“Сайн” гэж нэрлээд сайн болчихвол сайхан л байна


Монгол Улсын иргэн бүрт эзэмшүүлсэн "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааны 30 хувийг Засгийн газар худалдан авах ажил эхэлчихлээ. З23 ширхэг хувьцаагаа 300 мянган төгрөгөөр худалдах иргэн хүсэлт гаргаж, иргэний үнэмлэхийн хуулбараа өгөхөд л долоо хоногийн дараагаас мөнгө дансанд нь орж эхэлнэ.

Хувьцаагаа хэдэн ч хамаагүй төгрөгөөр өгөх гэж Урт цагааны гудамжинд урт дараалал үүсгэн, хонон өнжин горьдож суусан олон хүнд энэ бол сайн мэдээ. Нэр нь ч гоё, "Сайн хувьцаа”. Арилжааны банкныхан ч жигтэйхэн уриалгахан болчихож. Орон нутгийн зарим төрийн байгууллагад банкныхан хувилагч машинтайгаа "конторлож”, "vip” зэрэглэлээр үйлчилж буй сурагтай. Гэвч гэнэт мөнгөтэй болох гэж байгаа, түүнийг дамжуулах гэж буй нөхдийн баярт мөч тийм удаан үргэлжлэхгүй нь гунигтай.

"Сайн хувьцаа” бол сүүлийн үед газар авч буй "сайн” тодотголтой, гоё нэртэй хөтөлбөрүүдээс отгон нь.

Хот, суурин газрын гэр хорооллыг хэсэгчилсэн болон бие даасан инженерийн дэд бүтэцтэй амины орон сууцны хороолол болгон хөгжүүлж, иргэдийн эрүүл, тав тухтай, аюулгүй амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилготой "Сайн хашаа”, оюутнуудын бие даасан байдал, хариуцлага, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, сурах бололцоог нэмэгдүүлэх зорилго бүхий "Сайн оюутан”, мал аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмж, үр ашгийг сайжруулж, малчид, фермерийн орлогыг нэмэгдүүлэх "Сайн малчин” зэрэг хөтөлбөр сүүлийн хэдэн сарын хугацаанд шил шилээ даран "мэндлээд” буй.

Өнгөрөгч сонгуулиар нийслэлийн гэр хорооллыг дахин төлөвлөж, хөгжүүлнэ гэсэн амлалт нь АН-ыг Улаанбаатарт ялуулсан гэхэд болно. Уг ажлын хэрэгжилтэд удахгүй дүн тавина.

...Гэхдээ их хэмжээний санхүүжилт шаардлагатай, түүнийг нь дахиад л өр тавих замаар шийдвэрлэхээс аргагүй эдгээр амлалтын ард амьдралын үнэн бий гэдгийг аль аль намын улстөрчид эрхбиш тооцдог баймаар. Сонгуулийн өмнө чих нь зөөлөрч, хайлсан тугалга шиг болсон эрх баригчид Засгийн газраараа дамжуулан "сайн” нэртэй хөтөлбөр хэдийг ч "хэвлэх”-ээс буцахгүй нь бололтой...

Харин Ерөнхий сайд болон нийслэлийн удирдлагууд "Дахин төлөвлөлтийн гурав дахь давалгааг эхлүүллээ” хэмээн зарлаж, өмнөх ажлуудад хамрагдаагүй хашаа байшинтай иргэдийн дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх "Сайн хашаа” хөтөлбөрийг "хөзөр” болгох гэж байна. Хөтөлбөрийн хүрээнд амьдрах орчноо сайжруулах хүсэлтэй иргэд шаардлага хангасан компаниас сонгож, банкнаас арван сая хүртэлх төгрөгийг таван жилийн хугацаатай, хөнгөлөлттэй нөхцөлөөр зээлэх боломж бүрдүүлж буй.

Өнгөрөгч долоо хоногийн сүүлчийн өдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас уг хөтөлбөрийг санхүүжүүлэх зээлийн хэмжээг таван сая хүртэлх төгрөг олгохоор шийдвэрлэсэн. Үүнтэй хамт "Сайн оюутан” хөтөлбөрт хамрагдаж, зээл авахыг ч улам хялбар болгосон гэж буй. Тодруулбал, оюутан зээлд хамрагдахын тулд төлбөр төлсөн санхүүгийн баримтыг банкинд гаргаж өгөхөөр заасан нь ийм баримтаа хадгалаагүй зээлдэгчдэд хүндрэл үүсгэж буй тул дээрх шаардлагыг зээлийн ерөнхий журмаас хасахаар шийдвэрлэсэн.

Ингэснээр төлбөр төлснийг нотлох сургуулийн тодорхойлолт болон сургуулийн дансны хуулгыг банкинд гаргаж өгөөд л оюутан зээл авахад саадгүй болж буй аж. "Сайн малчин” ч тэр "чих зөөлөн”-тэй байна. Малчны зээлийн хүү жилийн бараг 30 хувь байсныг арав, арван хувиар даруй хоёр удаа буюу бараг гурав дахин бууруулаад байна.

Гэвч эдгээр нь улайм цайм сонгууль "ханхлуулаад” байгаа учраас итгэл үл төрүүлнэ. Сонгогчдоос санал авах гэж сайхан зүйл ярьж, түүнийгээ албажуулан шийдвэрлэсэн болгох гэж хөнгөн хуумгай хандан, хөрөнгө мөнгөөр "зодож”, хүчээр хэрэгжүүлэх гэдэг нь аль ч сонгуулийн өмнө моодонд ордог учраас ийн итгэлтэй "хардаж” сууна.

