МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь ерөнхийлөгч Н.Энхбаяр МАХН-ын
анхан шатны байгууллагуудын Улаанбаатар бүсийн зөвлөгөөний Сүхбаатар
дүүргийн иргэд, төлөөлөгчидтэй есдүгээр сарын 17-нд хийсэн уулзалтын
үеэр хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна
"СОНГУУЛИАР АРД ИРГЭДДЭЭ ХЭЛСЭН ҮГ ЧИНЬ УЛСТӨРЧДИЙН САХИЛ”
-Намын гишүүд дэмжигчидтэйгээ уулзаж байгаадаа баяртай байна. Зовлон
жаргалаа ярьсан сэтгэлийн уулзалт, ирээдүйд хийх ажлаа төлөвлөсөн
уулзалт болж байна. Улсын хэмжээнд таван бүсэд уулзалт хийсний
Улаанбаатар том учраас долоон хэсэг болгож 13 чуулга уулзалтыг хийж
байна.Тиймээс энэ уулзалт хаана хаанаа өгөөжтэй байгаасай гэж хүсч
байна.
Нам гэж юу юм бэ. Ер нь нам хэрэгтэй юмуу гэсэн яриа сүүлийн үед гарч
байна. Намгүйгээр улс төр хийх, нам улс төрийн ажилд оролцохгүй болно
гэсэн ойлголт яваад байх шиг байна. Хүн төрөлхтөн ардчилсан төрийн
тогтолцоонд шилжихийн тулд, хариуцлагатай төр засгийн тогтолцоог бий
болгохын тулд янз бүрийн аргаар үзсэн. Эзэн хаантай, дарангуйлагчтэй
байж үзсэн. Тэр бүхэн бүтээгүй учраас хариуцлага хүлээдэг, солигддог төр
засагтай болъё гэсэн байна.
Хүн бурхан биш учраас алдана. Алдаж байгаа учраас солино. Харин нэг
хүнийг солино гэдэг хэцүү. Энэ хүн ямар үзэл бодолтой, зарчимтай хүн юм,
ямар үнэт зүйлд итгэдэг хүн юм гэдгийг мэдэх. Энэ хүний ард хамт олон,
бодлогыг нь хэрэгжүүлэх баг байна уу гэдэг асуулт өөрийнх эрхгүй
тавигддаг учраас нам зайлшгүй хэрэгтэй. Нам өөрөө ард түмнийг тэр үзэл
баримтлалынхаа төлөө дайчилж байж улс орон хөгжинө.
Тийм учраас хүн төрөлхтөн заавал намтай байж, энэ нам нь хариуцлага
хүлээх ёстой юм байна, өрсөлдөөн байхын тулд өөр намууд байх ёстой юм
байна, олон ургалч үзэл байх ёстой учраас ард түмнийг сайн сонсдог тэр
намыг ард түмэн сонсох ёстой юм байна. Нам иймээс л зайлшгүй хэрэгтэй.
Нам хэрэгтэй, хэрэггүй гэдэг яриа угаасаа утгагүй. Ардчилсан төр байж л
байгаа бол нам хэрэгтэй. Бид өөрсдөө сайн нам уу, үгүй юу гэдгээ
хоорондоо ярьж, алдаа байвал засах хэрэгтэй. Ерөнхий дүгнэлтийг ард
түмнээсээ авч байж, төр барих уу гэдэг асуудлыг шийдэх хэрэгтэй. Намын
гишүүн гэж яригдахаас ичих хэрэггүй. Харин манай нам муу ажиллавал ичих
хэрэгтэй. Намаа сайн авч явж байгаа бол бахархах хэрэгтэй.
Нам үндсэн гурван шинж чанартай гэж эрдэмтэд үздэг. Засгийн эрхийн
төлөө тэмцэх зорилготой байх хэрэгтэй. Төрийн бус байгууллага шиг жаахан
зорилготой байж болохгүй. Бүгдээрээ өөрсдийнхөө үзэл бодол итгэл
үнэмшлийг ард түмэнд ойлгуулж, засгийн эрхийн төлөө тэмцэх хэрэгтэй.
