– Иргэн П.Цагааны байр суурь ч гэлээ Монгол Улс парламентын засаглалтай байх уу, Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу…” гэж ард нийтээсээ шууд асууя гэж байгаа нь тохиолдол уу, эсвэл бодож болгоосон алхам уу-
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа ард нийтийн санал асуулгаар шийдвэрлэх тухай холбогдох хуулийн төслийг Н.Батбаяр нарын гишүүд өргөн мэдүүлснийг УИХ-ын түвшинд хэлэлцэж эхэллээ. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар өнөөдөр Ард нийтийн санал асуулгын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэн санал хураалтад оролцсон гишүүдийн 52.6 хувь нь "хэлэлцэх нь зүйтэй” гэж үзлээ.
УИХ дахь намын бүлгүүд өчигдөр уг асуудлаар зарчмын байр сууриа нэгтгэсэн ба МАН-ын бүлэг "Ард нийтийн санал асуулга явуулахад нэлээд хэдэн эргэлзээтэй асуудал байна” гэж мэдэгдсэн. Хэдийгээр асуудалд шийдвэрлэх нөлөөтэй МАН Ард нийтийн санал асуулгыг, цаашлаад Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг дэмжихгүй гэж мэдэгдэж байгаа, тэрчлэн "Ардчилсан нам хүч түрэн шийдэхгүй” хэмээн найдаж буй гэх ч өнөөдрийн Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн шийдвэрээс харахад арай өөр байдал мэдрэгдэж байх шиг.
Төрийн байгуулалтын байнгын хороо 18 гишүүнтэйгээс найм нь Ардчилсан намын гишүүн, долоо нь МАН-ын гишүүн, гурав нь "Шударга ёс” эвслийн гишүүд байдаг.
Өнгөн дээрээ Үндсэн хуулийн өөрчлөлтөөс халгаж, тойрч байгаа боловч Ард нийтийн санал асуулгын ард МАН ч бас ашиг сонирхлоо хавчуулан зүтгүүлэх тактиктай байж магадгүй бололтой.
Харин "Шударга ёс” эвслийг бүрдүүлж буй гол нам МАХН өнөөг хүртэл тодорхой эрс байр суурь илэрхийлээгүй байна. Тус намын дарга Н.Энхбаяр, тэрчлэн түүний өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчөөр бүх ард түмнээс сонгогдон ажиллаж байсан П.Очирбат, Н.Багабанди нарын үг өдийд жинтэй сонсогдох учиртай. Засаглалын эрх мэдэл, үүрэг хариуцлагыг эрс зааглаж, ингэхдээ Ерөнхийлөгчөөс улстөрийн гэж хэлж болохоор эрх мэдлийг авч, зөвхөн "хүн баярлуулах эрх”-ийг нь үлдээнэ гэж төсөл санаачлагчид тайлбарлаж байгаа юм. Төрийн тэргүүн байсан эрхмүүдэд туршлага, тулх, бас хариуцлага гэж бий. Энэ үүднээс харвал Үндсэн хуулийн өөрчлөлт, төрийн байгуулалт, засаглалын эрх мэдлийг дахин хуваарилах тухай ярьж байхад үг дуугүй өнгөрөх нь зохисгүй байх.
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төсөл өргөн баригдсанаас хойш өнөөгийн Ерөнхийлөгчийн байр суурь ямар чигт байгаа нь анхаарал татсаар байгаа сэдэв. Өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд хуулийн хүрээнд Ерөнхийлөгчийн Тамгын газраас санал өгсөн ба үүнд "хотол олноороо сайхан наадаарай” гэсэнтэй агаар нэгэн санаа тусгагдсан. Өөрөөр хэлбэл, олон түмний оролцоотой, эрдэмтэн мэргэдийн санаа оноог тусган өргөн хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэсэн юм. Ерөнхийлөгчийн Тамгын газрын энэхүү санал Ерөнхийлөгчийн байр суурийг илэрхийлж байгаа эсэх сэтгүүлчийн асуултад Тамгын газрын дарга П.Цагаан хариулахдаа "Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах аливаа санал санаачилга, түүний үг үсэг, үйлдэл бүр нь хуулийн дагуу, эн түрүүнд Үндсэн хууль болон Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн зүйл заалттай нийцэж байх ёстойг зөвлөсөн. Энэ чинь маш тодорхой санал биш гэж үү” гэжээ. Гэхдээ энэхүү тайлбар бүхий ярилцлагынхаа төгсгөлд тэрбээр "энэ бол Цагаан гэдэг иргэний байр сууринаас түлхүү хариулт өгсөн шүү” гэжээ. /эх сурвалж http://itoim.mn/index.php/site/author/18/
Энэ дунд нэг өгүүлбэр онцгой анхаарал татаж байгаа нь "Ард нийтийн санал асуулгаар маш тодорхой асуудлаар эцсийн шийдвэр гаргуулахгүй л юм бол хайран цаг, хөрөнгө мөнгөний гарз болно… Монгол Улс парламентын засаглалтай улс байх уу, Ерөнхийлөгчийн засаглалтай улс байх уу? Аль эсвэл УИХ байнгын ажиллагаатай байх уу? Байнгын бус ажиллагаатай байх уу? УИХ-ын бүрэн эрхийн хугацааг таван жил болгох уу? Эсвэл дөрвөн жил хэвээр байлгах уу? УИХ-ын сонгуулийн тогтолцоо пропорциональ, можаритар, холимог тогтолцооны алинаар байх вэ? Монгол Улсыг бүсчлэн хөгжүүлэх үү? Эсвэл одоогийнхоороо байх уу? Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгодог болох уу? Эсвэл ард түмнээрээ сонгох уу гэх мэтээр асуулт нь ч, хариулт ч хоёрдмол утга санаагүй асуудлаар явуулах ёстой” гэжээ. Иргэн П.Цагааны байр суурь ч гэлээ Монгол Улс парламентын засаглалтай байх уу, Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу…” гэж ард нийтээсээ шууд асууя гэж байгаа нь тохиолдол уу, эсвэл бодож болгоосон алхам уу. Магадгүй одоогийн Ерөнхийлөгч өөрийн Тамгын газрын даргаараа дамжуулан ард олноосоо "Ерөнхийлөгчийн засаглал хэрэгтэй юм биш биз” гэж асууж, "Тийм” гэдэг хариулт сонсохыг хүсэмжлээд байгаа юм биш биз?!
Өнөөдрийг хүртэл талууд эрс байр суурь илэрхийлээгүй, ихээхэн бөөрөнхий мэдээллүүдийг бүгд дээрх мэт байдлаар санаатай, санаандгүй давтсаар байгаа ч энэ хооронд асуудал урагшилсаар Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн чуулганы танхимд ороод ирлээ. Энэ бол баримт.
Үндсэн хуулийн өөрчлөлтийг "өөхөнд боосон чулуу шиг” гэдэг шиг бөөрөнхийлөн ярьсан шигээ явсаар байгаад гэнэт шинэ жилийн өмнө бүгд тохироод баталцгаах гэж байгаа юм биш үү гэх дохиог өнөөдрийн Төрийн байгуулалтын байнгын хорооны санал хураалтын дүн харуулчих шиг…
politik.mn
Сэтгэгдэл