» » Ажлын хэсгийн ахлагч “Фортуна” ам алдав уу?

Ажлын хэсгийн ахлагч “Фортуна” ам алдав уу?


Ажлын хэсгийн ахлагч “Фортуна” ам алдав уу?-"Ерөнхийлөгч дэмжихгүй бол Үндсэн хуулийн өөрчлөлт хийгдэхгүй. Тэгэхээр яг одоо хувьсгалын тохироо бүрдээд байгаа юм” гэсэн нь эл асуудлаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн байр суурь аль чигт байгааг битүүхэн хэлсэн хэрэг байж болох юм-

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Н.Батбаярын www.news.mn сайтад өгсөн ярилцлага өнөөдрийн хувьд улс төр сонирхогчдын анхаарлыг татаж байна. Хуулийн үзэл баримтлал, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтүүдийн талаар дэлгэрэнгүй тайлбарласнаас гадна үүнийг хэлэлцэн батлахад цаг үе, хувьсгалын тохироо бүрдсэн үзэж байгаагаа хэлжээ. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт өргөн мэдүүлсэн ба УИХ төслийг хүлээн авснаас хойш сараас илүүгүй хугацаанд багтаан чуулганаар оруулах ёстой юм.

УИХ-ын гишүүн Н.Батбаяр ярилцлагадаа "Хувьсгалын тохироо гэж ярьдаг даа. Үндсэн хуулийг өөрчлөх тохироо одоо бүрдээд байна гэж хэлж болно. УИХ-ын дарга дэмжээд гарын үсэг зурсан байгаа. Ерөнхий сайд, Засгийн газар дэмжсэн байгаа” гээд цааш ярихдаа "Цаашлаад 2017 онд шинэ Ерөнхийлөгч гарч ирлээ гэхэд хоёр дахь удаагаа сонгогдох гээд Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжихгүй. Эхний хугацаан дээрээ ажиллаж байгаа Ерөнхийлөгч хоёр дахь хугацаагаа үзье гэж бодно. Хэн ч байсан ингэж боддог юм байна. Ерөнхийлөгч дэмжихгүй бол Үндсэн хуулийн өөрчлөлт хийгдэхгүй. Тэгэхээр яг одоо л хувьсгалын тохироо бүрдээд байгаа юм. Үүнийг манай ард түмэн дэмжих байх аа” гэжээ. Энд онцолсон хэсэгт "Ерөнхийлөгч дэмжихгүй бол Үндсэн хуулийн өөрчлөлт хийгдэхгүй. Тэгэхээр яг одоо хувьсгалын тохироо бүрдээд байгаа юм” гэсэн нь эл асуудлаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн байр суурь аль чигт байгааг битүүхэн хэлсэн хэрэг юм болов уу.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барихдаа УИХ, Засгийн газар, тэрчлэн Ерөнхийлөгчийн саналыг зайлшгүй авах ёстой учраас ажлын хэсэг уг асуудлаар Ерөнхийлөгчийн байр суурийг урьдчилан сонссон, зөвшилцсөн нь эргэлзээгүй байх. Тэгэхээр ажлын хэсгийн ахлагч Н.Батбаяр хувьсгалын тохироо бүрдсэн гэж шулуухан хэлсэн нь бодит байдалд ойр дүгнэлт байхыг үгүйсгэхгүй.

 

politik.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.