Засгийн эрхийг авч байж улс орноо хөгжүүлнэ гэсэн том зорилготой байх
хэрэгтэй.
Хоёрдугаар шаардлага бол нам том үзэл баримтлалтай байх ёстой. Зүүн,
баруун чиглэлийн үзэл баримтлал гэж ерөнхийд нь хуваана. Манайх зүүн
төрийн үзэл баримтлалыг магтдаг. Үзэл баримтлалын цаана үнэт зүйл
байгаа. Боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалалд хэрхэн хандах ёстойн
гэдэг бол барууны үзэл баримтлалтай намуудынхаас өөр.
Татварын бодлого дээр баян хүмүүс өндөр татвар, ядуу хүмүүс бага татвар
төлөх ёстой гэсэн бодлогыг баримталж байж чинээлэг, дундаж давхаргыг
бий болгох ёстой. Барууны үзэлтэй намууд бол чадаж байгаа нь баяж, төр
засаг чамд эрх чөлөө өгсөн, туслах үүрэггүй гэж ярьдаг. Бид бол өөр.
Ахмад, залуу хүмүүст төр туслахгүйгээр амжилтад хүрэх хэцүү.
Гурав дахь шинж чанар бол нам үндэсний хэмжээнд зохион байгуулагдсан
байх ёстой. Улс орны хэмжээний асуудалд оролцож, ард түмнийг дайчлах
хэрэгтэй. Зүгээр нэг Улаанбаатарын,аймаг, дүүргийн нам, нэг компанийн
нам байх хэрэггүй.Энэ бол нам биш. Зүгээр нэг албан тушаалд хүрэх гэсэн
хүмүүсийн улстөрийн явцуу үйлдэл. МАХН бол том зорилготой учраас улсын
хэмжээний зохион байгуулалттай байх ёстой.
Энэ бол тэргүүн зэргийн зорилго. Дүүрэг, хороо бүр дээрээ зууттай болж
байж бидний бусдаас давуу чанар гарч ирж итгэл үнэмшил жинхэнэ ёсоор
хэрэгжинэ. Нам гэдэг бодоод байхад бусдын төлөө сэтгэл, зүтгэлээ өгч
бусдын төлөө амьдарч чадах хүмүүсийн сонголт. Өөрийгөө бодож байгаа
хүмүүс намд элсээд ч хэрэггүй. Нам бол өөрийнхөө үзэл бодолтой адил
хүмүүстэй нэгдэж бусдад туслахыг зорьсон, бусдын сайн сайхны төлөө
амьдарч чадах хүмүүсийн хийх зүйл. Энийг буддын шашинд бодьсадва
гэдэгтэй холбодог. Буддын шашны бага хөлөг гэдэг бол өөрийн төлөө, их
хөлөг гэдэг бол бусдын төлөө бурхан болно гэсэн нарийн дэг жаягтай.
Эрэгтэйчүүд нь 280, эмэгтэйчүүд нь 360 сахил хүртэж байж бурхны хутгыг
олдог. Манай буддын шашны онцлог бол бусдын төлөө бодьсадва болж
тангараг өргөнө. Далай лам бол бодьсадва.
