Монгол орныхоо баялаг, газар нутгийг харьд ямар ч үнээр болтугай өгөх
гэж улайран, алс хойчоо өчүүхэн төдий эс сэхээрэх, Тавантолгойн хувьцааг
зарна гэж үл гүйцэлдэх зүйлээр хийрхсэн хүмүүсийг шүүмжлэн эсэргүүцэж
явсан минь саяхан.
Гэтэл одоо МАНАН-гийнхан түүнийг төрийн бодлого болгон хэрэгжүүлж нэг
сумаар хоёр туулай буудах хорт төлөвлөгөөгөөр уралдаж өрсөлдөн байгаа нь
аюумшигтай.
Энэ нь сонгогчдын саналыг хаман ялах, Монгол улсыг дампууруулан харьд
нэгтгэх бизнесээ хийх санаанд оромгүй үр дагаварт хүргэнэ. Ч.Сайханбилэг
Монгол улс удахгүй дампуурна гэж зогсоо зайгүй сурталчилж, Хятадын
хэвлэл мэдээлэл Монгол улс 2017 онд дампуурна гэж прогнозолж байсан нь
биеллээ олох нь.
АН "биднийг сонговол 1072 хувьцааны гуравны нэгийг нь 300 мянган
төгрөгөөр авна” гэж поподлоо. МАН "биднийг сонговол 1072 хувьцааг 1 сая
төгрөгөөр худалдаж аван мөнгөжүүлнэ” гэж рокодлоо.
Үүнийг өгөхөд Монгол улс огт бэлэн биш байгаа бөгөөд, мөнгө ихээр
хэвлэж, зээл ч гаднаас үлэмжээр авч аргацаах, хэт ханш уналтыг дуудах,
улам л их өрийн ангалд унан сүйрэхээс өөр замгүй. Гэхдээ 2020 онд
сонгуулийн өмнө л амласнаа хагас дутуу өгөх магадлалтай гээд бод. Харин
Монгол улс сонгуулийн өмнө хойно байх эсэх нь маш эргэлзээтэй болж
байгаа юм.
2008 онд ингэж бэлэн мөнгө амлаж сонгуульдаад 7-р сарын 1-нд хүрч,
цаашдаа амлалтаасаа болоод улс орны ирээдүйг баллан сүйрүүлж,
дампууруулах дөхөж байсан.
Одоо бүр ч ноцтой юм болох гэж байна. Монголын ард түмэн амьдралын ямар
ч асуудлыг эс шийдэх дээрхи мөнгөний барьцаанд эс орон, өөрсдийн
оршихуйн үндсийн үндэс болсон эх орон, газар шороогоо сохор зоосоор
худалдахаас татгалзаж, арван хар сөнөлд хүргэх энэ башир хорт явуулгыг
сөрөн зогсож, биелж гүйцэлдэх боломжгүй болгож, зохих хариуг нь барих
ёстой.
Эс бөгөөс Монгол улс үндэстэн энэ мөнгөний сонгуулийн хөлд үрэгдэн
үнэхээр арилж замхрах нь байна шүү. Биднийг сонго, өөрсдийгөө устга гэх
улайрал хийрхэлд ҮГҮЙ гэж хэлэх цаг ирээд байна!
Сэтгэгдэл