Манай редакцийн зүгээс өнгөрөгч долоо хоногт болсон томоохон болон иргэдийн анхаарлыг татсан үйл явлуудыг тоймлон хүргэж байна.
УИХ-ын сонгуульд 76 суудлын төлөө 498 хүн өрсөлдөнө
Сонгуулийн Ерөнхий Хорооны удирдлагууд энэ сарын 7-нд мэдээлэл хийж УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг эцсийн байдлаар танилцуулан, батламжийг нь гардууллаа. "Энэ удаагийн сонгуульд 12 нам, гурван эвслээс нийт 498 нэр дэвшигчдийг бүртгэж, үнэмлэхийг нь гардуулахаар болсон. Харин бие даагчдын хувьд 74 хүн баримт бичгээ ирүүлснээс 69-ийг нь холбогдох журмын дагуу сонгуульд өрсөлдөх боломжтой гэж үзсэн. Ингэснээр сонгуульд нийт 498 хүн өрсөлдөхөөс 129 нь эмэгтэй нэр дэвшигч байгаа” гэж СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн танилцуулсан юм. Дашрамд, нийт нэр дэвшигчдийн 215 нь аймаг, орон нутагт, 283 нь нийслэлд өрсөлдөх юм. Улстөрийн намуудаас МАН, АН-аад тус бүрдээ 76 нэр дэвшигчтэй байгаа бол МАХН 71, Тусгаар Тогтнол Эв Нэгдлийн эвсэл 44, БНН 36, Иргэний Хөдөлгөөний Нам 27, Социал Демократ Нам 17, ИЗНН 15, Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Нам 9, Хаан Сонголт Эвслээс 9 нэр дэвшигч нэр дэвшихээр болсон байна.
УИХ дахь МАН-ын бүлэг: 1072 хувьцааг мөнгөжүүлэх төсөл санаачиллаа
УИХ дахь МАН -ын бүлгийн гишүүд 1072 ширхэг хувьцааг бэлнээр мөнгөжүүлж иргэн бүрт өгөх УИХ-ын тогтоолын төсөл санаачилснаа мөн энэ долоо хоногт дуулгасан юм. Эрдэнэставантолгой компанийн нэр дээрх иргэн бүрт өмчлүүлсэн 1072 ширхэг хувьцааг үнэд оруулах тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцэж батлуулах санаачлагыг УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд санаачилж байгаа юм. Засгийн газраас 2012 онд "Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн нийт хувьцааны 20 хувь болох гурван тэрбум ширхэг хувьцааг иргэн бүрт хуваарилсан. Ингэснээр нэг иргэн бүрт 1,072 ширхэг хувьцаа ногдсон юм. "Эрдэнэс Таван Толгой” ХК нийт 15 тэрбум ширхэг хувьцаатай бөгөөд үлдсэн 80 хувийг Монгол Улсын Засгийн газар, ААН-үүд эзэмшиж, биржид арилжаалахаар төлөвлөсөн. Тухайн үед Засгийн газраас 1,072 ширхэг хувьцааг нэг сая төгрөг буюу нэг ширхэг хувьцааны нэрлэсэн үнийг 933 орчим төгрөгөөр үнэлж тооцсон байна.
Сонгуулийн амлалт, эрдэнийн хувь хишиг буюу нэг сая төгрөгийг тэтгэвэр тэтгэмж, оюутны төлбөр хэлбэрээр аваагүй, 2011 оны дөрөвдүгээр сарын 1-ээс 2012 оны дөрөвдүгээр сарын 12-ны хооронд нас барсан, Монгол Улсын харъяатаас гарснаас бусад иргэдийн хувьцааны тоо 1,072 ширхэг байх ёстой аж.
Иргэдийн хувьцааг 300 мянган төгрөгөөр авна
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг дараах мэдээллийг хийсэн юм. Энэ бол 1072 ширхэг хувьцааг эргэлтэд оруулж, иргэдэд бэлэн мөнгөөр хувьцаагаа зарах боломжийг олгосон шийдвэр байв. Засгийн газар энэ сарын 9-нд ээлжит бусаар хуралдаж "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 1072 ширхэг хувьцааныг мөнгөжүүлэх асуудлыг шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл иргэн бүрт тараасан 1072 ширхэг хувьцааг үнэд оруулж, мөнгөжүүлэх асуудлыг дэмжсэн байна. Тодруулбал, 1072 хувьцааны 30 хувь буюу 322 ширхэг хувьцааг 300 мянган төгрөгөөр иргэдээсээ худалдаж авах шийдвэрийг гаргасан юм. Харин үлдсэн 750 ширхэг хувьцааг энэ оны хоёрдугаар хагасаас шийдвэрлэж эхлэхээр болжээ. Мөн хувьцааг энэ сарын 13-ны өдрөөс буюу ирэх даваа гаригаас худалдаалж эхлэх юм байна.