Бодьсадва бол бусдын төлөө зүтгэдэг. Хамгийн сүүлд хүн бурхны хутаг
олтлоо төрөн төрсөөр байдаг. Бид бодьсадва болохыг оролдож байгаа
хүмүүс. Бодьсадвагийн сэтгэлийг олохын тулд яах ёстой вэ гэдэг талаар
олон сайхан ном судар бий. Бодьсадвагийн хутаг олохын тулд яах ёстой вэ
гэдгийг тайлбарласан "Доржзодов” гэдэг судар бий. Монголчуудын зарим нь
"Доржзодов”-ыг уншуулдаг байх. Бурхан багш өөрөө заасан байгаа. Хамгийн
эхний бүлэгт бурхан багш нэг цэцэрлэгч заларч байгаад өглөөний цайгаа
уух болохоор бадараа бариад шавь нартайгаа очиж гуйлга гуйгаад өглөгийн
эздийн өгсөн идэж уух юмыг уучихаад, хөлөө угаачихаад бадараа хажуудаа
тавиад, цэгцлээд суулаа гэсэн ийм л утгатай. Үүнийг судлаачид, эрдэмтэд
"Доржзодов” сударт багтсан гол санаа гэж үздэг. Дараагийн бүлгүүдэд
үүнийг тайлбарлаж байгаа юм. Улаан-Үдэд очиход Занданзуу гээд бурхан
байгаа юм.
Зураачид очиж харах гэсэн чинь нүд нь гялбаад гэрэл цацарч дүрс нь
харагдахгүй байсан учраас усны дусалд ойж байсан гэрлээс нь дүрийг нь
харж зурсан гэсэн түүхтэй. Бурхан бол өөрөө өглөг гуйгч. Өөрөө бадар
аягаа бариад явдаг. Өөрийнхөө үйлдлээр номоо айлдаж байна гэсэн үг.
Өөрөө айлаа сонгож хаалгыг нь тогшдог. Зарим шавь нар нь баян айлын
хаалгыг тогшдог байж. Бурхан багш долоон айлын хаалгыг дэс дараалан
тогшиж үлгэр үзүүлж, хөлөө угаагаад, бадар аягаа угаагаад цэх суудаг.
Хамгийн эхлээд "би байна” гэдэг үзлээс сал. Бусад байгаа учраас бий
байна гэдгийг санах хэрэгтэй.
Ард түмэн бйагаа учраас бид байгаа юм. Бид байгаа учраас ард түмэн
байгаа гэдгийг санах хэрэгтэй. Зовсон хүнд туслахын тулд би байна гэж
бодох хэрэгтэй. Бусдын төлөө байна гэдгийг өдөр бүр бодох хэрэгтэй.
Амьдрал амардаггүй. Бодьсадва бол амралтыг мартсан хүн. Амрах хооронд
хүн зовж байгаа учраас амрах эрхгүй. Сэтгэл ядраагүй цагт бие
ядардаггүй. Нэг шавь багшдаа "та надад бурхны хутгыг олохыг шууд заа”
гэж. Багш нь чи унтахдаа аягаа угаагаад бай гэсэн байгаа юм. Шавь нь
өдөр болгон аягаа угаагаад байсан ч багшийгаа дуудахгүй байхаар нь очиж
өөрийгөө сануулж. Хэзээ бурхан шашны ном судар заах гээд байна гэж.
Тэгсэн багш нь дахиад аягаа угаагаад бай гэж. Гэтэл шавь нь нэг өдөр
аягаа угаана гэдэг чинь сэтгэлийнхээ хирийг арилгах юм байна гэдгийг
гэнэт ухаарч.Тэгээд аягаа угаасаар байгаад сэтгэлээ цэвэрлэсээр байгаад
бурхан болсон гэдэг.
Бидний хийж байгаа ажил бол үүнтэй яг ижил. Өдөр тутам аягаа угаадагтай
адил өдөр бүр хувьсгал хийх хэрэгтэй. Өдөр бүр хөдөлмөрлөж байж нэг
өдөр амжилтад хүрдэг ийм ажил сонгосон учраас залхуурал, амрах тухай
асуудал байхгүй. Далай багштай уулзаж байхад монголчууд асар их
ухаантай, азтай улс юм гэсэн. Хорьдугаар зууны эхээр монгол, төвд хоёр
хоеулаа Чин улсын гүрэнд багтаж байгаад Хятадын дотоод байдал үймж
суларсан учраас тусгаар тогтнолоо зарласан. Бусадтай бужигнаж,
харилцаанд орсноороо манай улсыг хожсон гэсэн. Төвд, Монголын буддын
шашинг төвдүүд авч явахад хэцүү болсон. Одоо монголчууд та нар үүнийг
үргэлжүүлнэ гэж. Тэгэхээр сахилт хүртсэн лам нар сахил хүртсэнээрээ л
байх ёстой гэж хэлсэн.
