-Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэж, сүүлийн үед өрнөж буй улс төрийн үйл явцаас бодит байдлыг товчхон хэлье. Өнгөрсөн хугацаанд болсон үйл явцыг та бүхэн мэдэж байгаа. Одоогоор манай "Шударга ёс” эвсэл тодорхой зорилготойгоор Ардчилсан намтай хамтран зарим сайдаа шинээр томилон ажиллаж байгаа. Энэ бол эхлэл, цаашид томилгоонууд үргэлжлэх ёстой. Сайд нарыг томилоход АН ямар санал тавьсан бэ гэхээр УИХ-ын гишүүд дотроос томилно гэсэн. Мөн өмнө нь сайдаар ажиллаж байгаагүй гишүүдээс томилно гэсэн.
Бас байнгын хороодын даргын албатай хүмүүс биш сул гишүүдээс бүрдүүлнэ гэсэн. Тиймээс АН-ын тавьсан саналыг хүндэтгэж сайд нэр дэвшүүлсэн. Иймд одоо ажиллаж байгаа УИХ-ын гишүүдээс тодруулах шаардлагатай болсон. Тэгээд өмнө нь сайдаар ажиллаж байсан гэхээр манай Ч.Улаан, Д.Тэрбишдагва, М.Сономпил нар Засгийн газрын гишүүн болох бололцоогүй болсон. Мөн УИХ-ын дэд дарга, байнгын хорооны дарга нараас томилохгүй гэсэн учраас Л.Цог дарга, О.Баасанхүү гишүүн нар сайд болох бололцоогүй байсан. Иймд манай намд З.Баянсэлэнгэ, Ц.Оюунбаатар нар л үлдсэн. МҮАН-аас Г.Уянга, Н.Батцэрэг нар үлдсэн. Тэдэнд нэг квот хуваагдсан болохоор тэд Н.Батцэрэгийг сайд болгоё гэж шийдсэн. Манай нам дотроо Шадар сайдаар хэнийг томилох тухай ярилцаад, мөн Ерөнхий сайдтай зөвлөлдөөд Ц.Оюунбаатарыг томилсон. Цаана нь хоёр яам үлдсэн бөгөөд МҮАН-ынхан Байгаль орчныг авъя гэсэн. Ингээд үлдсэн Барилга, хот байгуулалтын сайдаар З.Баянсэлэнгийг томилуулсан. Үйл явц ингэж болсон, сайд нарыг ингэж томилсон энд хуйвалдсан зүйл байхгүйг хэлье.
"Засгийн газарт орох хэрэггүй, та нар орохгүй бол Засаг бүрдэхгүй, ээлжит бус сонгууль руу орно” гэж МАН-ын жирийн гишүүд хэлж байсан. Тийм боломж байхгүй юм билээ. Төр, засгийг тогтвортой байлгах бүх талын бололцоог харж, хамтран ажиллаж буй намуудаа хүндэтгэн Засгийн газарт хамтран ажиллаж байна. МҮАН-ынхан Шадар сайдын албыг авах санал тавьсан. 2012 оны сонгуульд амжилттай оролцвол МҮАН МАХН-тай нийлж нэг нам болно гэж тухайн үед МҮАН-ын удирдлагууд ярьж байсан. Тэр санал хэвээр байх. Албан ёсоор больсон гэж хэлээгүй.
