Өмнөх сонгуулиас хойш гурван жил хагасын хугацаа өнгөрч, дараагийн сонгууль зарлах цаг хаяанд ирсэн үед Сонгуулийн тухай хуулиудыг өргөн барьж, УИХ-аар хэлэлцүүлж эхлээд байна. Одоогийн парламентад суудалтай гурван нам, нэг эвслээс дөрвөн өөр Сонгуулийн хуулийн төслийг өргөн барьсан ба тэдгээрийг нэгтгэж, хэлэлцэхээр болоод байна. УИХ-аас АН-ын гишүүн Р.Бурмаагаар ахлуулсан Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг бүр 2012 онд байгуулсан ч тэд сая л арай гэж нэг юм төслөө боловсруулж өргөн мэдүүлсэн.
Тэгвэл тэдэнтэй зэрэгцээд УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүн Су.Батболд нар УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, АН-ын гишүүн Х.Тэмүүжин УИХ-ын сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах тухай, МАХН-ын гишүүн О.Баасанхүү нар мөн адил хуулийн төслийг өргөн бариад байгаа. Эдгээр хуулийн төслүүдийг өнгөрсөн долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт шилжүүлсэн.
Нэг ижил асуудлыг зохицуулах олон хуулийн төсөл зэрэг өргөн баригдвал нэгтгэж хэлэлцдэг практик УИХ-д байдаг. Ингэснээр олон хуулиудаас шигшиж, нэг хуульд буй хэрэгтэй зохицуулалтыг нөгөөд тусгах байдлаар хуулиа баталдаг юм. Тэгэхээр удахгүй мэндлэх Сонгуулийн хууль дөрвөн өөр хуулийн төслийн нэгдэл болох бололтой. Гэхдээ УИХ-ын хэлэлцүүлэгт хамгийн их маргаан дэгдээх асуудлуудын эхэнд тогтолцоотой холбоотой асуудал мэдээж хөндөгдөнө.
28:48-ИЙГ ХЭРХЭН ХУУЛЬЧЛАХ ВЭ
Сонгуулийн шинэ хуулиар мажоритар, пропорционалын харьцаа 28:48 гэсэн хуучин тоон дээрээ тогтох боломжтой. Гэхдээ мажоритарын 48-ыг нэг мандат бүхий жижигрүүлсэн 48 тойрог байлгах уу, эсвэл хуучин шигээ нэгээс гурван мандат бүхий 26 тойрог болгох уу гэдэг нь хэлэлцүүлгээс тодорно.
Мөн пропорциональ 28-ыг хуучин шиг жагсааж намын нийт авсан саналын хувиар хуваарилах уу эсвэл нам, эвслүүд 28 хүнээ жагсааж бичээд сонгогчдын нийт саналаар сонгуулах уу гэдгийг хэлэлцэн шийдвэрлэх юм. Су.Батболд нарын өргөн барьсан төсөлд үүнээс огт өөрөөр, Монгол улсыг таван бүс болгоод тэдгээрт 28 хүнийхээ нэрийг хуваагаад намыг нь биш, хүнийг нь дугуйлах хувилбарыг санал болгожээ.
МАН-ынхан үүнээс өмнө бүр урьдынх шигээ 76 жижиг мажоритар хувилбарт шилжие гэх асуудлыг ярьж байсан ч бусад жижиг намууд хүлээн зөвшөөрөхгүй тул арай өөр энэ хувилбарыг дэвшүүлээд байгаа аж.
ХАР МАШИНЫ ДҮНГ ГАР ТООЛЛОГООР БАТАЛГААЖУУЛАХ УУ
Сонгуулийн тухай хуулийн хамгийн маргаантай асуудлын нэг бол өнгөрсөн сонгуулийн хэрүүл, маргааны гол нэг шалтгаан байсан хар машины асуудал юм. УИХ-ын гишүүн Су.Батболд нарын өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд ирэх сонгуулиар машинаар тоолсноо 100 хувь гараар дахин тоолох санал оруулжээ.
Ингэснээр хар машины хардлага сэрдлэгийг нэг мөр мухарлана гэж үзсэн байна. АН-ынхны хувьд хүний үйл ажиллагаанд итгэснээс машинд итгэх нь шударга гэж үздэг. Зарим нь маргаан гарсан газар л гараар хяналтын тооллого явуулья гэдэг билээ. Ямар ч байсан хар машины асуудлыг хар сэрийг арилгахуйц хэмжээнд шийдэхгүй бол болохгүйг УИХ-ын гишүүд мэдэж байгаа болов уу.
ТОЙРОГ, ХЭСГИЙН ХОРООДЫН 70 ХУВИЙГ НАМЫН ТӨЛӨӨЛЛӨӨС БҮРДҮҮЛЭХ ҮҮ
Сонгуулийн тойргийн болон хэсгийн хороодын гишүүдэд төрийн албан хаагчдыг оруулдаг жишиг өнөөг хүртэл үйлчилж ирсэн. Тэгвэл ирэх сонгуулиар тойрог, хэсгийн хороодод намын төлөөллийг 70 хүртэлх хувиар оруулья гэх санал орж иржээ.