Үүнийг улстөрчдөөр авч хэлбэл сонгуулиар ард иргэддээ хэлсэн үг чинь
улстөрчдийн сахил байхгүй юу. Тэгж ойлгох ёстой. Улстөрчид тодорхой
мөрийн хөтөлбөр дэвшүүлэхдээ ард түмэнд тангараглаж, сахил хүртэж байгаа
явдал. Харин тэр хэлсэн амандаа хүрээгүй улстөрчдийг эзэлсэн байр
сууринаас нь хурдхан татан буулгах хэрэгтэй. Тиймээс бид нар ард
түмнийхээ өмнө тангараг өргөсөн бодьсадва нар гэж ойлгох хэрэгтэй.
Хэлсэн амандаа хүрэх ёстой гэдгийг санаж та бүхэнд хэлж байна.
Чингис хаан Чанчун ламтай уулзаж, Чанчун ламын шавь нь тэмдэглэл
хөтөлсөн байгаа юм. Тэр лам бол Дау шашны том лам бөгөөд түүнийг Чингис
хаан захидал бичиж урьжээ. Дау шашныхан бол мөнх насална гэж үздэг, тэр
дагуу мөнхийн усыг гаргаж ирэх гэж олон янзаар үзсэнийг Чингис хаан
сонсоод өөрийнхөө байгуулсан том эзэнт гүрнийг эмхэлж цэгцлэхийн тулд
нас нь хүрэхгүй юм шиг санагдаад урьсан байгаа юм.
Чанчун лам ч гэсэн ийш тийшээ явдаггүй байсан ч Чингис хааны урилгаар
хүндэтгээд ирж. Тэгээд Чингис уулзангуутаа мөнхийн усны талаар хамгийн
түрүүнд асууж. Гэтэл Чанчун лам мөнхийн ус гэж байхгүй. Харин сайн
сайхан зүйл бүтээснээр мөнхийн үйлс гэж байна. Таны үйлс бол нас,
тэгэхээр үйлсээрээ насаа уртасгана гэсэн үг. Эхлээд биеэ зас, дараа нь
гэрээ зас, тэгээд төрөө зас гэсэн сургаалийг Чанчун лам Чингис хаанд
үлдээсэн байдаг юм.
Тиймээс энд бол биеэ, гэрээ зассан хүмүүс цугласан гэж бодож байгаа.
Тиймээс одоо төрөө засах хэрэгтэй. Одооны хүмүүс биеэ засна гэхээр
гадаад явж төрөл бүрийн "засвар” хийлгэнэ гэж бодоод байх шиг. Намайг та
нүүрнийхээ үрчлээг татуулаач гэж байна. Би бол үгүй. Энэ үрчлээс бүр
ард түмнийхээ төлөө зовсоны тэмдэг гэж ойлгодог.
Биеэ засна гэдэг чинь дотроо бодьсад сэтгэлтэй болж,сэтгэлээ засах,
гэрээ засна гэдэг чинь гэр бүл, хамаатан садан, нутаг усныхандаа түшиг
болох, төрөө засна гэдэг чинь ард түмэнд тус болох гэж төрд орохыг хэлж
байна. Ингэж намын тухай, бодьсадва сэтгэлтэн болж, мөнхийн үйлс
бүтээхийн тулд мөнхийн ус уух хэрэггүй үйлсээрээ мөнхрөх ёстой. Тэгэж
байж монголын ард түмний хайртай нам болно. Бодьсадва бол ерөөсөө дурлал
гэсэн үг. Ямар нэг юманд шунана гэсэн үг. Тэр шуналын цаана тачаал,
тачаалын цаана уур хилэн байна.
