Эмхэтгэлийн өнөөдрийн дугаарт Сонгуулийн тухай хууль болон түүнийг дагалдаж гарсан бусад хуулийг нийтэллээ.
Энэ хуулиар Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Ерөнхийлөгч, түүнчлэн аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгууль, үндсэн зарчим, журмыг тодорхойлж, эдгээр сонгуулийг зохион байгуулж явуулахтай холбогдсон харилцааг зохицуулсан байна.
Сонгуулийн үндсэн зарчим нь
- сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох зарчмын үндсэн дээр саналаа нууцаар гаргаж сонгох эрхийг хангахад үндэслэх бөгөөд
Сонгуулийн үйл явцыг зохион байгуулах, түүнд оролцохдоо
- хууль дээдлэх;
- ил тод байдлыг хангах;
- шударга ёсыг сахих;
- сонгуулийн үйл ажиллагаа товлосон хугацаанд нэгдсэн журмаар эхлэх, дуусах;
- маргааныг шуурхай, үндэслэлтэй, хуулийн хүрээнд шийдвэрлэх;
- сонгогчийн эрх, сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэх;
- энгийн ойлгомжтой байх
зарчмыг баримтлах ажээ.
Харин сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны ил тод байдлыг хангах зарчим нь сонгогч саналаа нууцаар гаргахад хамаарахгүй.
Сонгууль нь
- Улсын Их Хурлын,
- Ерөнхийлөгчийн;
- аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын,
- сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын гэсэн хэлбэртэй байх,
Сонгууль нь
- хувь тэнцүүлсэн /пропорциональ/,
- олонхийн /мажоритар/ гэсэн тогтолцоотой байж болох,
Харин хувь тэнцүүлсэн болон олонхийн сонгуулийг дангаар, эсхүл хосолсон байдлаар явуулж болно.
Хосолсон сонгууль нь
- зэрэгцээ /параллель/;
- холимог байдлаар явагдаж болохоор хуульчилсан байна.
Сонгууль нь
- ээлжит;
- ээлжит бус;
- нөхөн;
- дахин гэсэн төрөлтэй байна.
Харин Ерөнхийлөгчийн сонгууль нь
- анхан шат;
- хоёр дахь шаттай байхаар хуульд тусгагджээ.
Сонгуулийн тухай хуульд, тухайлбал,
- Хорин таван нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан Монгол Улсын иргэн Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдох эрхтэй.
- Дөчин таван нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан Монгол Улсын уугуул иргэн Ерөнхийлөгчөөр сонгогдох эрхтэй.
- Хорин таван нас хүрсэн, тухайн аймаг, нийслэл, суманд санал авах өдрөөс өмнө 180-аас доошгүй хоногийн хугацаанд тасралтгүй, байнгын оршин суугчаар бүртгүүлсэн, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан иргэн тухайн шатны орон нутгийн хуралд сонгогдох эрхтэй гэж хуульчилсан байна.
Мөн хуульд,
- Санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам Улсын Их Хурлын сонгуульд оролцож, нэр дэвшүүлэх эрхтэй.
- Эвсэлд нэгдсэн бүх нам санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн байх шаардлагыг хангасан байна.
- Энэ хуульд заасан шаардлага хангасан иргэн Улсын Их Хурлын гишүүнд бие даан нэрээ дэвшүүлэх эрхтэй.
- Улсын Их Хуралд суудал бүхий нам дангаараа буюу хамтран Ерөнхийлөгчид тус бүр нэг хүний нэр дэвшүүлэх эрхтэй.
- Тухайн сонгуульд нэг хүний нэрийг дахин дэвшүүлэхгүй.
- Улсын Их Хуралд суудалгүй нам Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг дэмжиж болно.
- Тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэгт өөрийн салбартай, санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн хурлын сонгуульд оролцож, энэ хуульд заасан шаардлага хангасан иргэнийг нэр дэвшүүлэх эрхтэй гэжээ.