Ялангуяа эрх барьж буй намынхан төрийн албанд олноор орсон энэ үед намын төлөөллийг тэгш шударгаар оруулах нь зөв шийдэл гэж зарим намынхан үзэж буй аж.
Мөн Су.Батболд нарын хуулийн төсөлд сонгуулийн маргааныг тухайн маргаан гарсан бүс нутагт нь шийдвэрлэх, маргаан гарсан тохиолдолд шийдвэрлэх процессыг тодорхой болгох асуудлыг тусгаад байна.
Гадаадад буй иргэдийн саналыг тухайн улс, хот дахь консулын газраас гадна онлайнаар авах боломжийг бүрдүүлэх нь зүйтэй гэж үзжээ.
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАН ХААГЧИД НЭР ДЭВШВЭЛ АЛБАА ӨГӨХ ШААРДЛАГАГҮЙ
Үүнээс гадна сонгуулийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтэд тохируулсан зарим асуудал багтах байх.
Үндсэн хуулийн Цэцээс төрийн албан хаагч аль нэг шатны сонгуульд нэр дэвших бол зургаан сарын өмнө төрийн албаа хүлээлгэн өгөх заалтыг хүчингүй болгосон. Энэ нь хүний сонгох, сонгогдох эрх чөлөөг хязгаарлаж байна хэмээн цэц дүгнэсэн билээ. Эл дүгнэлтийг УИХ хүлээж авсан.
Үүний дагуу Х.Тэмүүжин нарын гишүүд Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Тиймээс төрийн захиргааны алба хаагчид буюу агентлаг, газрын дарга, сургууль, эмнэлгийн захирлуудаас бусад төрийн алба хаагчид сонгуульд нэр дэвшихээр болбол төрийн албаа хүлээлгэж өгөх шаардлагагүй болох ёстой юм.
Энэ мэтчилэн өөрчлөлтүүдээ хэлэлцээд намууд ойлголцоод баталчихвал хаяанд ирсэн Сонгуулийн хуулийн төсөл Үндсэн хуулийн өөрчлөлтөөс ч дутахгүй ач холбогдолтой юм. Тэгвэл Сонгуулийн тухай хуулийг шинэчлэх, үгүй юм гэхэд өөрчлөхөд эрх баригчид тийм ч ач холбогдол өгөхгүй байгаад бусад намууд шүүмжлэлтэй хандаж байгаа аж.
Эрх баригчдын хувьд 2011 оны Сонгуулийн тухай хуулийг өөрсөддөө ашигтай гэж үзэж байгаа юм байх.
Тэгвэл эрх баригчдын нөгөө тал болох "Шударга ёс” эвслийнхэн сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжиж байгаа. Тэдний хувьд УДШ-д бүртгэлтэй АН-аас бусад бүх намыг оролцуулсан сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулахад оролцсон билээ. Тиймээс АН арай ч өөрөөсөө бусад бүх намын санал нэгдсэн асуудлуудыг хөсөр хаяж асуудлыг гацахад хүргэхгүй байх хэмээн улстөрийн хүрээнийхэн итгэж байна.
Түүнчлэн бүх шатны сонгуулийг байж болох хамгийн бага зардлаар зохион байгуулах, сонгуулийн кампанит ажлын хугацааг 14 хоногоор хязгаарлах зохицуулалтыг Р.Бурмаа нарын өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд тусгасан.
Энэ тохиолдолд улс төрд шинэ хүн гарч ирэх, кампанит ажлын хугацаанд өөрийгөө таниулах ямар ч боломжгүй болно гэдгийг судлаачид шүүмжилж байгаа юм. Хэлэлцүүлгийн шатанд хугацааг эргэн харах боломжтой. Гэхдээ хамгийн ихдээ л 21 хоногоор хязгаарлах болов уу. Одоо хэрэгжиж буй Сонгуулийн хуулиар кампанит ажлын хугацааг нэг сар буюу 30 хоногоор хязгаарласан. Р.Бурмаа нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд үүнээс гадна улстөржилтийг багасгах, нэр дэвшигчдэд сурталчилгааны эрх тэгш боломж олгох зүйл заалтууд бий.
Тухайлбал, эфирийн цагийг ижил тэнцүү хуваарилах, үнэгүй сурталчилгаа байршуулах самбаруудыг нэр дэвшигчдэд хуваарилах зэрэг асуудлыг тусгажээ. Мөн сонин, сайтаар хэрхэн сурталчилгаа хийхийг ч тодорхой болгохыг олон гишүүд шаардаж байгаа юм.
Эдгээр маргаантай асуудаар ойлголцож чадвал Сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж чадах байх. Эс тохирвол энэ хууль гацаанд орж таарна.
О.Хуяг
gereg.mn
Сэтгэгдэл