Тэгээд алдаа дутагдал байна гэсэн үг. Харин хайранд шунал, алдаа
дутагдал гэж үгүй. Бүх хүн төрөлхтний хайр бол ундарч байдаг. Гэтэл
дурлал бол тэр хүний нэг л юманд татагдана. Бусад намыг хараад байхад
албан тушаалын, дурлалын намууд бий болж байна. Энэ бүхнийг ярьж
байгаагийн учир нь бид ард түмэндээ туслах, Монголоо хөгжүүлэх бодлогод
тулгуурлах хэрэгтэй. Ялангуяа ядуу, зүдүү хүмүүс, өнчин өрөөсөн хүмүүст
туслах хэрэгтэй. Үүнд социал демократ үзэл бодол дээрээ тулгуурласан
хөгжлийн бодлого байх ёстой.
Би бүсийн чуулган дээр иргэдийг гурван тоо л цээжилчих гэж хэлж байгаа
юм. 60 тэрбум доллар, 10 жил, 30 дугаар байр гэсэн. Товчхоноор хэлбэл
Монголынхоо хөгжилд тодорхой бодлого гаргаад хөгжлийг хурдасгая гэх юм
бол бидэнд 60 тэрбум доллар хэрэгтэй болж байгаа юм. Энэ ажлыг 10 жилийн
дотор хийж гүйцээх бололцоотой гэж бодож байна. Хэрэв 60 тэрбум доллар
зарцуулаад арван жилийн дотор хийж чадах юм бол Монгол Улс хөгжлийнхөө
түвшингээр дэлхийн эхний 30 байранд орно гэсэн тооцоо хийсэн. Өнөөдөр
бид эхний 100 дугаар байранд байна.
Эзэн Чингисийн удам байж ичмээр байгаа биз. Гуравхан сая монголчууд энэ
их байгалийн баялагтай байж 100 дугаар байранд байна гэдэг юу гэсэн үг
вэ. Тэвчихийн аргагүй. Өвөг дээдсийнхээ нэр хүнд, үр хүүхдийнхээ
ирээдүй, өнөөдрийн өөрсдийнхөө амьдралыг бодох хэрэгтэй. Энэ гурван
цагийн дунд сэлгээд бодохоор бид ийм хойгуур байна гэдэг ямар ч үндэслэл
байхгүй. Үүнтэй эвлэрч болохгүй. Эвлэрэхгүй учраас л МАХН байгаа юм.
Ядахдаа айргийн тавд байх ёстой.
Айргийн тав бол хөгжлийнхөө төвшингөөр аваад үзвэл эхний 30-д байна гэж
ойлгож болно. 1950-1960 онд манайхаас ядуу байсан Солонгос улс эхний
аравт орсон байна. Тэр үед модоо, өвсөө идэж байсан улс. Тэднээс дутах
юм манайд юу байгаа юм. Адилхан майга бол майга. Өргөн шанаатай бол
өргөн шанаатай. Гагцхүү тэд нар асар их хөдөлмөрч, тэгээд том
зорилгынхоо төлөө шантрахгүй зүтгэдэг. Дутахгүйн тулд 60 тэрбум долларыг
олж арван жилд бүтээн байгуулалт хийж 30 дугаар байранд орох зорилтыг
дэвшүүлж байгаа юм.
Мянганы зам харьцангуй олон аймагт хүрч байгааг хөдөө явахдаа харж
байна. Замаа бүр сайн болгож хот хөдөөг холбох ажлын байрыг нэмэгдүүлж,
бараа үйлчилгээний үнийг хямдруулаххэрэгтэй. Тиймээс одоо байгаа төмөр
замаа сайжруулж мянганы төмөр зам гэсэн санал дэвшүүлье гэж бодож байна.