Мөн МҮАН-ынхан маань УИХ-ын дэд дарга нь танайх бол бүлгийн дарга нь манайх байна гэж ойлголцсоны үндсэн дээр Л.Цог УИХ-ын дэд дарга болсон. Шаардлагатай бол МҮАН дэд даргаа авч, МАХН бүлгийн даргаа авч болно гэж тохирсон байсан. УИХ-ын дэд дарга улс төрийн үйл ажиллагаа явуулахад хязгаарлагдмал юм байна, бэлэг тэмдгийн байдал л давамгай, УИХ-ын дарга хааяа итгэвэл хурал удирдана, тэгээд цагаатгалын ажил удирддаг, Орос, Монголын парламентын асуудал хариуцдаг юм билээ. Ингэж үзээд бид сүүлийн жил дэд даргаа МҮАН-д, бүлгийн даргаа өөрсдөө аваад ажиллая гэсэн. Харамсалтай нь, Л.Цог дарга хүлээн зөвшөөрөхгүй, дэд даргаараа ажиллана гээд байгаа тул бүлгийн дарга, дэд даргыг солих асуудал гацчихсан. Бүлгийн дарга, дэд даргын асуудал анх тохирсон ёсоор шийдэгдээгүй учраас МҮАН Шадар сайдаа авъя гэсэн. Тэгтэл бид 2012 оны сонгуулийн өмнө ярьсан зүйлээ хэрэгжүүлж, МҮАН МАХН-д ороод сонгуульдаа хамт орцгооё гэсэн саналаа тавьсан. Гэтэл МҮАН-ынхан эмзэг хүлээж авсан, хатуу тулгалт хийсэн гэж үзээд байгаа. Би тийм байр суурь баримтлаагүй, Л.Цог намынхаа байр суурийг хүндэтгэхгүй байгааг ойлгож үзэхийг хүссэн. М.Энхсайхан дарга Тавантолгойн асуудлыг өөрөөр яриад байгаа учраас "Шударга ёс” эвсэл 2012 оны сонгуулиар ярьсан зүйлийнхээ эсрэг байна гэсэн сөрөг зүйл яваад байгаа. Гэтэл бидний сонгуулийн мөрийн хөтөлбөр хэвээр учраас Н.Батцэрэгийг МҮАН-ын дарга болгоод асуудлыг зохицуулаад явъя гэсэн ч хүлээж аваагүй. Бий болсон байдлын сөрөг зүйлийг арилгаж зохицуулъя гэсэн байр сууриас хандаж байгаа, би. Бид сонгуульдаа бэлтгэх ёстой, Тавантолгойн талаар 2012 оны сонгуулийн үеэр барьж байсан байр сууриа хэвээр хадгалах хэрэгтэй. Тиймээс Шадар сайдынхаа суудлыг бид авсан.
Манай бүлэг 10 гишүүнтэй ч зургаан сайдтай, АН-ынхан олон гишүүнтэй ч цөөн сайдтай харьцаан дээр зөрүү байна гэсэн зүйл ярьж байгаа. Гэхдээ бид Засгийн газрыг бүрдүүлэх онцгой үүрэгтэй ажиллаж байгаа гэсэн. Иймэрхүү зүйл ярьж, нөгөө талдаа хүндэтгэлтэй хандаж, асуудлыг цогцоор нь шийдэхээр ажиллаж байна. Одоо манайх гурван дэд сайдтай байгаа, түүнийгээ зургаа болгоно гэж ярьж байгаа. Гэхдээ эвсэлд хоёрыг өгнө, Аж үйлдвэрийн, Уул уурхайн дэд сайдын хоёр суудал оногдож байгаа. Манайх дотооддоо ярьж, тал бүрээс нь харж байгаад Аж үйлдвэрийн дэд сайдад казах боловсон хүчнийг гаргаж ирье гэж шийдсэн. Уул уурхайн дэд сайдад МҮАН-ынхан дэвшүүлэхээр болсон. Цаашид агентлагийн дарга, орон нутгийн томилгоонууд үргэлжилнэ. Бодит байдал ийм байна. Яагаад үүнийг яриад байна вэ гэхээр элдвийн хов жив, таамаглал явбал та бүхэн битгий итгэж, санаагаа зовоогоорой гэсэн юм. Шинэ сайд нар маань та бүхэнтэй уулзаж байгаа, бусад нөхөд маань ч хуралд идэвхтэй оролцож байгаа.
