М.Батчимэг: УИХ-ын гишүүдийн тоог нэмэх нь зөв


М.Батчимэг: УИХ-ын гишүүдийн тоог нэмэх нь зөвҮндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг өнгөрсөн баасан гарагт УИХ-д өргөн барьсантай холбогдуулж УИХ-ын гишүүн М.Батчимэгээс дараах тодруулгыг авлаа.
 
-Хуулийн төсөлд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгох, УИХ, Засгийн газрын бүрэн эрхийн хугацааг таван жил болгохоор тусгажээ. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?
 
-УИХ-ын гишүүдийн тоог нэмэх нь зөв. Гэхдээ урьдчилсан нэг нөхцөл байна. УИХ-д байгаа  сайд нарын томилгоо, төсөв гэх мэт гүйцэтгэх эрх мэдлийг Засгийн газарт эхлээд шилжүүлэх ёстой.Хэрэв Үндсэн хуулиар энэ заалтыг батлавал УИХ-ын гишүүдийн тоог нэмэх бололцоотой. Яагаад гэвэл энэ тохиолдолд УИХ,  дарга нарын байгууллага биш, ард түмний төлөөлөл гэдэг утгаараа ажиллах боломж бүрдэнэ.
 
Өнөөдөр УИХ-ын ажлын чанар гишүүдийн тооноос шууд хамааралтай байна. Цөөн гишүүнтэй байгаагаас олон байнгын хорооны хуралдаан давхацдаг, олон хуулийг зэрэг уншиж чаддаггүй, уншаагүй хууль дээрээ кноп дарж батлах болдог. Нэг гишүүний ачаалал хэтэрхий их байгаагаас хууль чанаргүй гарч байна. Хоёрдугаарт нөлөөнд автамтгай байна. Байнгын хороо бол УИХ-ын асуудал шийддэг гол байгууллага.
 
19 гишүүнтэй байнгын хороо 10 гишүүнээр ирцээ бүрдүүлээд 6 хүн асуудлыг баталж байна. Энэ хоёр үндэслэлээр гишүүдийн тоог нэмэх нь зүйтэй гэж үзэж байгаа юм.
Манай улс 2 сая хүн амтай байхад 76 гишүүнтэй байсан. Одоо нэг саяар хүн ам нэмэгдсэн гэхээр тооны харьцаагаар бол 38 гишүүн нэмэх үндэслэлтэй. Олон улсын жишгээрээ хүн амын тоо парламентын гишүүний тоо хоёр жишиж байж улс орны ачааллыг зөв дааж явдаг. Энэ утгаараа Монголын парламентын гишүүдийн тоо хэтэрхий цөөн байна.
 
-Хуулийн төслийг анх орж ирснээр нь батална гэж бодьё. Тэгвэл нөгөө талд нь хариуцлагын асуудлыг яаж тусна гэсэн үг вэ?
 
-Өнөөдөр хариуцлага их үгүйлэгдэж байгаа нь ажил үүргийн хуваарь их ойлгомжгүй байгаатай холбоотой. Өнөөгийн зарим асуудлыг харахад УИХ Засгийн газрын ажил хэтэрхий холилдсон байдалтай байна. Энэ тохиолдолд хариуцлагын тухай ярихад төвөгтэй. Хамгийн түрүүнд УИХ Засгийн газар хоёр тусгаар болох ёстой.  Нөгөөтэйгүүр бусад оронд байдаг парламентын хяналт дутагдаж байна.
 
Үүний зэрэгцээ хувь хүний хариуцлага ёс зүй их чухал. Хууль баталснаар өргөс авсан юм шиг хариуцлага өндөржинө гэхэд хэцүү. Сонгуулиас сонгуулийн хооронд сонгогчдын шаардлага өндөрсвөл илүү хариуцлагатай хүмүүсээс парламент бүрдэнэ гэж харж байгаа.
 
-Давхар дээлний асуудлыг хуулийн төсөлд тусгасан ч хязгаарлагдмал байдлаар орсон байна?
 
-Засгийн газрын гишүүдийн гуравны нэгээс дээшгүй нь УИХ-ын гишүүн байж болно гэж орж ирсэн. Энэ бол байж болох тоо. Дэлхийн нийтийн жишгээр бол үндсэн чиг үүргийн яамдын сайд нар парламент дотроо байх нь парламент Засгийн газрын ажлын уялдаа холбоо нягт байх бололцоог бүрдүүлдэг. Бүр салчихаар бас төвөгтэй байдал үүснэ.
 
-Энэ удаагийн өөрчлөлтөөр бол 9 яамтай болох нь. Хүн ам хурдацтай өсч, эдийн засаг тэлж байгаа энэ үед цомхон бүтцээр ажиллах нь эргээд улс орны хөгжилд чөдөр тушаа болох юм биш үү?
 
-Есөн яамтай байх нь хэтэрхий жижигрүүлсэн бүтэц байж магадгүй. Эдийн засаг, үйлдвэрлэл, уул уурхайн яамыг нэг дор оруулчихсан байна. Хэлэлцүүлгийн шатанд нэмэгдүүлэх боломж байгаа байх. Үндсэн хуульдаа яамдын тоог зааж өгөх нь зөв асуудал. Сонгуулиас сонгуулийн хооронд бүтцээ өөрчилдөг байсан бол одоо Ерөнхий сайд солигдох болгонд яамдын тоогоо хөдөлгөж байна шүү дээ. Төрийн бүтцийг тогтвортой байлгах үүднээс яамдын тоог зааж өгөх нь энэ удаагийн Үндсэн хуулийн өөрчлөлтийн чухал хэсэг юм.
 
-Ерөнхийлөгчийг 6 жилд нэг удаа сонгодог болно гэсэн байна. Улиран ажилласнаар тухайн хүний дадлагажих бололцоо илүү байх байсан юм биш үү?
 
-Нийгмийн ерөнхий хандлагыг харахад энэ асуудалд хуваагдмал байна гэж харж байгаа. Энэ удаагийн Үндсэн хуулийн хамгийн чухал хэсэг нь УИХ-д байгаа гүйцэтгэх эрх мэдлийг Засгийн газарт нь буцаан өгөх явдал гэж үзэж байгаа. Хэрвээ улс төрийн ойлголцолд хүрээд Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болвол бас л хийж болохгүй ажил биш. Энэ тохиолдолд улс төрийн нэлээд их ойлголцол хэрэг болно.
 
Б.Туул

Эх сурвалж: "Монцамэ” агентлаг


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.