“Супер баатар”, марафонч, улаан утаа асаагчтай сонгуулийн эхний өдөр


2020 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаа өчигдөр эхэлсэн. Нэр дэвшигчид өөрсдийгөө тогос шиг гоён, тойрог руугаа хүлгийн жолоо залаад буй. Сонгуулийн сурталчилгааны эхний өдөр сонин содон, хөгтэй, хөгжилтэй үйл явдал цөөнгүй болов. Эдгээрээс заримыг нь онцоллоо.

Н.Ган-Од П.Анужинг амлав

Өчигдөр өрнөсөн гол дуулиануудын нэг нь трансжендер Ганбууш буюу Н.Ган-Од энэ удаагийн сонгуульд “Эрх чөлөөг хэрэгжүүлэгч” намаас Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшсэн явдал. Гэнэт нэр дэвшихээ зарлан, мандатаа авсан тэрээр улс төрд ёс зүй хэрэгтэй гээд П.Анужинг амлан авснаа зарласан.

Үүнийгээ Н.Ган-Од “Улс төрчдийн гэр бүл, хувийн амьдрал тогтвор суурьшилтай байх чухал. Би өдий хүртэл гэр бүлтэй, үр хүүхэдтэй болохын төлөө зорьсоор өдий ирсэн. Гэтэл зарим хүн хэд, хэдэн гэр бүлийг салгаж, нийлүүлээд явчихаж байгаа байхгүй юу. Яг тийм хүн төрд тэнцэх үү. Үүнд би их гайхдаг. Манай тойрогт МАН-аас П.Анужин өрсөлдөж байгаа. Тиймээс түүний өрсөлдөх 28 дугаар тойрогт нэр дэвшлээ” гэж онцолсон.

Н.Ган-Од 2016 оны УИХ-ын сонгуулийн Нара буюу М.Нарантуяатай үзэж тарсан удаатай. Энэ удаа П.Анужинг амлан авлаа. Тэдний өрсөлдөөн цаашид хэрхэн өрнөх нь олны анхаарлыг татаж байна.

Супер баатрын хувцастай нэр дэвшигчид

Үе үеийн сонгуульд нэр дэвшигчид мандатаа авахдаа албан ёсны хувцас өмсөж, очдог. Тэгвэл Баянгол дүүрэгт бие даан нэр дэвшсэн П.Бүүвэйбаатар, “ШИНЭ” эвслээс өрсөлдөж буй Ц.Солонго нар супер баатрын хувцас өмсөж ирсэн нь этгээд содон байлаа.

Олны нийтлэг жишгийг эвдэн, өөрсдийгөө супер баатруудтай “зүйрлэсэн” тэд яагаад ингэж хувцасласан юм бол. Үүнийгээ П.Бүүвэйбаатар “Өнөөгийн амьдрал ямар байгаа билээ. Цөөнх нь баяжиж, ард түмэн ядуурч байна. Нам дагасан бүлэглэлүүд, МАНАН үүссэн. Намууд нэр дэвшигчдээ 100 сая төгрөгийн босго тавьчдаг болсон. Үүнийг өөрчлөх, эргэлтийн цэг нь 2020 оны УИХ-ын сонгууль. Энэ сонгуульд олон бие даагч ялаасай гэсэндээ ийм хувцас өмсөж ирлээ” гэв.

Сонгуулийн улаан утаатай нээлт

“37-р точка” кинон дээр зодолдохынхоо өмнө улаан утаа асаагаад л яваад байдаг даа. Яг тэр дүр зураг бодит амьдрал дээр, бүр сонгуулийн нээлтэн дээр давтагдав. Улаа утаа асаан алхах залуус сүртэй гэж жигтэйхэн. Аргагүй ээ, сонгуулийн сурталчилгаа дуустал “37-р точка”-гийнхны зодооноос дутахгүй зүйл болж ч мэднэ.

Тойрогтоо 23 км гүйн, өөрийгөө сурталчлав

Тусгайлан зассан индэр дээр, цэмцийн зогсоод илтгэл тавьж, тойргийнхонтойгоо уулзах нь сонгуулийн үеийн ерөнхий дүр төрх. Тэгвэл өчигдөр нэгэн нэр дэвшигч нэр дэвшсэн тойргоо тойрон гүйж, иргэдтэй уулзав. “Гэр хороолол хөгжлийн нам”-аас Сүхбаатар дүүрэгт нэр дэвсэн тэрээр тус дүүргийн нутаг дэвсгэрээр ганцаараа 23.2 км гүйн, өөрийгөө сурталчилжээ.

С.Жавхлан гишүүний урагшгүй албат

Гавьяат жүжигчин С.Жавхлан энэ удаагийн сонгуульд АН-аас Увс аймагт нэр дэвшиж буй. 2016 онд Баянзүрх дүүрэгт бие даан өрсөлдөөд ялсан тэрээр энэ удаа АН-аас нэр дэвшихыг илүүд үзсэн. “Тойргоо сольсон минь тавилан юм даа” гээд нутгаа зорьсон түүний сонгуулийн сурталчилгаа багагүй барзадтай эхлэв.

Урагшгүй туслахууд, сонгуулийн штабынхан нь түүний сурталчилгааг яг явган хүний зам дээр байрлуулсан нь ихэд шүүмжлүүлэв. Хажууд нь бус яг голд нь. Иргэдийг хаагуур нь яв гэсэн юм бол. Ядаж байхад С.Жавхлангийн уриа нь “Цуг урагшилна шинэ замаар” байдаг. Гэтэл иргэдийнхээ замыг нь хаачихад яаж цуг ураглах гэж байгаа юм бол гэж гайхаж буй хүн цөөнгүй. 

Г.Жаргал

Эх сурвалж: eguur.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.