Сонгуулийн хууль намрын чуулганы хугацаанд багтан батлагдах учиртай. Сонгуулийн дөрвөн өөр хууль өргөн баригдсан тул парламент холбогдох журмын дагуу дөрвүүлэнг нь хэлэлцээд, хэрэгтэй заалтуудаа нэгтгэн батлах боломжтой юм. Баасан гарагийн нэгдсэн чуулганы хуралдаанаар дөрвөн өөр агуулга бүхий сонгуулийн хуулийг нэгтгэх ажлын хэсэг байгуулахаар болсон.
Ажлын хэсэг өргөн баригдсан дөрвөн өөр сонгуулийн хуулиаг нэгтгэж, хэрэгтэй заалтуудыг нь нэг саванд түүх нь ээ. Улстөрийн намуудын эрх ашгийн үүднээс боловсруулагдсан эдгээр дөрвөн хуулийн дундаас чухам ямар хууль босож ирэхийг таамаглахад бэрх.
Ямартай ч хуулийн нэгж заалтуудыг нэгдсэн сав руу хийх тэмцэл хурцаар өрнөхөөр харагдаж байна. Ингээд дөрвөн өөр сонгуулийн хуулийн товч агуулгыг дорх байдлаар хүргэж байна.
-Сонгуулийн сурталчилгааг 14 хоногт хийнэ-
УИХ-ын гишүүн Р.Бурмаа нар Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Энэ ажлын хэсэг дотроо асуудлаа нэгтгэж чадаагүй бөгөөд нэр бүхий гишүүд гарын үсэг зурахаас татгалзсан талаар намын бүлгүүд дээр яригдаж байв. Гэсэн ч өргөн баригдсан бөгөөд хамгийн ихээр урагшаа явах өндөр лоббитой хууль нь гэгдэж буй.
Уг хуулийн төсөл Ерөнхийлөгч, УИХ, Орон нутаг, нийслэлийн сонгуулийн хуулийг нэгтгэсэн гэдэг утгаараа томоохон өөрчлөлт хийхээр харагдаж байгаа. Сонгуулийн сурталчилгааны хуулиар зөвшөөрөх хугацааг энэ хуульд 14 хоног байхаар тусгаж өгсөн нь анхаарал татаж байгаа. Мэдээж энэ чигээрээ батлагдах боломжгүй ч сайндаа нэг долоо хоногоор сунгах лобби хийгдэнэ гэх яриа явж буй юм.
-Жагсаалтыг чухалчилсан хуулийн төсөл-
О.Баасанхүү нарын өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд жагсаалтаар сонгогдох гишүүдийн тоог өгсөгөх асуудал тусгагдсан. Энэ хууль "Шударга ёс" эвслийн сонгуульд оролцох ерөнхий томьёоллыг илэрхийлж буй. Тус бүлгээс энэ удаа тойрог хэрхэн хуваарилах асуудлыг чухалчилжээ. Тухайлбал, 26 тойргоос 38 хүн нэр дэвших, 38-д нь нам, эвслийн нэр дэвшигчийн авсан саналын тоог үндэслэн жагсаалтаар эрэмбэлнэ. Ерөнхийдөө томсгосон тойргийг дэмжиж байгаа ч жагсаалтыг иргэдийн сонголтоор хийнэ гэдгээ онцолжээ.
Сонгууль хэрхэн явагдах зарчмыг тэд боловсруулахдаа бүх хэсэгт гар аргаар давхар тоолох, сурталчилгааны хоногийг 43, тойргийн хороодын 75 хувь нь намуудын төлөөлөл, 25 хувь нь төрийн албан хаагч байх зэргийг төсөлдөө тусгаад байгаа юм. Сонгуулийн хоногийн тоог үнэмлэхүй байдлаар өсгөх сонирхол байгаа нь эндээс харагдаж байна.
-Гар аргаар тооллого явуулна-
Су.Батболд нар УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулинд УИХ-ын 48 тойргийг аймаг, нийслэл, сум, дүүргийн хүн амын тоо, засаг захигаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарийг харгалзаж байгуулах гол санаа орсон байгаа. Мэдээж, МАН-ынхны баримталж ирсэн жишгээр гадаадад байгаа Монголчуудыг санал өгөх боломжоор хангах асуудлыг хөндсөн. Ерөнхийдөө МАН талын үзэл шингэсэн хууль.
Улмаар хар машинд итгэдэггүй МАН-ын зүгээс гар аргаар давхар тоолох, түүнийг хэрхэн хянах аргачлалыг ч мөн хуулиндаа тусгаж өгсөн. Сонгуулийн маргааныг тухайн бүсд шийдэх боломжоор хангахыг зорьж буйгаа хууль санаачлагчид онцолж байгаа юм.
-Төрийн албан хаагчдын асуудлыг цэгцэлнэ-
Х.Тэмүүжин гишүүний өргөн мэдүүлсэн УИХ-ын сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах тухай хууль. Төрийн үйлчилгээний албан хаагчдыг сонгуульд нэр дэвших боломжоор хангах асуудлыг тусгаж өгснөөрөө онцлог гэгдэж буй. Төрийн үйлчилгээний албан хаагчид эмч, багш нар ажлаасаа чөлөөлөгдөж байж сонгуульд нэр дэвшдэг байсныг энэ хуулиар өөрчлөхөөр болж байгааг тэмдэглүүштэй.
Хууль санаачлагчийн зүгээс " Би ганцаараа санаачлаагүй. Хууль тогтоогч УИХ-ын гишүүд бол багш, эмчийг энэ заалтад оруулахгүй гэсэн бодлого барьсан боловч бичвэр дээрээ цуг ороод ирчихсэн юм байна лээ. Тиймээс 26.6-д заасан улс төрийн албан хаагчаас бусад гэсэн заалтыг төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан орохгүй гээд багш, эмчийг чөлөөлөх байдлаар оруулая гэдэг зохицуулалт байгаа юм " гэсэн тайлбар хийсэн билээ.
Сонгуулийн хуулийн ерөнхий төрх одоо шинээр байгуулагдах ажлын хэсгээс ихээхэн хамааралтай болов. Энэ долоо хоногийн байнгын хороод, нэгдсэн чуулганаар хэлэлцэлцэх асуудлын жагсаалтад сонгуулийн хуулийн төсөл багтаагүй. Тэгэхээр анхны хэлэлцүүлгийн асуудал мөн хүлээлт үүсгэж байна.
Ж.Мядагбадам
Сэтгэгдэл