Парламент гэнэт гэгээрч, Үндсэн хуулийн өөрчлөлтийг ард түмнээс асуух шийдэлд хүрэв. Санал асуулгад 5.5 тэрбум төгрөг зарцуулах тооцоо гарч. Засгийн газрын нөөц хөрөнгөөс энэ мөнгийг асуудалгүй гаргана гэдгээ мэдэгдлээ. Гэхдээ өмнө нь ирэх оны төсөв, ард нийтийн санал асуулгын хуулиа батлах учиртай. Ингэснээр жаахан ай зав гарч, Үндсэн хуулиа нухацтай, бултаараа хэлэлцэх боломж бүрдэх юм байх. "Уг нь бол их зөв юм хийчих гээд, хүн нэг бүрээс асуучих гээд байгаа юм, энэ парламент”. Тэд яг ингэж харагдахыг хүсээд байгаа хэрэг.
Гэвч бодит байдал дээр хэдэн он дамжин хэл сураг үүсгэсэн чухал хуулиудыг сонгуулийн өмнөх улиралд шийдэхээр зүтгүүлж буй нь ихээхэн болчимгүй зорилтот ажил болж хувирав. Энэ чигээрээ явах юм бол өмнөх сонгуулийн урт хэрүүлтэй Сонгуулийн хуулийг баталсан явдал давтагдана. Арай өмнө нь асуудлаа цэгцлэх үүднээс энэ удаа ээлжит чуулганыг түр завсарлуулж, Эх хуульдаа гар дүрэх ажлыг түргэвчлүүлэхээр яригдаж байгаа аж.
АН-ын бүлгээс мэдэгдэж байгаагаар гишүүд төсөв батлагдсаны дараа тойрогтоо ажиллаж, Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар иргэдэд мэдээлэл өгөх ажил хийнэ. Гэхдээ удаан биш л дээ, үсрээд л 10 хоног. Тэгээд л санал асуулга явуулна. Дараа нь элдэв асуудал үүсэхэд "Ямар ч байсан та бүхнээс асуусан” гээд ам таглах бэлэн үгтэй байх төлөвлөгөө. Үнэн хэрэгтээ Үндсэн хуульд яг ямар өөрчлөлт оруулах гээд байгаа нь бидэнд мэдэгдээд ердөө 14 хоносны дараа саналаа өгөх нь.
Эх хуулийн өөрчлөлт ерөнхийдөө УИХ-ын гишүүдийн тоо 99, бүрэн эрхэт хугацаа нь таван жил болох, засгийн газар төрд үнэмлэхүй эрх эдлэх,ерөнхийлөгчийн эрхэд хязгаар тавигдах асуудлууд тусгагдсан байгаа. Өөрөөр хэлбэл, парламент харьцангуй бие даасан байдалд шилжиж, ерөнхий сайд үнэмлэхүй байдлаар засаг тэргүүлэх ӨӨРЧЛӨЛТ хийгдэнэ. Тэгэхээр хэн төрийн толгойд гарна, түүнд давуу эрх үйлчлэхээр харагдаж байгаа юм.
Үндсэн хуулийн өөрчлөлтийг "Шударга ёс” эвсэл дэмжинэ гэдгээ илэрхийлээд буй. Үүнд АН-ынхан олзуурхаж, сөрөг хүчний довтолгоог дажгүй сайн тэсвэрлэх арга замаа хөшигний ард хийж байгаа гэх. Гэвч улстөрийн лидер намуудын хувьд Үндсэн хуулийн өөрчлөлт тэдэнд ямагт ашигтай байдлаар өгөөжөө өгнө. Хамгийн энгийн жишээ дурдахад, хүн амын өсөлтөөс шалгтгаалж, Олон улсын жишгийн дагуу гишүүдийн тоог даруй 23-аар өгсгөх саналыг ажлын хэсгээс оруулж буй. Одоогийн 76 нь улстөрийг ямар балчигт хутгав. Олуулаа болоод дордоно уу гэхээс дээрдэхгүй нь тодорхой. Гэнэт нэг өдөр улстөрчид гэгээрч, хувийн ухамсар нь сэргээд ирвэл өөр хэрэг. Гишүүдийн тоо олшрох нь явж явж, улстөрийн лидер намуудад л ашигтай.
Яг энэ үзлээр бол Үндсэн хуулийн өөрчлөлтөд МАН тийм ч айхтар сөрөг хүчин болохгүй. Хөшигний цаадах яриагаар бас бус тохироо хийгдэж, АН-ын судсыг том төслүүд, Хөгжлийн банкны шалгалт зэргээр сөрөг хүчин атгасан бололтой. Одоо тэгэхээр тэдний дунд хүчтэй сөрөг дайралт явагдахгүй. Хэн хэндээ бяцхан буулт хийж, микрофоноор "тоглолт” хийнэ. Кноп бол өөр хэрэг. Нэгэнт байгуулагдсан парламент ерөнхийлөгчийн эрх хязгаарлагдаад ирэхээр сайхан эрх чөлөөтэй болж ирнэ. Чухам энэ тохиолдол л эрх баригчдад хэрэгтэй байгаа. Тодруулж хэлбэл, Үндсэн хуулийн өөрчлөлтөөр МАН сөрөг хүчний тоглолтоо цэгцтэй хийж чадвал сонгуулийн зардал нь босоод ирнэ. Харин АН-д удирдах систем орж ирэх нигуртай.
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг боловсруулах чиг үүрэгтэйгээр байгуулагдсан Н.Батбаярын гишүүдийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд чухам юу хийж яваа нь тодорхойгүй асар их цаг хугацааг үдсэн. Улмаар дэд ажлын хэсэг хүртэл байгуулагдахад хүрч, ажлыг нь шамдуулж байсан цаг саяхан. Одоо эндээс Н.Батбаяр тэргүүтэн яагаад цаг аваад, хөдөлж ядаад байсан нь тодорхой болж ирнэ. Цагийн тохироо бүрдүүлнэ гэж энэ. АН-аас Б.Батзаяа, МАНХ-аас Г.Шийлэгдамба нарыг дараалан саатуулж, АТГ-ыг улстөрийн зорилгоор хөдөлгөх сонирхол үнэндээ улстөрийн хүрээнд үүссэн ч гэж болно.
Ингэж олон нийтийн анхаарлыг баахан сарниулж байгаад Үндсэн хууль, сонгуулийн хууль хоёроо зэрэг шахам батлах нь. Улмаар хүйтэн сэрүүний улирал дамнуулан, иргэдийн ахуйн хэцүү үед нь сонгууль өгүүлэх арга хэрэглэхээ ч мартсангүй. Иргэд энэ үед түлээ нүүрс, өвлийн идэш сэлтдээ санаа зовниж, юун Үндсэн хуулийн өөрчлөлтийг анхаарах манатай. Бид ирэх сонгуулиа 14.5 тэрбумд хийхээр яригдаж байгаа. Гэтэл түүний гуравны нэгтэй тэнцэх мөнгөөр хүйтний цагаар санал асуулга явуулахаар болов. Яасан ч баян, яасан ч самарч ханадаггүй улстөр юм. Тэгээд санал асуулгын бэлтгэл ажлаа ердөө 10 хоногт амжуулна гэчиж.
Нийтийн итгэл хүлээх гол ажлыг гишүүд тойрог руугаа явж нугална. Араас нь Монгол улс байнга төвийг сахих хууль орж ирнэ. Дуусдаггүй улстөржилт Монгол Улсыг улам нь харанхуй зүг рүү дугтчидсаар.
Ж.Мядагбадам
Сэтгэгдэл