Хэдийгээр бид Засгийн газрыг бүрдүүлэхэд, төрийн ажилд идэвхтэй оролцож байгаа ч гол ачаа, хариуцлагыг үүрч чадахгүй байх. Яагаад гэвэл бидний УИХ-д сонгогдсон тоо харьцангуй цөөн. Сонгогчдодоо амалсан амлалтаа биелүүлэх бололцоо муу. АН-ын мөрийн хөтөлбөр давамгайлсан Засгийн газрын мөрийн хөтөлбөр хэрэгжиж байгаа. Зөв зүйтэй зүйлийг нь дэмжиж, буруу зүйлийг залруулаад ажиллаж байна. Үүнийг зөвөөр ойлгохгүй бол буруугаар мушгих зүйл гарах вий. Хэрэв бидэнд олонхи нь санал өгсөн бол Оюутолгой, Тавантолгой таны өмч болох байсан. Харин 2016 оны сонгуулиар бидэнд олонхи нь санал өгвөл амлалтаа биелүүлэх боломжтой болно шүү гэж ард түмэнд тайлбарлахад ойлгож байна. Хэрэв бид 30-аас дээш суудал авбал хариуцлага хүлээхэд бэлэн байгаа. Янз бүрийн ааштай хүмүүс аль, аль намд байгаа ч төр засгийг тогтвортой байлгахын төлөө ажиллаж байна.
Ний нуугүй хэлэхэд хүнд хэцүү байдлыг харж, шүүмжлэлтэй хандаж байгаа. Энэ нь дотроо зөрчилдөх, цаг алдах, буруу замаар будаа тээх, дотоод гадаадын олон хүчин зүйлээс шалтгаалж байна. Товчхондоо хямрал гүнзгийрсэн, амьдрал ядуу, Засгийн газрын ажил доголдолтой байна. Энэ бүхэн өмнө нь бий болсон, одоо ч байна. Энэ бүхэн сонгууль шударга бус байгаагаас болсон. 2008 оны сонгууль туйлын булхайтай, үймээн самуун болж, олон хүн бие, сэтгэлдээ шархтай үлдсэн. Үүний дараа Үндсэн хууль зөрчиж тухайн үеийн МАХН-ын дарга С.Баяр булхайгаа нуухын тулд МАНАН-гийн Засгийн газар байгуулсан. Уг нь олонхи болсон нам дангаараа Засгийн газраа байгуулах байсан. Гэтэл тухайн үеийн МАХН дангаараа Засгийн газар байгуулах бололцоотой байсан. МАНАН-гийн Засгийн газраас хойш шударга сонгууль болоогүй, авлига газар авсан, ардчилал үгүй болсон, Оюутолгойн буруу гэрээ хийгдсэн, Тавантолгойн нэг хэсгийг тасдаад аваад явсан. Арай гэж энэ хоёр нам салаад тусдаа ажиллах гэж байтал Ц.Элбэгдоржийн санаачилгаар АН, МАН байгуулагдчихсан. Дахиад л МАНАН. Ингээд Оюутолгойн гэрээ буруу байгуулагдаж, Тавантолгой луйвар болох дөхсөн. Харин УИХ-ын дарга З.Энхболд иргэний зориг гаргаж түр зогсоож чадсан. Энэ утгаараа бид АН-тай хамтран Тавантолгойн талаар зөв шийдвэр гаргахаар ажиллаж байна.
МАНАН Монголын эрх ашигт дандаа хортой байдаг. 2008 онд би Ерөнхийлөгч байхдаа МАХН олонхи болчихоод Засгаа хамтран байгуулах нь буруу, долдугаар сарын 1-ний хэргийг нуун дарагдуулж болохгүй гэж анхааруулсаар байтал байгуулчихсан. Хорыг нь Монголын ард түмэн амсаж байна. Оюутолгойн талаар Ч.Улаан сайд тодорхой, тоо баримттай, тооцоотой дэлгэрэнгүйгээр бүсийн зөвлөгөөнүүдэд ярьж байгаа. Энэ тухай бүсийн зөвлөгөөний дараа гарах номд орно.