Ховдоос Чойбалсан, босоо тэнхлэгээрээ Баян-Өлгийгөөр орж Ховд, Увсыг
дайрах төмөр замаа сайжруулах.
Чойбалсан, Эрээнцаваас Чойбалсангаар дайрч Бичигтийн боомт орох 3500 км
төмөр замыг барих хэрэгтэй. Ингэх юм бол манай улс хүний амьдрал, бараа
бүтээгдэхүүн хямдрах, ажлын байр бий болохталаасаа ч,батлан хамгаалах
талаасаа ч сайжирна. Энэ ажлыг ирэх оны сонгуульд мөрийн хөтөлбөртөө
дэвшүүлж, ялаад монголчуудад бэлэг барья. Нарийн төмөр зам 3500 км-ын
нэг кмыг гурван саяар бодоход арван тэрбум доллар болно. Орон сууцтай
болох олон хүний мөрөөдөл. Өнөөдөр нийт хүн амын өрхийн тоо 750 орчим
мянга.
Тооцоод үзэхээр 60 орчим хувь нь гэр хороололд амьдарч байгаа нь 450
орчим мянган хүн. Тэгвэл тэр өрхүүдийг орон сууцтай болгох том өрхийг
бүгдээрээ хийе. Харьцангуй хямдхан орон сууцтай болгохын тулд төрийн
орон сууцны сан байгуулаад түүнийг эзэмшүүлэх зарчмаар явах хэрэгтэй.
Өмчлүүлэх тухай асуудал гарах юм бол улам баяжуулаад малчдыг орон
сууцтай болгоно. Малчин өрхийг орон сууцтай болгох зээлийн хүүг тэглэе.
Анх удаа гэр бүл болж байгаа залуу хосыг хүүгүй зээлээр орон сууцтай
болгоё. Ингэж бүгдээрээ арван жилийн дотор 450 мянган өрхийг орон
сууцтай болгоё.
Энэ том ажлыг хэрэгжүүлэхийн тулд 27 мянган тэрбум доллар хэрэгтэй. Хүн
өөрөө орон сууцтай байна гэдэг нийгэмд байр сууриа эзэлсний шинж. Хүн
өөрөө өөрийгөө, айл гэр болсноо, нийгэмд байр суурь эзэлснээ мэдрэх
хамгийн чухал зүйл бол орон сууц. Ийм итгэлийг өөрсдөд нь бий болгохын
тулд энэ саналыг мөрийн хөтөлбөр болгоё.
Энэ сарын 25-нд МАХН-ын дарга Н.Энхбаяр Улаанбаатар бүсийн
зөвлөгөөний Чингэлтэй дүүргийн иргэд, төлөөлөгчидтэй уулзах үеэрээ
хэлсэн үгийг хүргэе.
АРДЧИЛАЛ, ХЭЛМЭГДЭЛ ХОЁР ХАМТ БАЙДАГГҮЙ
Өнөөгийн улс төр, нийгэм эдийн засгийн байдлыг ярих юм бол ороо бусгаа,
цаг маань цөвүүн байна гээд шуудхан хэлбэл үнэнээс хол хазайхгүй. Ард
иргэдтэй уулзаж байхад амьдрал хэцүү байна, юмны үнэ өндөр, малчдын
орлого муудлаа, цалин бага, ажлын байр нэмэгдэхгүй, сургуулийн төлбөр
их, төр засаг маань эмх замбараагүй тогтворгүй, төрийн бодлого байхгүй
улмаас иргэд эзэнгүй юм шиг хаягдсан байдалтай байна гэдгийг товчхондоо
хэлж, санал бодлоо хуваалцаж байна. Би хүний үг давтаж хэлэх дургүй хүн.
