Иргэд баялагтаа эзэн байх хоёр дахь алхмаа МАН хийх нь


Иргэд баялагтаа эзэн байх хоёр дахь алхмаа МАН хийх нь

 

Байгалийн баялаг ихтэй, өргөн уудам газар нутагтай ч ядуу, ядруу монголчуудыг “Алтан дээр суусан гуйлгачид” гэж нэрийдэх нь бий. Тэгвэл монголчууд байгалийн баялгаа өөрсдөө хүртэж, гуйлгачин байхаа болих нөхцөлийг эрх баригчид өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд бүрдүүллээ. Үнэмлэхүй олонхийг бүрдүүлсэн УИХ бүрэн эрхийнхээ хугацаанд 10 гаруй жил ярьсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлахдаа байгалийн баялгийн үр өгөөжийг ард түмэнд хүртээх зохицуулалтыг хуульчилсан нь үүний жишээ. Тодруулбал, Үндсэн хуулийн 6.2-т “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн.

Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ. Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй.

Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэж тусгасан юм.

Тэгвэл МАН Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлэх хүрээнд уул уурхайгаас олох үр шимийг баялгийн сангаар дамжуулан иргэн бүрт тэгш шударга хүртээх тогтолцоог бүрдүүлэхээр сонгуулийн мөрийн хөтөлбөртөө ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САН байгуулахыг тусгайлан заажээ. Гэхдээ энэ нь зөвхөн мөрийн хөтөлбөр төдий хоосон амлалт биш, биелэх, хэрэгжих боломжтой ажил. Хэрэгжүүлэх үндэс суурь нь Үндсэн хуулиар баталгаажсан Баялгийн сангийн хууль болон гарах гэж байна.  Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсгийнхэн Баялгийн сан байгуулах хуулийн төслийг боловсруулж бэлэн болгожээ. Энэхүү хуулийн төслийг баталж, уул уурхайн бүтээгдэхүүний үр өгөөжөөр улс орон, ард иргэдэд хэрэгтэй, хэрэгцээтэй хөрөнгө оруулалт хийснээр Үндсэн хуулийн өөрчлөлт бодитоор хэрэгжиж, МАН-ын мөрийн хөтөлбөр биелэх юм.

Дэлхийн туршлагыг Монголд

Байгалийн баялгийн өгөөжийг зөв менежментээр удирдаж, ард иргэд, улс орондоо ашигтай хөрөнгө оруулалт хийж болдгийг Норвеги, Чили, Арабын Нэгдсэн Эмират зэрэг улсын туршлагаас харж болно. Тэд ашигт малтмалынхаа орлогоос тодорхой хувийг Баялгийн сандаа байршуулан арвижуулдаг нийтлэг туршлагатай. Ингэхдээ ашигт малтмалын үнэ өндөр үед орлогоо баялгийн санд төвлөрүүлж, бага үед нь төсөв болон тэтгэврийн даатгалын сандаа баялгийн сангийн хөрөнгөнөөсөө зарцуулдаг байна. Одоогоор Кувейт, Сингапур, Шинэ Зеланд, Вьетнам, Азербайжан зэрэг 49 улс баялгийн сантай болжээ. Баялагт суурилсан хамгийн том сан нь Норвегийнх бол Саудын Араб, Кувейт, Катар, Алжир, Казахстан зэрэг орны сан дараа нь эрэмбэлэгдэж байна.

Манай улсын хувьд өмнө нь стратегийн ордуудад тулгуурлан баялгийн сан гэж болохуйц Хүний хөгжил санг байгуулсан. Гэсэн ч санд төвлөрүүлсэн хөрөнгийг иргэдэд бэлнээр тарааж, эцэст нь сангаа алдагдалд хүргэж, татан буулгасан түүх бий. Тиймээс баялгийн санг түүх болгон үлдээхгүйн тулд Норвеги зэрэг улсын туршлагыг нэвтрүүлэх нь зүй билээ. Норвеги байгалийн нөөцөө урт хугацааны зөв бодлогоор удирдахын тулд Баялгийн сангаа 1990 онд байгуулсан түүхтэй.

Тус улсын дотоод зах зээл нь Монголынх шиг жижиг хэрнээ эдийн засаг нь өрсөлдөх чадвараараа дэлхийд айргийн тавд бичигддэг, нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээгээрээ тэргүүлэгчдийн тоонд ордог. Тус сан нь 1.1 их наяд ам.доллар буюу дэлхийн дахинд үйл ажиллагаа явуулж буй нийт Баялгийн сангийн нийт хөрөнгийн 15 орчим хувийг дангаараа эзэмшдэг байна. Улмаар Норвегийн иргэд хамгийн аз жаргалтай, чинээлэг ард түмнээр нэрлэгддэг юм.

Тиймдээ ч Баялгийн сан байгуулах төсөл боловсруулж буй ажлын хэсгийнхэн Норвегийн баялгийн сангийн зарчмаар бүтээлч аж үйлдвэрлэл, дижитал эдийн засгийг дэмжих, төрөлжилтийг хангах үндэсний хэмжээний томоохон төслүүдийн хөрөнгө оруулалтыг дэмжихээр төлөвлөжээ. Улмаар санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулж, сангийн мөнгийг арвижуулахаар тооцсон байна. Харин Баялгийн санг стратегийн 16 ордод төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэхээр байгуулсан “Эрдэнэс Монгол” компанийг түшиглэн байгуулахаар төлөвлөснийг эх сурвалжууд дурдаж буй. Түүнчлэн баялгийн сангаас иргэдэд шууд болон шууд бус, дам гэсэн гурван хэлбэрээр өгөөж хуваарилахаар төлөвлөсөн байна.

Ийнхүү байгалийн баялгийг баялгийн сангаар дамжуулж эздэд нь хүртээх цаг тун ойртжээ. Харин Баялгийн санг хэзээ байгуулах, хэн удирдахыг хэрхэн сонгохоос энэ их ажлын үр дүн ямар байх нь мэдэгдэх билээ.

МАН-ын мөрийн хөтөлбөр дэх Эдийн засгийн бодлогын чухал хэсэг болох Үндэсний баялгийн сан байгуулахтай холбоотой заалтуудаас дурдвал, Баялгийн сангийн тухай хууль гаргана, уул уурхайгаас төвлөрүүлж буй орлогыг нэмэгдүүлж, баялгийн санд жилд нэг их наяд төгрөгөөс багагүй хуримтлал бий болгоно гэжээ. Мөн Баялгийн сангаас санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулж, сангийн хөрөнгийг арвижуулна гэсэн байна. 

 

Г.Хэрлэн

Эх сурвалж: "Өнөөдөр" сонин


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.