Дөчин гишүүний гарын үсэгтэй төсөл хаа хүрэх вэ?


Дөчин гишүүний гарын үсэгтэй төсөл хаа хүрэх вэ? Таван толгойн гэрээтэй холбоотой тогтоолын төсөлд 40 гишүүн гарын үсэг зурсан. Хэзээ мөдгүй өргөн барих гэж байгаагаа мэдэгдсэнээс хойш хоёр хоног "дуншиж” байна. Эрхэм гишүүд энэ удаа 1072 ширхэг хувьцааг саналын эрхтэй байлгах ёстой гэсэн заалтыг оруулаад байгаа. Ингэснээр Таван толгойг ард түмний мэдэлд байлгаж, тэдний талд шийднэ гэсэн товчхон атлаа тодорхой зорилго тавьснаа хэлж буй.

Мөн Таван толгойн ордын 51-ээс доошгүй хувийг төрийн өмчит "Эрдэнэс Таван толгой” компани, Монголд шинээр баригдах төмөр замын 51-ээс доошгүй хувийг төрийн өмчит "Монголын төмөр зам компани” эзэмших нь зүйтэй. Гэрээнд гуравдагч хөршийн бодлогыг баримтална гэсэн заалтуудыг тус, тус хуульчлаад байгаа. Ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэг хэлэхдээ 40 гишүүний гарын үсэг зурсан төсөл Засгийн газар өмнө нь Таван толгойн 98 хувийг гадаадын компанид өгөхөөр дур мэдэн хийх гэж байсан гэрээтэй адилгүй болохыг онцолсон.

Хэрэв энэ төсөл өргөн баригдаж, Засгийн газар, УИХ-аас олонхийн дэмжлэг авбал Монгол Улс өөрийн хөрөнгөөр хайгуул хийж анх нээсэн, 100 жилийн нөөц бүхий, Монголын гурван сая иргэн хувьцаа эзэмшиж буй Таван толгойн ордыг улс төрчдийн дур зорог, хувийн тоглолтоос ангид байлгаж чадах юм. Ерөөс хэн нэг гарын үсэг зурах эрх бүхий этгээд, дур зоргоороо авирладаг сайд, дарга, эсвэл нэг Засгийн газар гарч ирээд дур мэдэн хөрөнгө оруулалтын гэрээ хийчихэж болохгүй.

Ард түмнээсээ асууна гэсэн үг юм. Монгол Улсын Үндсэн хууль дахь газрын хэвлий доорх байгалийн баялаг ард түмний өмч, төрийн мэдэлд байна гэсэн заалт жинхэнэ утгаараа хэрэгжих юм. Таван толгойгоо Оюутолгойн араас алдахгүй гэсэн баталгаа юм. Монголын төр ард түмнээ, улс орноо боддог бол түүний төлөө хууль, тогтоомж гаргах учиртай. Харин төрд байгаа хулгайч нарын гар, хөлийг давхар давхар "гавлаж” 40 гишүүн гарын үсгээ тодоос тод зурсан Таван толгойг аварч, ард түмний мэдэлд байлгах гэсэн "Ард түмний” гэж нэрлэж болох тогтоолын дээрх төсөл хаа хүрэх бол. Хэрхэхийг хэдхэн өдрийн дараа харах л үлдлээ.

Ч.Зотол

Зууны мэдээ


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.