Гэхдээ ард түмнийхээ үгийг давтан хэлээд өнөөгийн цаг үеийг тодорхойлох
юм бол тогтворгүй, ороо бусгаа, цөвүүн цаг байна гэж хэлэх байна. Энэ
нь төр засгийнхны хийж байгаа ажлаар батлагдаж байна. Энэ нөхөд
амласнаасаа ухарчихсан, улс төрийнхөө өрсөлдөгчийг янз янзын аргаар
шахан хавчиж, хэлмэгдүүлж, байгалийн баялгийг цөөн хэдэн хүн хувааж авах
гэж улайран шунаж, төр засгийн үйл ажиллагааг ард түмэндээ улам ойрхон
болгож ард түмэндээ үйлчилж байх тэр зарчмаас гажуу явж байгаа. Энэ
бүхнийг олон хүний жишээн дээр яриад, янз бүрийн та бүхний мэдэхгүй нэр
эш татаж ярих хэрэггүй байх. Энэ зүйл бол миний ч амьдрал дээр, та
бидний ч амьдрал дээр бодитойгоор тохиолдсон учраас ярих эрхтэй гэж
бодож байна.
Тухайлбал, яаж улс төрийнхөө өрсөлдөгчийг, өөр үзэл бодолтой хүмүүсийг
ард түмнийхээ талд байгаа хүмүүсийг хэлмэгдүүлж байгаа вэ гэдгийг би өөр
хэн нэгнээр хэлүүлэлтгүй өөрөө өнөөдрийг хүртэл туулж ирсэн. Одоо ч
туулж байна. Цаашид ч энэ хүнд дарамт шахалтан дунд амьдрах нь гэдгээ
мэдэж байгаа учраас хэлье. Энэ хэлмэгдүүлэлт бол хууль зөрчсөн ноцтой,
аймшигтай үйл ажиллагаа. Ямар хууль зөрчсөн байдаг вэ гэхээр Үндсэн
хууль зөрчсөн. Үндсэн хууль гэдэг Монголын бүхий л хуулийн эцэг хууль.
Суурь болсон хууль гэдгийг та бүхэн сайн мэдэж байгаа.
Бодитой зүйл ярих ёстой гэдэг үүднээс Үндсэн хуулийн ямар ямар заалт
зөрчсөн бэ гэдэг талаар товчхон тайлбар өгье. Үндсэн хуульд Монгол Улсын
иргэн хэнийг ч эх орноосоо хөөхийг хориглоно гэж заасан байгаа. Гэтэл
бодит амьдрал дээр намайг эх орноос минь хөөж байна. Би гадаадад
эмчлүүлж байгаа нь үнэн. Гэхдээ эх орондоо ирэхээр янз янзаар дарамт
шахалт үзүүлж, муухай харж, муухай ярьж байна. Саяхныг хүртэл дандаа
далд хэлдэг байсан. Одоо тэвчихээ байгаад ил хэлдэг болсон. Цагаан
сараар ирээд бөх үзэх гэхээр муухай ханддаг. Энэ удаад хүртэл ирээд эх
орныхоо агаарыг амьсгалья гэж хэллээ гэж уур нь хүрч, нэг хүн агаар
амьсгална гэж ирсэн, тэр хүн яагаад агаар амьсгалах гээд байгаа юм гээд
бухимдаж байна лээ. Эх орноос нь хэнийг ч хөөж болохгүй гэдэг энэ зарчим
ноцтой зөрчигдөж байгаа. Энэ мэтийн эх орондоо ирж чадахгүй байгаа
хүмүүс бий.
