Намрын налгар өдрүүд ард хоцорч өвлийн хахир хүйтэн цаг хаяанд ирлээ. Гэвч энэ намрын улс төрийн үйл явц "халуунхан" хэвээрээ үргэлжлэх төлөвтэй байна.
Маргааш эхлэх УИХ-ын намрын чуулганаар нэн түрүүнд хэлэлцэх асуудал бол 2015 оны төсвийн тодотгол юм. Харин дараа нь Засгийн газрын хувь заяаг "дэнслэх" болов уу гэсэн таамаг байна. Ямартаа ч өнгөрсөн нэгдүгээр сард хийгдсэн төсвийн тодотгол "даший шог" болж байгаа нь тодорхой боллоо. Үүнийгээ ч Сангийн яам болон Засгийн газар хүртэл хүлээн зөвшөөрсөн.
Сангийн шинэ сайд Б.Болор ажлаа авсан даруйдаа хийсэн хамгийн том ажил бол төсвийн тодотгол. Эндээс л түүнийг цаашид хэрхэн ажиллах вэ гэдэг нь харагдах учиртай. Монгол төрийн сангийн "авдар"-ыг захиран зарцуулж буй түүнд Монголын ирээдүйн эдийн засгийн "элгээр нь хэвтүүлэх үү" эсвэл үүсээд байгаа хүндхэн нөхцөл байдлыг даван туулах уу гэдэг шууд хамаарна гэхэд болно. Одоо л төсөв нэртэй "зохион бичлэг" шиг "эд"-ийг буцааж хэвэнд оруулах цаг болж.
Үе үеийн Сангийн сайдууд хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж чадахгүй хэрээс хэтэрсэн төсвийг баталж тэр нь алдагдал болж нөхцөл байдлыг хүндрүүлж байна. Хэт их хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж түүнээс болж орлого нь зарлагаасаа давж төсөв их хэмжээгээр тасрах дээрээ тулдаг. Товчоор хэлбэл төсөв баталж байна, тодотгож байна гээд хаана ч байхгүй "тэнгэрийн тоо"-нуудыг бичиж орхидог. Зорилго нь ард түмэнд таалагдахын тулд. Энэ нь эргээд иргэдийн нуруун дээр хүндээс хүнд ачаа болон буудаг жамтай. Төсвийн балансыг тэнцвэржүүлэхийн тулд төрийн албан хаагчдын цалинг хасч танадаг. Нэмэх тухай бодоо ч нэмэргүй. Харин татварын хувь хэмжээг нэмж, иргэдийнхээ халуус руу өнгийдөг болоод удаж байна. Заримыг нь бүр шинээр тогтоодог. Үүний тодхон жишээ бол өчигдөр тогтоогдсон нийслэл хотын татвар юм. Тиймээс үнэн зөв, "голтой" тоог л төсөвт тусгах шаардлага тулгараад байна.
2015 оны эхний найман сарын байдлаар улсын төсөв 600 орчим тэрбум төгрөгөөр тасалдсан байна. Оны эцэст 900-гаас нэг их наяд төгрөгт хүрнэ гэсэн тооцоог гарсан. Төсөв тасалдах, тооцоо алдагдах болсон гол шалтгаан нь дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнийн бууралт юм. Тодруулбал, манай орны төсвийн гол хэсэг болох 48 хувийг гадаад худалдаа буюу зэсийн баяжмалын борлуулалт эзэлдэг. Оны эхээр төсвийг тодотгохдоо дэлхийн зах зээл дэх зэсийн үнийг 6354.7 ам.долллар байхаар тусгасан. Гэтэл өнөөдөр зэсийн ханш 5000 ам.долларт ч хүрэхээ байлаа. Тэр ч байтугай төсөвт суулгасанаас хоёр дахин буурч 3000 ам.долларт хүртлээ буурч магадгүй гэсэн. Харин үүнд манай эрх мэдэлтнүүд зэсийн үнэ унасан, бүр цаашилбал зэс авдаг орнууд худалдан авалтаа багасгачихлаа гэж бусдыг буруутгаж суух юм. Гэтэл тэд энэхүү эрсдлийг нарийн тооцож төсвөө тодотгох ёстой байсан. Энэ л бидний яриад байгаа тооцоо судалгаан дээр суурилсан эрүүл, үнэн зөв тоо баримт билээ. Ингэж чадахгүй бол төвсийн нөхцөл байдал улам бүр дордоно.
Өнөөдрийн байдлаар манай улсын эдийн засаг 3 хувийн өсөлттэй байгаа. Гурав хүрэхгүй жилийн өмнө 17 хувьтай байсан шүү дээ. Үнэхээр харамсалтай. Гэвч "голсон юм гол дарж, шилсэн зүйл шил дарна" гэдэг үгийг мартах учиргүй. Эх орны "алтан 3"-ыг хамгаалж, тордох учиртай. Ингэхийн тулд илүү зардал огт гарах учиргүй. Нэгэнт нөхцөл байдал хүндэрсэн учир болохгүй бүтэхгүй, хөрөнгө мөнгө их зарах төсөл хөтөлбөрүүдийг зоригтойгоор зарцаах хэрэгтэй. Иргэдэд амласан худлаа амлалтаа мартах ёстой. Мөн нэн шаардлагатай байгаа төсөл хөтөлбөрүүдийг хөдөлгөх цаг ирсэн. Одоо хэдий болтол хоосон популизм хийж суух билээ дээ. Хэрээс хэтэрсэн "ноён" ам.долларын ханшийг "хазаарлахгүй" бол хямрал үргэлжилсэн хэвээр байх болно. Ам.долларын үнэ ахиад өдрөөс өдөрт өсч эхэллээ. Өнгөрсөн долоо хоногт хоёр мянган төгрөг даваад байсан ам.доллар хоёр, гуравхан төгрөгөөр буурлаа. Ойрын өдрүүдэд дахин нэмэгдэхгүй гэх баталгаа ч алга. Ерөнхий сайдын өнгөрсөн хавар долоо хоногийн дотор олж ирсэн найман тэрбум ам.доллар хаачсан бэ. Яагаад ам.долларын ханшийг "хазаарлаж" чадахгүй байна вэ. БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди Монгол Улсад айлчлах үеэрээ нэг тэрбум ам.долларын зээл өгөх болсон. Оюутолгой төслөөс 6 тэрбум ам.долларын асуудал шийдэгдсэн. Мөн Ерөнхий сайд айлчлалынхаа хүрээнд Дубай хотын CIB гэх банк санхүүгийн томоохон групптэй гэрээ байгуулсан. Энэ гэрээгээр Монгол Улсад Хөрөнгө оруулалтын сан байгуулах замаар нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон. Ингээд долоохон хоногийн дотор манай эдийн засаг руу 8 тэрбум ам.доллар орж ирэхээр болсон. Гэвч "ноён" ам.доллар хүний урманд 200 байтугай хоёр төгрөгөөр ч буурсангүй.
Ямартаа ч дээрх үнэт зүйлийг хадгалж, төсвийн тооцооллоо үнэн зөв, тооцоо судалгаатай хийж төсөвтөө тодотгол хийнэ гэж ихэд найдаж сууна. Төсвийн тодотголыг хуулийг хугацаанд нь өргөн барих ёстой тул өнөөдөр заавал өргөн барина. Энэ удаагийн төсвийн тодотголоос ирээдүй ихээхэн хамаарна шүү !!! бодлого тодорхойлогчдоо.
Г.Ган
Сэтгэгдэл