Сонгуулийн тухай хуульд,
- Ээлжит сонгуулийг санал авах өдрөөс 65-аас доошгүй хоногийн өмнө Улсын Их Хурал товлон зарлана.
- Улсын Их Хурал, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр нь тухайн сонгуулийн жилийн зургадугаар сарын сүүлийн хагасын аль нэг ажлын өдөр, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр нь сонгуулийн жилийн 10 дугаар сарын сүүлийн хагасын аль нэг ажлын өдөр байна.
- Ээлжит сонгуулийн санал авах өдрийг санал авах өдрөөс 150-иас доошгүй хоногийн өмнө тогтооно.
- Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр нь нэг өдөр байна.
- Ээлжит сонгуулийн санал авах өдөр бүх нийтээр амарна.
- Гадаад улсад суугаа иргэдээс санал авах өдрийг Улсын Их Хурал тогтоох бөгөөд уг санал авах хугацаа нь гурав хүртэл өдөр байж болохоор хуульчилсан байна.
Ийнхүү хуулиар сонгуулийн үндсэн зарчим, сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулахад баримтлах зарчим, сонгуулийн хэлбэр, тогтолцоо, төрөл, шатаас гадна сонгуулийн эрх, сонгуулийн нутаг дэвсгэрийн зохион байгуулалт, сонгуулийн байгууллагын удирдлага, зохион байгуулалт, сонгууль зохион байгуулах болон сонгуулийн сурталчилгааны эдийн засгийн үндэс, сонгуулийн нэрийн жагсаалт үйлдэх, танилцуулах, хүргүүлэх зэргийг хуульчилж өгсөн байна.
Мөн хуулийн "Сонгуулийн сурталчилгаа” гэсэн бүлэгт,
- "Энэ хуульд өөрөөр заагаагүй бол сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс арван найм хоногийн өмнө эхлүүлж санал авах өдрөөс нэг хоногийн өмнө дуусгана.
- Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс хорь хоногийн өмнө эхлүүлж санал авах өдрөөс нэг хоногийн өмнө дуусгана” гэж заасны зэрэгцээ
Сонгуулийн сурталчилгааг ямар арга, хэлбэрээр явуулах, сонгуулийн мөрийн хөтөлбөрт ямар зүйлийг тусгахыг хориглосон, сонгогчдын саналыг татах зорилгоор ямар үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглосон, сонгуулийн сурталчилгааны хэвлэмэл материал хэвлүүлэх, тараах, хүргэх, зурагт самбар, радио, телевиз, интернэт орчин ашиглах зэргийг хуульчилжээ. Энэ бүлэгт, тухайлбал, "сонгогчид хууль бусаар мөнгө, эд зүйл тараасан этгээд захиргааны болон эрүүгийн хариуцлага хүлээсэн бол тухайн зөрчлийг мэдээлсэн иргэнд сонгуулийн төв байгууллага тараасан бэлэн мөнгө болон эд барааны үнийн дүнг хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгож, гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ”. гэж заасан байна.
Түүнчлэн саналын хуудас, санал авах ажиллагаа, санал хураалтын дүн гаргах, нэгтгэх үйл ажиллагаа, ажиглагч, маргаан шийдвэрлэх зэрэг асуудлыг зохицуулсны зэрэгцээ Улсын Их Хурлын сонгууль, Ерөнхийлөгчийн сонгууль, орон нутгийн хурлын сонгууль, хариуцлага зэрэг асуудлыг тусгайлан бүлэгээр зохицуулжээ.
Эмхэтгэлийн шинэ дугаарт, дээрх хуулиас гадна, зарим Байнгын хорооны даргыг сонгох, чөлөөлөх тухай, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоол, Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай Засгийн газрын тогтоолыг тус тус нийтэллэээ. Засгийн газрын тогтоолоор,
Улаанбаатар хот-Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн хурдны авто зам барихад шаардагдах 6132.6 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, талбайн хэмжээ, хилийн заагийн солбицлыг хавсралтаараа баталжээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
Сэтгэгдэл