Хямралтай байдал өнөөдөр хэлмэгдүүлэлтээр илэрч байна. Ганц, хоёрхон жишээ хэлье. Үндсэн хуулийг зөрчиж энэ хэлмэгдүүлэлтийг Ц.Элбэгдорж тэргүүтэй хууль, шүүхийнхэн хийж байгаа. Сонгох, сонгогдох эрхтэй гэж Үндсэн хуульд бичсэн. Гэтэл 2012 оны сонгуулиар намайг УИХ-ын гишүүн болох мэдлэг боловсрол дутуу гээд жагсаалтаас хассан. Яаж тэгж дүгнэсэн юм бүү мэд. Зөвхөн шүүхээр хүний гэм буруутайг тодорхойлдог. Гэтэл намайг шүүсэн хурал сонгуулийн дараа болсон. Удахгүй шүүх хурал болох учраас, удахгүй тэгнэ, ингэнэ гээд СЕХ намайг нэрсийн жагсаалтаас хассан. Намайг шүүсэн нь зохион байгуулалттай жүжиг байсан.
Саяхан Л.Гансүхийг шүүлээ. Түүнийг хөтөлбөрийн дундаас юм унагасан гэж байгаа. Бизнесээс ашиг олохын төлөө ажилладаг, мөнгө алдахын нэр биш. Миний ойлгосноор 200.000 төгрөгөөр зардаг нүүрсийг 80.000 зарсан юм билээ. Тэгсэн чинь дундаас нь ашиг олсон гэж ялласан байгаа юм. Ингэж л Монголын шүүхийн хөл нь толгой, толгой нь хөл болчихсон байна шүү дээ. Үүнийг Ц.Элбэгдорж удирдаж байгаа юм. Яагаад би ингэж хэлж байна вэ гэхээр тэр өөрөө өөрийгөө илчилсэн. Прокурорын байгууллагын 85 жилийн ойн хурал дээр яаж прокурорын байгууллагын үйл ажиллагаанд хутгалдан ордгоо нийт ард түмэнд зарлачихсан. Түүндээ Ерөнхийлөгч байсан хүнийг яасан их занаж зүхэж буйгаа хэлчихсэн. Тэгээд Өршөөлийн хуульд хориг тавьж байгаа нэр зүүсэн. Авлигыг зогсоож байгаа нэртэй л юм. Үнэхээр л авлигатай бодитой тэмцье гэж байгаа юм бол Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд хориг тавьж болох байсан.
Авлига хээл хахууль ямар төвшинд байгааг олон улсын аргачлалаар тооцдог юм байна. Авлигыг тухайн улсын төсвийн 10 орчим хувьтай тэнцүү гэж үздэг. Манайд бүх шатанд авлига байгаа. Одоо улсын төсөв долоон их наяд төгрөг. Үүний 10 хувь гэхээр 700 тэрбум төгрөгийн авлига Монголд байна. Тэгэхэд авлигатай тэмцэх нэрээр гадаадынханд таалагдаж, өрсөлдөгчөө дарахын тулд өөрийнхөө гар, хөл болсон шүүх, прокурорынхныг ашиглаж байна. Хэлмэгдүүлэлт их аюултай үзэгдэл учраас удирдлагаас нэгэнт гарчихсан байна. АН-ынханд би энэ тухай хэлж ганцхан Энхбаяр биш МАН, АН-ынхан руу орно шүү гэж байсан. Тэгсэн тоогоогүй. Одоо Л.Гансүх нь хэлмэгдчихээд сууж байна.Одоо энэ хэлмэгдүүлэлтийг таслан зогсооё гэж АН-ынхан хэлж байгаа. Хожуу ч гэсэн ойлгосон нь их юм. Харин бид эрт ойлгочихсон байсан. Намын даргыг нь битгий хэл гишүүдийг нь хэлмэгдүүлж байна. Үүний тод жишээ бол Хууль зүйн дэд сайд байсан Э.Эрдэнэжамъян. Энэ бүхэн Энхбаяр юуны төлөө явсан, юуг эсэргүүцсэн бэ гэдэгтэй холбоотой. Би Тавантолгойг ард түмэндээ өгье, долдугаар сарын 1-ний хэргийг шударгаар шүүе, Оюутолгойг ард түмэнд ашигтайгаар шийдье, шударга сонгууль хийе л гэсэн шүү дээ. Энэ бүхний төлөө явсан намайг шоронд хийчихсэн. Ийм муухай хэлмэгдүүлэлт явж байна.
