2016 онд 900 тэрбум төгрөгийн өр төлнө


 2016 онд 900 тэрбум төгрөгийн өр төлнө

УИХ дахь МАН-ын бүлийн өнөөдрийн хуралдаар 2015 оны төсвийн тодотгол, 2016 оны төсвийн төсөл болон УИХ-ын дэгийн тухай хуулийн төслийг хэлэлцсэн байна.

Төсвийн орлого зарлагыг хангалттай хэмжээнд тооцоолоогүй байна. Өөрөөр хэлбэл, эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед төсвийн орлогыг хэт өөдрөгөөр төлөвлөжээ. Зарлагыг бууруулахад илүү анхаарах хэрэгтэй байна гэсэн шийдэлд хүрсэн. Түүнчлэн татвар нэмэхгүй байх, цалин хасахгүй байх, тэтгэврийг боломжтой хэмжээгээр нэмэгдүүлэх хэрэгтэй гэсэн санал гарсан хэмээн бүлгийн дарга С.Бямбацогт мэдээллийнхээ эхэнд онцлон тэмдэглэв.

Тэрбээр, "Ирэх жил Монгол Улсын зээлийн үйлчилгээний төлбөр буюу өр нэг их наяд орчим болно. 2012 онтой харьцуулбал бараг 30 дахин нэмэгдсэн. 2012 онд АН "Ажилтай, Орлоготой Монгол хүн" гэсэн мөрийн хөтөлбөрт үнийн өсөлт, инфляцтай уялдуулж жил бүр цалин, тэтгэврийг нэмнэ гэж тусгасан. 2012 онд Атар талх 650 төгрөг байсан. Өнөөдөр 1150 болсон байна. 2012 онд авч байсан 650 мянган төгрөгийн цалин өнөөдөр 1 сая 100 мянган төгрөг болоогүй байна.  Мөн Засгийн газар 2016 оны 8 дугаар сарын 01-нээс 9 яамтай ажиллахаар төсөвт тусгасан. Энэ нь дараагийн сонгуулиар байгуулах Засгийн газрын бүрэн эрхэд халдаж байна гэсэн үг. Тиймээс Засгийн газар 2016 оны 1 дүгээр сарын 01-нээс бүтцийн өөрчлөлтөө хийх хэрэгтэй” гэв.

Түүнчлэн, "УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн А.Бакей нарын гишүүд өргөн барьсан. УИХ-ын гишүүн хууль санаачлах эрхийг Үндсэн хуулиар олгосон. Гэтэл УИХ-ын гишүүний хууль санаачлах эрхийг УИХ дарга хязгаарлах, хуулийн төслийг хүлээж авахгүй байх, чуулганаар хэлэлцүүлэхгүй байх зохицуулалт оруулахаар тусгасан байна. Энэ бол буруу. УИХ-ын гишүүн хууль санаачилсан бол нам эвсэл, байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлцдэг байх одоогийн зарчим зөв. Бусдаар бол УИХ-ын дарга ажлын хэсэг байгуулж, гишүүдийн санаачилсан хуулийг хэлэлцэх эсэхийг шийддэг байж болохгүй гэв.

Энэ УИХ-ын бүрэн эрхийн хугацаа тун удахгүй дуусна. Тиймээс энэ чуулганы бүрэн эрхийг дуустал Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах нь буруу. Харин дараагийн УИХ энэ асуудлаа өөрсдөө зохицуулах хэрэгтэй” гэлээ.

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, 2015 оны төсвийн тодотголоор 25.7 тэрбум төгрөгийг хасахаар оруулж ирсэн. Өнөөдөр эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа тул бид төсвийн тодотгол болон 2016 оны төсөвт маш хатуу бодлого баримтлах ёстой гэсэн байр суурьт хүрсэн. Тухайлбал, төсвийн орлогыг 504.6 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, зардлаа 530.3 тэрбум төгрөгөөр хасахаар тодотголд тусгасан. Орлогын өөрчлөлтийн гол заалт нь аж ахуйн нэгжүүдээс авах татварын өрөөс 325 тэрбум, шатахууны татвараас 61.3 тэрбум төгрөгийн орлого авахаар тооцсон байна. Өнөөгийн Засгийн газар эдийн засгийн нөхцөл байдалд бодитой хандаж чадахгүй байна гэж бид үзэж байгаа.

Өөрөөр хэлбэл, эдийн засгийн байдал хүндэрч, жижиг дунд үйлдвэрүүд дампуурч, томоохон үйлдвэрүүд орон тоогоо цомхотгож байхад татварын өрөө барагдуулах боломж бол тун хомс. Тиймээс төсвийн орлогыг нэмэгдүүлэх 325.4 тэрбум төгрөгийг биелэх боломжгүй гэж үзэж байна. МАН-ын бүлэг 2015 оны төсвийн тодотголыг эргэж харах ёстой гэсэн байр суурьт хүрсэн.

2016 оны төсвийн төсөлд төсвийн зардлыг 446 тэрбум төгрөгөөр бууруулахаар тооцож оруулж ирсэн байна. Гэтэл нэмэгдүүлэх зардал нь 697 тэрбум төгрөг байгаа юм. 2016 оны төсвийн төсөлд зээлийн үйлчилгээний төлбөр буюу өрөнд 900 орчим тэрбум төгрөг төлнө гэж тусгасан. Энэ нь 1000 цэцэрлэг барих мөнгө. Тэгэхээр ирэх жилийн төсөв ийм их ачааллыг даахгүй.

Тэгэхээр Сангийн яам хэд хэдэн зүйл дээр анхаарах хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд эдийн засаг өссөн гэдэг шалтгаанаар бүх аймагт Орон нутгийн хөгжлийн сан, Сум хөгжлийн сан байгуулсан. Энэ төсвийг Сангийн яам дээрээ төвлөрүүлж, юунд зарцуулах вэ гэдгийг тодорхой болгож өгөх нь зүйтэй. Мөн Нийгмийн даатгалын сангийн 100 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт 20 гаруй обектыг, улсын төвлөрсөн төсвийн хөрөнгө  оруулалтаар 100 гаруй обектыг шинээр барихаар төлөвлөсөн байна. Манай бүлэг ирэх жил шинээр барилга барихгүй гэсэн саналтай байгаа. Ингээд бүлэг дээр ажлын хэсэг гарч хөрөнгө оруулалтын зардлыг салбар, аймаг бүрээр нь хянаж байна. Үүнээс үр агшиггүй, өнөө маргаашдаа хэрэггүй хөрөнгө оруулалтыг танана” гэв.

Ч.Ариунболд

 

Эх сурвалж: "Монцамэ” агентлаг


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.