Нэр дэвшигчид сурталчилгаандаа хэдийг зарцуулах лимиттэй вэ


Нэр дэвшигчид сурталчилгаандаа хэдийг зарцуулах лимиттэй вэУИХ-ын ээлжит сонгуулийн тов хоног хоногоор ойртож байгаа ч нэгдсэн журмаар сонгуульд нэр дэвшигчдийн нэрс тодроогүй байгаа. Гэхдээ Сонгуулийн хуулийн дагуу Үндэсний аудитын газраас 2016 оны УИХ-ын сонгуульд нам, эвслээс зарцуулах зардлын дээд хэмжээг 3.4 тэрбум төгрөгөөр тогтоосон. Харин нэр дэвшигчээс тойрогтоо зарцуулах хэмжээг аймаг тус бүрээр тогтоосон бөгөөд  нэр дэвшигчид тус бүр дүүрэгтээ 172-378 сая төгрөг зарцуулахаар болсон юм.

Тэгвэл сонгуулийн зардал гэж юу болохыг Сонгуулийн тухай хуульд, Сонгуульд оролцож байгаа буюу нэр дэвшүүлсэн нам, эвсэл, түүнчлэн нэр дэвшигч нь сонгуулийн мөрийн хөтөлбөрөө сонгогчдод сурталчлах, тайлбарлан таниулах зорилгоор сонгуулийн сурталчилгааны шууд болон шууд бус зардлыг хэлэх бөгөөд энэ нь хандив, намын өөрийн хөрөнгө, нэр дэвшигчийн өөрийн хөрөнгөө бүрдэж болохыг заажээ.

Ингээд энэ удаагийн ээлжит сонгуульд аль тойрогт нэр дэвшигчид сонгуулийн зардлаа их гаргаж, аль аймгаас нэр дэвшигч нь арай бага гаргах вэ гэдгийг хүргэе.

Энэ удаагийн сонгуулийн 26  тойргоос Баянзүрх, Налайх дүүргийн хамтран байгуулсан 22 дахь тойрогт нэг нэр дэвшигч хамгийн их сурталчилгааны зардал буюу 378 сая төгрөгийг сурталчилгаандаа зарцуулж болно хэмээн ҮАГ-аас тооцжээ.

Ийнхүү нэр дэвшигчдийн тойрогтоо зарцуулах мөнгөн дүнг жагсаавал,  Баянгол дүүрэгт нэр дэвшигчид тойрогтоо 346 сая төгрөгийг зарцуулж болно. Харин  Сонгинохайрхан дүүргийнх 341 сая төгрөг зарцуулах эрхтэйгээр гуравдугаарт бичигдэж байна.

Тэгвэл дараа нь Хан-Уул, Багануур, Багахангай дүүргийн 21 дэхь тойрогт нэр дэвшигчид 329 сая төгрөгт багтаан зар сурталчилгааны зардлаа тооцох ёстой.

Харин аймгуудад байгуулагдсан тойргуудаас Дархан-Уул аймагт нэр дэвшигч 209 сая төгрөгт багтаан сурталчилгаагаа хийх эрхтэйгээр бусад аймгуудынхаас арай өндрөөр тооцжээ.

Харин хамгийн бага зардлаар сурталчилгаагаа хийх нэр дэвшигчид Увс аймгийнх болж байна. Учир нь тус аймгаас нэр дэвшигч сурталчилгааны зардалдаа 171 сая төгрөг зарцуулах эрхтэй бөгөөд үүнээс илүүг гарагх эрхгүй.

Ийнхүү сонгуульд нэр дэвшигчдийн зардлыг тойрог бүрт харилцан адилгүй тооцсон нь тухайн тойрогт байгаа сонгогчдын тоотой хамаатай бөгөөд олон сонгогчтой аймагт зардлын хэмжээг ахиу тооцсон бол сонгогч цөөнтэй тойргуудад нэр дэвшигчдийн зардлыг арай багаар тооцсон гэдгийг энэ дашрамд дуулгая.

Сонгуулийн зардлыг хуулийн дагуу хэрхэн зарцуулах вэ

Сонгуулийн зардлын мөнгөн хөрөнгийг банкинд нээлгэсэн сонгуулийн зардлын дансанд энэ хуульд заасан журмын дагуу төвлөрүүлж, зориулалтын дагуу зарцуулах ёстой.Сонгуулийн зардлын данс нь төгрөгийн данс байна хэмээн Сонгуулийн хуульд заажээ.
Сонгуулийн зардлын дансанд төвлөрүүлсэн мөнгөн хөрөнгийг сонгуулийн зардалд зориулан бэлэн болон бэлэн бус төлбөр тооцооны хэлбэрээр зарцуулна. Ингэхдээ сонгуулийн зардлын дансанд төвлөрүүлсэн мөнгөн хөрөнгийг дараах  зориулалтаар зарцуулах аж.

Үүнд:
-сонгуулийн мөрийн хөтөлбөрийг тайлбарлан таниулах;
-нам, эвсэл, нэр дэвшигчийг сурталчлах;
-сонгуулийн уулзалт, хурал, цуглаан зохион байгуулах;
-бичиг хэрэг, шуудан, холбоо, унааны болон албан томилолт, хөлс, урамшуулал;
-дээр дурдсан зардалтай холбоотой бусад.

Мөнгөн бусаар хүлээн авсан хандивыг, хандивын гэрээнд заасан зориулалтын дагуу зарцуулна. Харин сонгуулийн зардлын зарцуулалтыг дээрхээс бусад тохиолдолд хууль зөрчин зарцуулсан бол нэр дэвшигчийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хорин нэгээс хорин зургаа дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Энэ нь 4 сая 32 мянгаас 4 сая 992 мянган төгрөг хүртэлх мөнгөөр торгох ажээ. Иймээс нэр дэвшигчид Үндэсний аудитын газраас тогтоосон мөнгөн дүнд багтаан сонгуулийн сурталчилгаагаа хийх ёстой.

Монгол улсын их хурлын 2016 оны ээлжит сонгуулийн зардлын дээд хэмжээ тогтоох тухай

Б.Цэцэ

Buzznews.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.