Намайг эх орондоо ирэх болгонд айлган сүрдүүлнэ. Одоо яв, явахгүй бол баривчилна, өөрийг чинь бариад зогсохгүй гэр бүлийнхнийг чинь барина гэж сүрдүүлнэ. 13 настай охин чинь л гэртээ ганцаараа үлдэх болно гэж айлгана. Би та бүгдийгээ санаа зовчих вий, зарим нь гайхаад итгэхгүй байх вий гэж энэ тухай ярьдаггүй байсан. Одоо ярих цаг болсон гэж бодож байна. Олон хүний санааг зовоохгүйн тулд ил хэлдэггүй байсан. Харин намынхаа хэсэг нөхөртэй ийм сүрдүүлэг ирж байгааг ярилцдаг байсан. Ирэх бүрт юу ч өөрчлөгдөөгүй, занасан хэвээр. Сая Л.Гансүхийн шүүх хурал харууллаа. Энэ бүгдээс хараад АН-ын зарим хүн сэрэх шиг боллоо. Харин хэлмэгдүүлэлтийг цаашид таслан зогсоохын тулд монголчуудаараа сэрцгээе. Ард түмэн сэрж байж энэ хэрэг зогсоно. Харин сэрээдэг хүн байх ёстой. Бид өөрсдөө хонхны дуу болъё л доо. Эсвэл унтаж байхад сэрээдэг сэрүүлэг чинь болъё. Монголд хэлмэгдүүлэлтийг таслан зогсоохын төлөө сэрцгээе. МАХН Монголын сэрүүлэг, Монголын хонхны дуу болно.
Манайхан ардчилал гэж ярьдаг. Манай Ц.Элбэгдорж ардчилсан Ерөнхийлөгч. Гэвч нөгөө талд нь хэлмэгдүүлэлт байна. Судалгааны үндсэн дээр нотлогдсон зүйл бол ардчилал, эсвэл хэлмэгдүүлэлтийн аль нэг нь байдаг. Нэг танхимд хонь, чоно хоёрыг хамт байлгая гэж бодъё. Хоёуланг нь нэг танхимд түгжээд үз дээ. Хоёул байж байх уу. Чоно нь хонио бариад идчихнэ биз дээ. Тэгэхээр хэлмэгдүүлэлтийн чоно нь ардчилал гэдэг хонио бариад идчихсэн байна. Идчихээд ардчилал гэдэг арьсаа нөмөрчихөөд байж байна. Тэгээд ардчилал гээд л майлаад явж байна. Үүнийг дүр эсгэсэн ардчилал гэдэг юм. Ц.Элбэгдоржийн нэг арга байна. Яагаад энэ тухай яриад байна гэхээр Элбэгдорж гэдэг хүн биш үзэгдэл бий болчихсон байхгүй юу. Үзэгдлийн мөн чанарыг таньж байж ярих ёстой. Хонь нөмөрсөн чоно чинь УИХ-ын гишүүд биш өөрөө байхгүй юу. Ардчилал гэдэг хонь нөмөрчихөөд хэлмэгдүүлэлт гэдэг чоно болж байгаа нь Ц.Элбэгдорж өөрөө. Тэгэхээр ардчилал гэдэг арьсыг нь хуульж байж үхчихсэн ардчиллыг сэргээе. Арьс болчихсон ардчиллыг бүгдээрээ сэргээе. АН-тайгаа хамтарч сэргээе. Тавантолгойг АН-тай хамтарч хамгаалъя гэсэн юм. Ардчиллыг АН дангаараа аварч чадахгүй нь. МАХН-тай хамтарч байж арьс болсон ардчиллыг нийт ард түмэнд өмчлүүлэх ёстой. Ардчилал айл болгонд ач тусаа өгөхийн төлөө бид тууштай тэмцье.
