Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон "зөвлөх инженер" цолыг хууль бусаар авсан уу?


Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар томилогдсон Г.Ёндон нь Эрхүү хотын Политехникийн сургуульд уулын инженер, маркшейдер мэргэжлээр төгссөн. "Монголросцветмет” ТӨҮГ-ын Бор Өндөр УБҮ-т хэсгийн маркшейдер, Ерөнхий маркшейдер,Заамарын "Шижир алт " үйлдвэрийн захирал, "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газрын орлогч дарга, "Монголросцветмет” ТӨҮГ-ын үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирал гээд насаараа уул уурхайн салбарт ажиллажээ.
Мөн тэрээр "МОНГОЛ УЛСЫН ЗӨВЛӨХ ИНЖЕНЕР" гэжээ.Уул уурхайн зөвлөх, мэргэшсэн инженерүүд нь орд газрын техник эдийн засгийн үнэлгээ /ТЭЗҮ/ батлах, шинжилгээ, дүгнэлт хийх эрхтэй,Монгол улсын эрдэс баялгийг үнэн зөв тогтоож, ашиглах маш хариуцлагтай үүрэг хүлээдэг. Гэтэл шинэ сайдын нэр "Монголын геологи уул уурхайн мэргэжлийн институт"-ын албан ёсны вэб сайтад бичигдсэн зөвлөх инженерүүдийн нэрсийн жагсаалтад алга. Учрыг нь хөөж үзвэл Ашигт малтмалын шинэ хуулийн дагуу 2015 онд Уул уурхайн сайдын тушаалаар "Геологи уул уурхайн салбарын мэргэшсэн мэргэжилтэн, шинжээчийн эрх олгох асуудлыг хэрэгжүүлэх эрхийг " Монголын уул уурхайн мэргэжлийн институт " ТББ-д шилжүүлсэн байна. Гэтэл ийм эрхгүй "Уул уурхайн мэргэжлийн холбоодын зөвлөл " гэгч ТББ болон ШУТИС-ын харьяа Уурхайн зөвлөх, мэргэшсэн инженер бэлтгэх сургалтын төв хамтран сургалт зохион байгуулж, 2016-2018 онд 20 хүнд зөвлөх инженер, 111 хүнд мэргэшсэн инженерийн эрх олгожээ. Түүний нэг нь Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонгийн "зөвлөх инженер " юм. Цорын ганц эрх олгох эрхтэй " Монголын уул уурхайн мэргэжлийн институт " байсаар байтал хажуугаар нь эрх олгох эрхгүй ТББ эдгээр хүмүүст цол олгосныг эсэргүүцэн салбарын мэргэшсэн инженерүүд АТГ-д хандсан байна. АТГ-аас энэ үйлдлийг хянаж үзээд Төрийн албаны тухай хуулийн "ашиг сонирхолын зөрчлөөс ангид байх " заалтыг зөрчсөн болохыг тогтоожээ. Хууль зөрчиж, зөвлөх, мэргэшсэн инженерийн зэрэг олгосон асуудалтай салбарын мэргэшсэн инженерүүд тэмцээд эхэлтэл Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд Д. Сумьяабазар хэдхэн хоногийн өмнө буюу 2020.07.01-ны өдөр тушаал гаргаж "Монголын уул уурхайн мэргэжлийн институт" ТББ-ын мэргэшлийн зэрэг , шинжээчийн эрх олгох эрхийг нь хүчингүй болгожээ.Д.Сумьяабазрын энэ тушаалыг уул уурхайн салбарын мэргэшсэн инженерүүд эсэргүүцэж шүүхэд хандахаар болжээ.


Сэтгүүлч Б.Отгон


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.