НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын дарга Маргаретта Уолстром өнөөдөр манай улсад албан ёсны айлчлал хийх юм. Үүнтэй холбогдуулан Төрийн ордонд Гамшгийн эрсдэлийг бууруулах өндөр дээд хэмжээний бодлогын хэлэлцүүлэг зохиохоор болжээ. ҮАБЗ-ийн гишүүд, УИХ, Засгийн газрын гишүүд, НҮБ-ын төлөөлөгчид, холбогдох албаныхан гээд 400 гаруй төлөөлөгч оролцох энэ хэлэлцүүлгийн талаар Шадар сайд У.ХҮРЭЛСҮХЭЭС тодрууллаа.
-Хэлэлцүүлгээр ямар асуудлыг ярилцах вэ?
-Гамшиг ослоос улс орноо яаж урьдчилан сэргийлэх вэ, яаж хамгаалах вэ гэдгийг ярих болно. Гамшиг осол гарсны дараа арга хэмжээ авах биш гарахаас урьтаж, урьдчилан сэргийлэх нь чухал. Ингэхийн тулд ард иргэдийнхээ гамшгаас сэргийлэх боловсролыг дээшлүүлэх шаардлагатай. Ой хээрийн түймэр гарахад ард иргэд өөрсдийгөө яаж аварч хамгаалах юм, мал ахуйгаа яах юм, гэр орноо яах вэ гэдэг мэдлэгийг зайлшгүй заах шаардлагатай. Үүнийг гамшгийн боловсрол гэж нэрлэдэг. Хүн төрөлхтөн гамшгийн боловсролд маш их анхаардаг болСон. НҮБ-аас бүх улс орны төр засагг хандаж, гамшгаас хамгаалах Онцгой байдлын албадыг бэхжүүлэх зайлшгүй шаардлагатай гэдэг асуудлыг тавьж байгаа.
-Ер нь гамшгийн эрсдэл Монгол Улсад ямар байгаа вэ?
-Би цөөн баримт хэлье. 2015 он гарсаар Улаанбаатар хотын орчимд л гэхэд 390 удаагийн газар хөдлөлт мэдрэгдсэн. Газар хөдлөлтийг хэмждэг станцуудыг байрлуулсан байдаг. Тэрхүү станцаас ирүүлж байгаа мэдээллээр газар хөдлөлт урьд оныхоос өссөн байна. Энэ бол дохио санамж. Гай гамшиг хэлж ирдэггүй, хийсч ирдэг. Муу ёрлож байгаа юм биш, гай гамшигт урьдчилсан байдлаар бэлэн байх зайлшгүй шаардлагатай. Сая Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Жеймс Андерсонтой уулзахад хэлж байна. Дэлхийн банкны төслөөр газар хөдөлбөл яах вэ гэж судалгаа хийхэд Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлдэг сургуулиудын 58 хувь нь эрсдэлтэй гэсэн дүгнэлт гарчээ. Тэгэхээр бид хаа, хаанаа олон зүйлд бэлтгэлтэй байх шаардлагатай гэсэн үг.
Ер нь сүүлийн 10 жилийн судалгааг нэгтгэсэн тоон мэдээллийг авч үзэхэд Монгол Улсад 33 мянга орчим гамшиг тохиолдсон байгаа. Гамшгийн улмаас 2237 иргэний амь эрсдэж. 12.1 сая мал хорогдсон. Шууд хохирол нь нэг их наяд 70 тэрбум төгрөг. Онцгой байдлын алба ажилласны үр дүнд 860 иргэний амь насыг аварч, жилд дунджаар 11.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг хамгаалсан. Ийм л зовлон бэрхшээл байнга тохиолддог болсон.
Ч.ГАН /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
Сэтгэгдэл