Намайг Төв аймгийн шоронд байхад тэнд олон хоригдол байсан. Одоо ч бүр нэмэгдсэн байх. Гэмт хэрэг хийсэн нь тэдний буруу л даа. Гэхдээ залуусыг шоронд оруулж Монгол Улсыг хөгжүүлнэ гэж байхгүй. Харин иргэд маань шоронд орохгүйгээр амьдралаа авч явах нөхцөлийг бүрдүүлэх нь төр засгийн үүрэг.Тэр үүргээ биелүүлээгүй учраас олон залуу шоронд орсон. Тэгэхээр тэднийг өршөөхөөс өөр арга байхгүй. Төр засаг өөрөө гэм буруугаа хүлээж, уучлал гуйж өршөөх ёстой юм.
Өршөөл бол төр засгийн хийх ёстой ажил биш, хийх ёстой зүйлээ хийгээгүйгээс гарсан алдаагаа хэрэг төвөгт орчихсон хүмүүстэй хамтдаа засаж буй юм. Гэтэл Өршөөлийн хууль дээр хориг тавьж байгаа юм. Өршөөлийн хуульд хориг тавьдаггүй юм. Хориг тавьснаар улам хүндрүүлж байгаа юм. Үүнийг жирийн хүмүүс сайн ойлгодоггүй. Авлигатай тэмцэх гэж байгаа юм байна, шударга болгох гэж байна гэж боддог. Энхбаярыг шоронд хийснээр шударга ёс тогтохгүй ээ.
Ц.Элбэгдорж өөрөө шударга байж, хээл хахуультай орооцолдохгүй байх ёстой. Хууль шүүхийнхнийг гартаа хийж даалгавар өгдөггүй байвал шударга ёс тогтоно. Энэ бүхнийг бид мэдэж байгаа учраас энд ярьж байна. Зөвхөн энд яриад зогсохгүй, цаашаа улам түгээн ярих хэрэгтэй. Бид уучилж байгаа, гэхдээ мартахгүй ярина. Үүгээрээ бид Элбэгдорж гэдэг үзэгдлээс өөр. Бид өөр учраас энэ бүхнийг олж харж чадаж байна. Бид гэж би их ярьж байна. МАХН-ынхан биднээр дамжиж буй энэ бүхнийг ард түмэн ойлгох хэрэгтэй. Нам бол бусдыг бодохын төлөө сайн дураараа нэгдсэн нэгдэл юм. Эв нэгдэлтэй баг гарч ирж улс орныг хөгжүүлнэ. Багийг нам бүрдүүлнэ. Ганц хүн байтугай ганц айл ч Монголыг аврахгүй. Түүнтэй адил МАН, АН-аас илүүтэйгээр бид хэлмэгдүүлэлтэй тэмцэж байна. Тавантолгойг ард түмэнд өгье, ардчиллыг амьлуулъя гэж байна. Үүгээрээ бид АН, МАН-аас ялгаатай. Хэрэв тэдэнтэй санал нийлж байвал хамтраад ажиллана. Буруу бусармаг зүйлийг нь засаж залруулахын төлөө ажиллана. Нам бол Засгийн эрхийг авахын төлөө тэмцэх ёстой. Засгийн эрхийг авч байж Монголыг хөгжүүлнэ. Түүнээс сонирхогчдын клуб биш. Бид улс төрийн зорилго дэвшүүлсэн, үзэл баримтлалдаа үнэнч, улс орны хөгжлийг олж харсан хүмүүс.
Нам бол хүнтэй адилхан, толгойтой, хөлтэй, гартай. Бид бүх газарт бүтэцтэй байж улс орноо хөгжүүлнэ. МАХН-ын зуут байгуулаад зогсохгүй, ард түмнийхээ дунд орж ажиллах ёстой. Би хэдийгээр хэлмэгдэж байгаа ч сайн хамт олонтой хүн. Муу муухай вирусээс хамт олон, гэр бүл, ойр дотнынхон маань хамгаалж байна. Бас би вирус халдахгүй дархлаатай болсон. Би ард түмнийхээ дунд орж дархлаагаа тараана. Ард түмнээсээ холдох юм бол тэдний дархлаа суларч вирус халдах болно. Би ард түмэнтэйгээ ойр байна.