Хоёрдугаар сарын 22 - "Сайн малчин”
Дөрөвдүгээр сарын 25 -"Сайн оюутан”
Тавдугаар сарын 10 "Сайн хашаа”
Зургадугаар сарын 9 -"Сайн хувьцаа”

Таван жилийн өмнө УИХ 57 дугаар тогтоолоороо "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг олон улсын зах зээл дээр нээлттэй арилжих хүртэл иргэдийн 1072 хувьцааг зөвхөн Засгийн газар нэрлэсэн үнээр нь худалдаж авах эрх олгосон. Гэвч Засгийн газар заавал өнөөдөр үүнийг "Сайн хувьцаа” нэрээр хэрэгжүүлэхийн учир юу вэ. Өнгөрсөн дөрвөн жилд эдийн засгийн зарим үзүүлэлтийг унагаж, иргэдийнхээ халаасыг сэгсэрчихээд гэнэтхэн хэдэн зуугаар нь мөнгө өгөх тухай ярьж, саймширч байгааг юу гэж ойлгох вэ.

Эрх баригчид сонгуульд ялахын тулд бэлэн мөнгө амлаж, хувь, хувьцаа өгөхөөр шоудаж буйгаа Засгийн газрын үйл ажиллагаа мэт харагдахаар өнгөлөн далдалж буй нь хэнд ч тодорхой байна. Гэтэл Сонгуулийн тухай хуульд ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал хурааж дуустал аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор явуулахыг хориглосон үйл ажиллагааны жагсаалтад "хишиг, хувь, хувьцаа өгөх, мөнгө, эд зүйл тараах” заалт орсон. Уг асуудлаар ИЗНН шүүхэд хандаад буй.

Үнэндээ АН-ынхан эрх барьж байгаагийн хувьд амжчихсан болохоос МАН-ынхан ч 1072 хувьцааг нэг сая төгрөгөөр худалдан авах тогтоолын төсөл санаачлан, яаралтай хэлэлцүүлэхээр Засгийн газарт хүргүүлсэн.

"Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн 1072 хувьцаа нэг бүрийг 933 төгрөгөөр үнэлэн сая төгрөгөөр худалдан авах ажлыг энэ сард багтаан зохион байгуулах даалгаврыг Засгийн газарт үүрэг болгох агуулгатай тогтоолын төслийг сонгуульд нэр дэвшээгүй гишүүд болох Д.Дэмбэрэл, Су.Батболд, Ж.Батсуурь, Ё.Отгонбаяр нараар санаачлуулсан шүү дээ. Иргэдээ ийм зүйлд итгэхээ байтал нь хашрааснаа энэ хоёр нам ухаардаггүй нь хөөрхийлөлтэй. Биднийг ингэтлээ дорд үзэж, хуурах гэж ядаад байгааг нь зүхэлтэй.

Юутай ч АН Засгийн газрын нэрээр, МАН сонгуульд нэр дэвшээгүй гишүүдийнхээ хууль санаачлах эрхээр дамжуулан ядуу иргэдээрээ даажигнаад амжлаа. Сонгуулийн кампанит ажлын үеэр, дүн гарсны дараа ч Тавантолгойн хувьцаа, түүний үнэлэмжийг тойрсон улс төр өрнөх нь дамжиггүй. Хувьцааг 300 мянган төгрөгөөр худалдсан нь хууль зөрчсөн, эсэх талаар сонгуулийн үеэр шуугиад өнгөрнө. Шүүх ямар ч шийдвэр гаргаж болно. Магадгүй Засгийн газар, эрх баригчид, АН-ыг хууль зөрчсөн гээд тогтоочихвол ямар нөхцөл байдал үүсэх бол. Ийнхүү асуултын тэмдэгтэй олон асуудал ар араасаа хөвөрч мэдэх нь.

1072 хувьцааг үнэ цэнэтэй болгох амлалт аль аль намын мөрийн хөтөлбөрт аль хэдийнэ орчихсон. Оюутан сургалтын төлбөрөө зээлээр төлөх боломжийг ч тэд мөрийн хөтөлбөртөө амласан байна. Малчны зээлийн хүүг бууруулах бодлогын зорилт ч намуудын мөрийн хөтөлбөрт бий. Эдгээр асуудлын талаар нийгмийн давхарга, хэсэг, бүлгээрээ ярьж буйг шийдвэр гаргагчид хэлж л байсан.

Тухайлбал, МАН-ынхан малчдын зээлийн хүүг бууруулах талаар анхлан ярьж, хөндсөн. Засгийн газар үүнийг хийж, хэрэгжүүлж буй нь эрх баригчдын шийдвэр гаргах түвшин дэх давуу тал, "автор” эзэмших эрх байж мэдэх ч сөрөг хүчин, цөөнхийнхний уйгагүй шаардлагын үр дүн байхыг үгүйсгэх аргагүй.

Гэхдээ их хэмжээний санхүүжилт шаардлагатай, түүнийг нь дахиад л өр тавих замаар шийдвэрлэхээс аргагүй эдгээр амлалтын ард амьдралын үнэн бий гэдгийг намуудын аль аль нь эрхбиш тооцдог баймаар. Сонгуулийн өмнө чих нь зөөлөрч, хайлсан тугалга шиг болсон эрх баригчид Засгийн газраараа дамжуулан "сайн” нэртэй хөтөлбөр хэдийг ч "хэвлэх”-ээс буцахгүй нь бололтой. "Сайн” гэж нэрлээд сайн болчихвол сайхан л байна. 

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.