
Ардчиллын дараахь жилүүдэд газар авсан гаж тогтолцоо Монголыг маань сүйрүүлэхнэ ээ. Коммунист суртлын буулган доор зүтгэж, хөрөнгө мөнгөний бараа харах эрхгүй далаад жил номхон явсан монголчуудад ардчилал юмтай байх боломжийг олгосон.
Хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж бужигнасан он жилүүдэд зарим нь зөв замаар, зарим нь буруу замаар будаа тээж унаж босож явна. Гэвч ухаанаа уралдуулж, эх орон ард түмэндээ хэрэг болох юмны үзүүрээс барьж, тэвчээртэй байж, аажмаар хөл дээрээ зогсдог ёс жаягаас тэс хөндлөнгөөр явахыг оролдогчдын тоо олширсноос байдал хүндэрч байна.
Эд бүхний дотроос хамгийн муухай үзэн ядууштай "бизнес” нь улс төрд шургалан орж, хахууль шантаажаар мөнгө олж, улсад баялаг бүтээх бус харин бүтээгчдийг дарамтлах, эсхүл эрх мэдлээ ашиглан шударга өрсөлдөөн гарах боломжийг бүрэн хааж, танил тал найз нөхдөдөө найр тавьж улсад нөхөшгүй хохирол учруулагчид юм.
Мэдлэг чадвар дулимаг, улс орноо бүтнээр нь харах бүү хэл хамрынхаа үзүүрээс цаашхийг харах мэлмийгүй харалган, өгөгдөлгүй төрсөн нөхдүүд "Сүүгүй хонь холбоонд орохдоо дуртай” гэгчээр түшээдийн цүнхийг барьж хойно өмнө нь бөндөгнөсөөр улс төрд шургалж, тэнд очсон хойноо амин хувийн адгаг шуналаа гүйцэлдүүлж, үнэн мөнөөрөө яваа хүн бүхнийг 9911-тэй утасныхаа цаанаас хохироож, улс Монголд минь увайгүй сэтгэлээр хандаж байна.
Энэ бүхэн газар авсаар хуулийг улс орны эрх ашигт биш, хувь хүний, компаны эрх ашигт нийцүүлж "үйлдвэрлэдэг” парламенттай болжээ.
Усны эх нь булингартай бол адаг нь булингартай байдгийн учир дээрээ суудлаа олоогүй, доороо гүйдлээ олоогүй монголчууд арын хаалга, хээл хахууль, авилгалын торонд хэрэгдээд өөрөө өөрийгөө сөнөөхөд хүрээд байна.
Эх орноо лиценц нэрээр гадныханд зарж, байгаль ус бохирдож, мал ан амьтан, малчин ард уугуул нутгаасаа шахагдаж газар нутаг эрэмдэг, зэрэмдэг болон сэглэгджээ.
Уул уурхайн хөлд сүйрч буй нутгаа хамгаалалтад авхуулья гэж 3 жилийн турш дээд газарт 1300 удаа өргөдөл хүсэлт явуулаад байхад нохой хуцсаны чинээ ч тоож харахгүй, хөдөөгийн ард олноо дорд үздэг засаг өнөөдөр сонгууль болохын өмнө яаж хоёр нүүрлэж яваагий нь харцгаагаарай.
Инээд ч хүрэх шиг, уур ч хүрэх шиг. Хээрийн чонотой нийлсэн гэрийн нохой мэт аашилж харийнхантай нийлж улсаа шулсан шуналтангууд оффшор дансанд хорь илүү жил хийсэн "бизнес”-ийнхээ "орлого”-ыг байрлуулчихаад баян хоосны ялгаа тэнгэр газар мэт зөрөөтэй болсон өнөө үед ард түмнээрээ доог тохуу хийн юу ч болоогүй юм шиг маадгар явцгааж байна.
Энэ нөхдийн ихэнх нь Монголын толгой дээр сүүлийн хорь илүү жил сандайлсан хоёр намын төрүүлсэн "үр могой”-нууд юм. "Толгойтой болгон мөнгөнд үхэж, торготой нэг нь хоргой зүүдэлж...” өвчилсөн энэ үед монгол хүний жудаг, ахас дээдсээ хүндлэх, сайхан монгол оронд хүн болж төрснөөрөө бахархах үзэл цөм гээгджээ.Харьд хулгай хийж, хууль зөрчиж монголд амьдрах боломжгүй хэмээн орогнол хүсэгч, цагаачдын тоо зуу зуугаар яригдах болсон байна.
Сүүлийн хориод жил цэцэглэн хөгжиж, 200 хүрэх шахаад байсан монголын их дээд сургуулиудыг дүүргэсэн шинэ үеийн сэхээтний бүхэл бүтэн арми хаана яваа нь харагдахгүй байна.
Ёрын муухай бүхнийг хийж байгаагаа ерийн зүгээр зүйл мэт харагдуулахыг хичээж сонгуулийн өмнө улс төрчид хуурамч багаа өмсөн бүхний толгойг эргүүлэх ажилдаа нэгэнт ороод байгаа өнөө үед сонгогч түмэндээ захих ганц хүсэлт байна.
Он цагийг давж орших учиртай улс Монгол минь нам нэрийн цаана бүлэглэн нуугдсан охор ухаантай, овилгогүй авиртай , шуналдаа дөрлөгдсөн хэдэн үл бүтэх нөхдийн гай балгаар их өрөнд унаж, эдүгээ гаднын банк санхүүгийнхэнд голоо гогодуулчихаад мөхлийн ирмэг дээр ирээд байна.
Иймийн тул энэ сонгуулиар увайгүй зан гаргаж, улс орныг минь мөхлийн гольдролд оруулсан МАН, (МАХН) АН-ыг үл сонгох ганц хувьсагч-тай бодлогод зөв хариу гаргаарай гэж
Цэлгэр Монголынхоо нэрийг барьж,
Цэлмэг тэнгэрийнхээ нарыг барьж та нараасаа гуйя.
Жич: Энэ хоёр намд байгаа эх орноо гэсэн сэтгэлт цөөхөн гишүүдээс уучлал гуйя. Их мөнгө, улаан шуналд дулдуйдсан том хар хүч та нарыг няц даран хөдөлгөхгүй байгаа тул үүнээс өөр арга зам бидэнд алга. Өршөөгөөрэй
Иргэн Т. Батмэнд
Сэтгэгдэл