Биеэ, гэрээ засаагүй нөхөд “ТӨРӨӨ ЗАСНА” л гэнэ шүү


Тойргоо сольж байгаа нөхдүүд цаанаа л нэг сонин, ёозгүй санагдаад байгаа юм. Хуучны юм ул болж байгаа гэх хэдий ч өмнө нь сонгогдсон тойргоосоо зугтаж өөр тойрог руу гүйж байгаа нь эхнэр, нөхрөө сольж эрээгүй, жудаггүй аашилж байгаатай адил үйлдэл.

Уг нь хийсэн бүтээсэн бол түүнийгээ үнэлүүлж, эс хийсэн бол зэмлэлээ хүртээд, сануулга аваад явж болмоор. Гэтэл улааныг харж урваж шарыг харж шарвана гэгчийн үлгэрээр өөр тойрог руу соохолзож байгаа нь яавч төрийн зүтгэлтнүүдийн хийх ажил биш гэж санагдаад байгаа юм.

Ер нь ч тийм л дээ. Монголын уран сайхны “Хүргэн хүү” кинонд Нэгдэлд элсүүлэх тухай хурлын үеэр Сумын Засаг дарга “Дэмбэрэл чи нэгдлийн гишүүнийг ялгаварлан гадуурхаж, зодож байсан гэдэг үнэн үү” гэхэд “Үнээн, би төөрөлдөж явсан удаа бий. Харин одоо ойлгож байгаа” гэдэг шиг. “Сонгогчид минь ээ, учраа олохгүй, жаахан бүтэлгүй явсан нь бий. Гэхдээ одоо бүгдээрээ эвсээд нэг үзвэл ямар вэ” гээд сууж байсан бол дүүрэгтээ, тойрогтоо элэгтэй нөхөр байна, буруугаа ч хүлээж байна, хийх арга, гарц гаргалгаагаа ч олов бололтой гээд “”Далайлт нь хүчтэй ч буулт нь адуу” гэгчээр байж мэдэх л юм. Монголчууд уг нь тийм ард түмэн шүү дээ.

Гэтэл юу юуны туханд хүрээгүй, хийж бүтээж гавьтай гийгүүлсэн юмгүй байж дахин өөр сонгогчдын тархийг угаахаар санаархаж байгаа нь даанч эмгэнэлтэй. Төр нийгэмд үнэлэгдчихсэн, хаанаас л бол хаанаас дэмжээд гаргаад ирэхээр тийм хэмжээнд хүрчихсэн бол бас яая гэхэв.

Тэгтэл улсын төсвийн мөнгөөр хийгдсэн сургууль, цэцэрлэгийн барилга зэргийг “Би төсөвт мөнгө суулгуулж байж босголоо” гээд явах нь үнэн хөгийн, өрөвдмөөр харагдаж байгааг өөрөө эс юмаа гэхэд өөрийг нь сурталчилж байгаа нөхөд уг нь хэлээд өгмөөр юм. Тойргоо сольж байгаа энэ үйлдэл чинь эхнэр, нөхрөө, гэр бүлээ сольж байгаатай агаар нэг үйлдэл шүү дээ, уг нь. Тэгэхлээр биеэ засаагүй, гэрээ бүр засаагүй нөхөд л тойргоо сольж гүйгээд ТӨРӨӨ ЗАСНА гээд байхаар ард иргэд хэндээ итгэх болж байна вэ. 

С.Туул

Эх сурвалж: erennews.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.