Тэгэхээр бид нэг өдөр ч алгасахгүй сонгогчидтойгоо уулзаж зовлон жаргалыг нь хуваалцан сэтгэлийг нь цэвэрлэх хэрэгтэй байна. Нэг өдөр уулзахгүй бол сонгуульд ялагдсан өдөр гэж бодоорой. Яаж тэр хүмүүсийн зовлон жаргалыг хуваалцах вэ гэж үү. Эвтэй байж. Тэгэхээр бид өнөөдөр "Эвтэй гудамжныхан” гэдэг хөтөлбөр дэвшүүлж айл бүрээр орох гэж байна. Эхний өдөр нохойгоо тавиад оруулахгүй байж магадгүй. Маргааш нь дахиад оч. Бид энэ хөтөлбөрөөрөө ард түмнийхээ дунд орно. Түүнээс биш холоос яриад явахгүй.
Дараа нь "Хүний нөөцийн алтан сан” гэдэг тодорхой хөтөлбөр хэрэгжүүлнэ. Хороо бүрт 40 хүнтэй баг болж бидэнтэй хамтарч ажиллавал үр дүнтэй. Тухайн дүүргийн, хорооны, багийн мэдлэгтэй боловсролтой хүмүүсийг бүртгэж авъя. Хэн ч үнэлэхгүй үлдээсэн хүмүүс бий. Тэдэнд тусалж, тэднийг татаж, дэмжье, үнэлье. "Эвтэй гудамжныхан” төсөл "Хүний нөөцийн алтан сан” хөтөлбөртэй уялдаатай ажиллана. Цаашдаа сонгогчдын сүлжээ бүрдүүлэх юм. Сонгогчид АН, МАН-д итгэхээ больж, өөр хэн байна вэ гэж бидэн рүү харж байна. Ирэх сонгууль бол бидний түүхэн ялалт шүү.
Бид Монголоо яаж хөгжүүлэх юм бэ гэж үү. Мянганы төмөр зам барина. Төмөр зам барихгүйгээр Монгол Улс хөгжихгүй. Төмөр замгүйгээр хот, хөдөөгийн ялгаа хэвээр байна. Дэд бүтэц хөгжүүлэхгүйгээр улс орон хөгждөггүй юм. Мянганы замыг мянгуужингийн үлгэр гээд байсан өнөөдөр бүгд тэр замаар явж байна. Хожуу ч гэсэн ойлгосон байх. Одоо мянганы төмөр замыг бүгдээрээ санаачилвал итгэнэ. Яагаад гэвэл хийж чаддаг хүмүүс гэдгийг мэднэ. Цаашдаа орон сууцжуулах хөтөлбөр хэрэгтэй. Ингэхдээ айл бүрийг орон сууцжуулахаас гадна малчдын, анх удаа гэр бүл болж буй залуу хосод хүүгүйгээр зээлийн дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Энэ бүх ажлыг хийхэд нийтдээ 60 тэрбум ам.доллар хэрэгтэй юм. 10 жилийн дотор бид энэ ажлыг хийж чадна. Монгол орон огт өөр болно. Та бүхэн хараарай. Үүнийг дагаад олон мянган ажлын байр бий болно, бараа үйлчилгээний үнэ буурна, амьдрах таатай орчин бүрдэнэ. Тохитой газар амьдрахад хүмүүсийн ажлын бүтээмж нэмэгдэнэ.
Энэ бүх зүйлийг Тавантолгой, Оюутолгойгоос олсон мөнгөөрөө хийнэ. Ингэхдээ 2016 онд сонгуулийн хувьсгал хийцгээе гэж та бүхэндээ уриалж байна.
Сэтгэгдэл