нэр дэвшигчийг УИХ-д бие даан оруулах эрхтэй болсноороо өндөр ач холбогдолтой зохицуулалт юм. Үндсэн хуулийн хуучин зохицуулалтаар Ерөнхий сайд ийм бие даасан эрх мэдэлгүй байв. Тиймээс Засгийн газрын сайд нарыг томилоход УИХ дахь нам, эвсэл, бүлэг, фракцуудын явцуу ашиг сонирхол шууд нөлөөлж, гишүүд лобби, тохироогоор төлөөний хүмүүсээ нэр дэвшүүлж баталдаг явдал мэр сэр байлаа. Ерөнхий сайдын хувьд танхимын гишүүдээ бүрдүүлэхийн тулд парламентын аяыг харж, эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй гэсэн байдлаар хандаж, эцэстээ алаг цоог, эрээвэр хураавар баг бүрддэг байв.

“Хонь бүрэн, чоно цатгалан” гэдэг зарчмаар бүрдсэн, бүлэглэл, фракцуудын эрх ашгийн уулзвар дээрх үхрийн бөөр шиг танхим гаднаас төдийгүй дотроосоо ч задрах нь амархан байдгийг өнгөрсөн 30 жилийн гашуун сургамжууд бидэнд хангалттай харуулсан. Ийм тохиолдолд Ерөнхий сайд ямар ч эрх мэдэлгүй, сайд нараа зангидаж, удирдах чадамжгүй болж хувирдаг. 1990 оноос хойших 30 жилд Монгол Улсад 16 Засгийн газар солигдсон нь үүний нотолгоо юм.

Ерөнхий сайд нь эрх мэдэл, хүчтэй, тэр хэрээрээ өндөр үүрэг, хариуцлага хүлээдэг байсан бол өнгөрсөн 30 жилд долоон Засгийн газар л солигдох байлаа. Гэтэл тэгж чадаагүй, тийм хууль, эрх зүйн орчин бүрдээгүй байснаас болж нэг Засгийн газрын дундаж нас бүрэн эрхийн дөрвөн жил бус 1.5 жил болж багассан. Үүнийг дагаад засаглалын хямрал, гажуудал бий болсон билээ. УИХ-ын гишүүд хууль батлахдаа дардаг кнопоо Ерөнхий сайдыг огцруулах, Засгийн газрыг унагахад ашиглаж суудаг болсон нь гашуун ч гэлээ үнэн. Жирийн үед, ажил ярих болохоор ирц нь бүрддэггүй УИХ сайдыг огцруулах асуудал хэлэлцэхэд 100 хувийн ирцтэй цуглаж, гүйцэтгэх засаглал өөрсдийнх нь эрх ашгийг хамгаалж, дур хүслийг нь хангаагүйн төлөө хорсол заналаа тайлдаг болоод байв. Үгэнд ордоггүй сайд нарыг огцруулахыгаа “шүд сугалах” хэмээн нэрлэж, үүнд гаршиж мэргэшсэн УИХ-ын гишүүд ч тодорч байлаа. Энэ бүхэн гүйцэтгэх засаглалын тэргүүн, Ерөнхий сайд хүчгүй байсантай холбоотой. Тиймээс Ерөнхий сайд нар парламентынхаа арга эвийг олох гэж, гишүүдийг нь эвийлж, тойлох нь холгүй байж асуудлаа шийдүүлдэг бичигдээгүй хууль-бий болсон юм.

Тэгвэл хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд энэ хууль бус, бусармаг гажуудлыг бүрэн арилгах зохицуулалт бий. Үндсэн хуулийн өмнөх зохицуулалт буюу 43.1-д “Засгийн газар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзвэл хугацаа дуусахаас өмнө огцрох тухайгаа Ерөнхий сайд Улсын Их Хуралд өргөн мэдүүлж болно.” 43.2-т “Ерөнхий сайд, эсхүл Засгийн газрын гишүүдийн тэн хагас нь нэгэн зэрэг огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно” гэж байсныг нэмэлт, өөрчлөлтөөр 43.1-ийг  “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонх уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоолыг баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно” гэж, 43.2-ыг “Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно” хэмээн тус тус өөрчилсөн юм. Энэ өөрчлөлтийн ач холбогдол нь Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх хугацаа, шийдвэр гаргах босгыг тогтоосноороо онцлог. Тухайлбал, 30 хоногийн дотор шинэ Ерөнхий сайдыг томилж чадахгүй бол УИХ-ыг Ерөнхийлөгч тараах зохицуулалттай болсноор парламент өөрөө Ерөнхий сайдыг огцруулах асуудалд хариуцлагатай ханддаг болно.

1996-2000 оны хооронд “Ардчилсан холбоо” эвсэл дөрвөн ч Засгийн газар сольж, төдий тооны Ерөнхий сайдын нүүр үзэж, үүрэг гүйцэтгэгч Ерөнхий сайдтай олон сар болж байсан түүх бий. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр ийм алдаа завхрал арилсан гэсэн үг. Түүнчлэн хэрэв Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох зохицуулалт нь сайд нар нэгдмэл зорилго, хариуцлагатай, танхимын зарчмаар ажиллах шаардлагыг тодотгож өгсөн юм.

Ингэснээр Засгийн газрын гишүүдийн сахилга, хариуцлага сайжирна гэж үзэж буй. Бүлэглэл, фракцынхаа эрх ашигт үйлчилж, хэн нэгэн гишүүний гэсэн хаяг шошго духан дээрээ наах шахуу явдаг, Ерөнхий сайдынхаа үгэнд ордоггүй, танхимын зарчмаасаа гаждаг сайд нар дахиж төрөхгүй болсон. Үүнийг УИХ нь хууль тогтоох  дээд байгууллага шиг, Засгийн газар нь гүйцэтгэх засаглал шиг байх нь гэж энгийнээр хэлж болно. Ерөнхий сайд нь юмны эзэн, сумны занги шиг байж, эрхээ эдэлсэн шиг эдэлж, хариуцлагаа ч үүрсэн шиг үүрнэ. Хүчирхэг Ерөнхий сайдтай Засгийн газар холыг харж, бие дааж, зоригтой, шийдэмгий ажиллаж чадна. Тиймээс Ерөнхий сайд хэн байх вэ, ямар хүн болох вэ гэдэг маш чухал. Ерөнхий сайдыг ард түмэн сонгодоггүй. УИХ-д олонх болсон намын дарга Ерөнхий сайдаар томилогддог жишигтэй. Тэгэхээр парламентын сонгууль бол сонгодог утгаараа улс төрийн аль намд төрийн эрхийг бариулах вэ, өөрөөр хэлбэл хэнийг Ерөнхий сайд болгох вэ гэдгийг шийдэх хариуцлагатай үйл явц билээ. 

Г.Сонинбаяр

Эх сурвалж: sonin.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.