Хот 22 мандаттай болох уу


Нийслэлийн хамгийн олон хүн амтай хоёр дүүргийн нэг Сонгинохайрханы нийт хүн амын тоо хамгийн сүүлд 300 мянгад хүрчээ. Тэднийг УИХ-д гурван гишүүн төлөөлж суудаг.

Харин баруун хязгаарын гурван аймаг болох Баян-Өлгий 93 мянга, Ховд 81 мянга, Увс 75 мянган хүн амтай. Аймаг тус бүрээс хоёр гишүүн УИХ-д сонгогддог. Энэ гурван аймгийн нийт хүн амын тоо нийлээд ч Сонгинохайрханыхтай дөхөж очихгүй байна. 300 мянган хүн амтай Сонгинохайрханаас гурван гишүүн, гурван аймгийн нийлсэн 250 мянган хүнийг төлөөлж зургаан гишүүн парламентад сууж байгаа нь учир дутагдалтай юм.

 

 

Иймд сонгуулийн мандатыг хот болон хөдөөд хүн амын тоотой уялдуулж хуваарилах тухай УИХ-аар хэлэлцэж эхэллээ.

УИХ-ын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төсөлд аймаг тус бүрийг нэг, нийслэлийг зургаан тойрог болгож, нийт 26 тойрог байгуу­лахаар тусгажээ. Үүнд, Дорноговь, Говьсүмбэр аймгийг нэгтгэж сон­гуулийн нэг тойрог бол­госон тул 26 тойрог болж байгаа аж. Тодруул­бал, УИХ-ын 2012 оны сон­­гуулийн тойрог, мандатын тоо, нутаг дэвс­гэртэй яг ижилхэн гэсэн үг.

Гэхдээ УИХ дахь нам, эвслийн бүлгүүдийн өчигдрийн хуралдаанаар мандатын тоог хэрхэн хуваарилах тухай нэлээд ярилцсан байна. Учир нь нийслэлд хүн амын бараг тал хувь нь амьдардаг тул 48 мандатын 22 нь хотод оногдох ёстойг сүүлийн үед хүчтэй ярьж буй. Энэ талаар зарим хүн ч үзэл бодлоо илэрхийлээд байгаа билээ. Тухайлбал, Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга хотын мандатын тоог нэмж 21 болгохыг хэв­лэлээр уриалсан би­лээ.

Одоогоор 48 ман­датын 14 нь гурван сая монголчуудын 50 хувь нь амьдардаг хотод хуваа­рилагддаг бол  34 нь 21 аймгийн 20 тойрогт оногдож байна. Тэгэхээр цаашид хүн амын тоотой уялдуулж мандатын тоог хуваарилах талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд байр сууриа илэрхийлж байлаа.

Сонгуулийн хуульд зааснаар тойрог байгуу­лах, тойргийн дугаар, төвийг тогтоох, аль аймаг, дүүрэг хэдэн мандаттай байх, хэдэнд сонгууль болох вэ гэсэн чухал зүйлүүдийг УИХ-аас тогтооно. Энэ талаарх саналаа Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлж, хэд хэдэн тогтоолын төсөл өргөн барьсан юм. Хэдийгээр СЕХ-ны саналд мандатын тоог 2012 оны сонгуулийнхтай адил хуваарилж, хотын зургаан тойргоос 14, хөдөөгийн 20 тойр­гоос 34  гишүүнийг сон­гох хувилбараар боловсруулсан ч нам, эвслийн бүлгүүдийн байр суурь мандатын тоон дээр зөрүүтэй байгаа аж. Тухайлбал, МАН-ын бүлэг дэмжихгүй гэнэ. Тэд хотын газар нутаг жижигхэн, хөдөөгийнх том гэсэн харьцуулалт хийжээ. Гэхдээ хүн амын тоог харгалзан хот, хөдөөгийн мандатын тоог тогтоох нь зүйтэй гэсэн байр суурьтай гишүүд олон бий. Үүнийг УИХ-ын холбогдох байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн эцсийн шийдвэрийг гаргана.

Төрийн байгуулал­тын байнгын хороо­ны маргаашийн хурал­даанаар УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцэх хуваарь гаргажээ. Мөн УИХ-ын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай тогтоолын төсөл, УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээл­жит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай мөн хэлэлцэнэ.

Сонгуулийн санал авах өдрийг сонгууль болохоос 150 хоногийн өмнө тогтоож, тойрог, түүний дугаар, төв, мандатын тоог тогтооно, мөн УИХ болон орон нутгийн сонгуулийн санал авах өдөр нэг байна хэмээн хуульчилсан. Мөн автомат машин ашиглах эсэхийг УИХ-аар тогтооно гэж холбогдох хуульд заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороо дээрх саналаа УИХ-д хүргүүлсэн юм.

Харин УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох тухай тогтоолын төсөлд санал авах өдрийг ирэх зургадугаар сарын 29-нд байхаар тусгажээ. Сонгуулийн хуульд зааснаар санал авах өдөр нь сонгуулийн жилийн зургадугаар сарын сүүлчийн долоо хоногийн аль нэгэн ажлын өдөр байна. Тэр өдрийг бүх нийтийн амралтын өдөр байхаар заасан юм.

Сонгуулийн хуульд зааснаар зөвхөн УИХ-ын сонгуульд Монгол Улсын дипломат төлөө­лөгчийн газрууд байдаг гадаад улсад амьдардаг сонгуулийн насны монголчуудын саналыг зургадугаар сарын 17, 18, 19-нд авахаар төсөлд тусгажээ. Сонгогчдын бүртгэл, санал авах, саналын хуудсыг тоолоход "New Image Cast” гэсэн төхөө­рөм­жийг ашиглах саналаа тогтоолын төсөлд дурджээ.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.