АН-ынханд сүүлдэж үнэмлэх гардууллаа
Сонгуулийн Ерөнхий Хорооны удирдлагууд УИХ-ын 2016 оны сонгуульд нэр дэвшигчдэд сонгуульд оролцох эрхийн үнэмлэхийг нь энэ сарын 7-нд гардуулан өгсөн. Үнэмлэх гардуулан өгөх үйл ажиллагааны эхэнд МАН-аас нэр дэвшиж буй 76 нэр дэвшигч, Тусгаар тогтнол эв нэгдэл эвсэл, МУНН, ИЗНН гээд 12 нам, гурван эвслийн нэр дэвшигчид үнэмлэхээ гардан авсан юм. МАН-ын нэр дэвшигчдийг бичиг баримтын зөрчилгүй, нэрсийн жагсаалтад холио солио хийгээгүй үндэслэлээр Сонгуулийн ерөнхий хорооноос хамгийн эхэнд бүртгэснээ зарласан бол үнэмлэх авах өдөр ч мөн адил ийнхүү эхэнд сонгуульд оролцох эрхийн үнэмлэхээ гардан авлаа. Харин эрх баригч хүчин болох АН-ын нэр дэвшигчид Төрийн ордноо байсангүй. Тус намын гишүүд Цонжинболдогийн ойролцоо сонгуульд ашиглах зураг авалтаа хийлгэж яваад эзгүй байсан гэсэн. Иймээс Сонгуулийн ерөнхий хорооныхон 15.00 цагт АН-ынханд үнэмлэхийг нь гардуулсан юм.
Н.Наранбаатар, Г.Цогтгэрэл нар наадмын нээлт, хаалтын тоглолтыг найруулна
Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баярыг зохион байгуулах Үндэсний хорооны ээлжит хурал энэ сарын 7-нд болсон. Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглолтыг Улсын драмын эрдмийн театрын найруулагч Н.Наранбаатар, төрийн хүндэтгэлийн концертыг Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын дарга, найруулагч Г.Цоггэрэл нар найруулна. Мөн Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт нийт 7300 гаруй автомашины зогсоол гаргахаар бэлтгэж буй ажээ. Үүнээс гадна Хүй долоон худагт морь барианы газар, үзэгчдийн суудал, соёлын арга хэмжээ, худалдаа үйлчилгээний газруудад усалгааг одооноос эхлүүлж, зүлэгжүүлэхийг үүрэг болгосон байна.
Монголын залуучуудын холбооны Ерөнхийлөгч А.Мөнхбатыг цагдаагийн байгууллагад шалгаж эхэллээ
Монголын залуучуудын холбооны Ерөнхийлөгч А.Мөнхбат сүүлийн үед УИХ-ын болон нийслэлийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшиж байгаа олон хүний нэрийг "Хар жагсаалт”, "Цагаан жагсаалт” гээчид оруулна гэж "дэвж” буй. Тэрээр энэ долоо хоногт "Хар жагсаалт”-д орсон улстөрчийг зарласан нь бараг л бусдын нүдэнд өртсөнгүй. Өөрөөр хэлбэл тодорхой хэмжээний мөнгөн шалгуур, босгыг давсан нь цагаан, мөнгөө өгөөгүй нь хар жагсаалтад бичигдэж байгааг иргэд ялгаж салгахтайгаа болсонд байгаа юм. Мөн "Хар жагсаалт”-д багтсан зарим хүмүүс үүнийг гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж үзэн Цагдаагийн байгууллагаар шалгуулахаар гомдол гаргасан байна. Тэд А.Мөнхбатын үйлдлийг Эрүүгийн хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д "бусдын нэр төр, алдар хүндийг олон нийтийн өмнө доромжилсон бол...”, мөн хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д гүтгэх гэмт хэргийг зүйлчилсэн ба "хүний нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор гүжирдлэг тараасан бол...”, 130 дугаар зүйлийн 130.1-д "Иргэний сонгох, сонгогдох, ...эрхээ хэрэгжүүлэхэд... санаатай саад...” хийх гэснийг зөрчиж биднийг гүтгэсэн, доромжилсон, сонгогдох эрхэнд саад учруулсан гэж үзжээ.
Сэтгэгдэл