Эх орондоо ирэхээр хэлмэгдэх гээд байгаа хүмүүс байна. Шүүх хууль,
хяналтын байгууллагыг гартаа хийгээд, даалгавар өгч жирийн иргэдээ
хэлмэгдүүлэх үйл ажиллагаа явагдах гээд байгаа учраас энэ байдлаас айсан
хүмүүс эх орондоо ирж чадахгүй байгаа. Би аав ээжтэйгээ хааяа утсаар
ярьдаг. Бүгдийг нь нэвт шувт чагнаж байгаа. Утсаар ч юм ярьж чадахаа
байсан. Аав ээж маань надтай ярихдаа Энхбаяр аа хэзээ ирэх гэж байна вэ,
ирээч ээ. Бид их өндөр настай болж байна шүү гэдэг байсан. Гэхдээ
өөрсдөө айгаад нээрээ наашаа ирээд яах дээ гэж хэлдэг болсон.
Аав ээж маань хүртэл тийм болсон байна шүү дээ. Ингэж муухай айсан
байна. Мэдээж 80 гарсан хоёр хөгшин хүүгээ ирээсэй гэж бодож байгаа нь
ойлгомжтой. Хүүтэйгээ уулзах, хүүгээ харах юмсан, эмчилгээ нь яаж байгаа
бол гэж бодож байгаа. Тэр тусмаа намайг 600 цагдаа дайчилж байгаад
баривчилж авч явахад, миний гар хөлийг мушгиж, хоолой боож ухаан
алдуулж, хоёр гарын шөрмөсийг тасалж, яаж зовоосныг манай аав ээж хоёр
мэдэж байгаа шүү дээ. Би шөрмөс тасалсныг мэдээгүй, гараа өргөж
болохгүй өвдөөд байхаар нь Солонгост очоод үзүүлэхэд таны хоёр
шөрмөсийг таслаад нэлээд хугацаа өнгөрсөн байна. Хэрэв их удсан бол та
хоёр гаргүй болох байсан байна гэж хэлсэн.
Ингээд хагалгаа хийгээд хоёр шөрмөсийг хадаж, хооронд нь оёсон. Ийм
маягаар харьцаж байгаа. Энэ хэлмэгдүүлэлт биш, юу юм бэ. Дээр нь Үндсэн
хуульд боловсрол, мэдлэгээр нь ялгаварлан гадуурхаж болохгүй гэж бичсэн
байдаг. Монгол Улсын иргэн л бол хэн нэгийг боловсролоор нь ялгаварлан
гадуурхаж болохгүй. Гэтэл 2012 оны сонгуульд намын жагсаалтад ороод, улс
орон даяар кампанит ажилд оролцоод явах гэтэл хаашаа ч явж болохгүй
гэсэн. Сүүлд нь МАН, АН-ын зарим хүнтэй уулзахад уучлаарай дарга аа
гэнэт дээрээс АН, МАН хоорондоо ярьж байгаад ингэж зохицуулсан шүү
гэсэн.
Тухайн үед МАНАН байсан гэдгийг та бүхэн санаж байгаа байх. Яагаад
ингэж байгаа юм, шударга сонгууль болоогүй шүү дээ гэж хэлэхэд тухайн
үед та ер нь аюултай байсан байхгүй юу. Ард түмэн таныг дагаад эргэчих
гээд байсан. Тиймээс бид таныг ингэхээс өөр аргагүй байсан. Эрдэнэтэд
очоод Эрдэнэтийн ард түмэн намайг хүлээж аваад дэмжлээ гэдгийг
харчихсан. Дархан болон Сэлэнгийн ард түмэн мөн эрдэнэтчүүдтэй адил тийм
байдлаар санаа бодлоо илэрхийлснийг харчихаад, Энхбаярыг явуулж
болохгүй гэсэн. Баруун аймгууд явна гэхэд хорьсон.
Төв, хангай болон говийн аймгуудаар явъя гэсэн бүх төлөвлөгөөг
нураасан. Ийм шударга сонгууль байдаг юм уу. Энэ хэлмэгдэл биш юм уу.
Хамгийн ноцтой нь намайг сонгуулийн нэрийн жагсаалтаас хассан. Мэдлэг,
боловсрол нь дутуу учраас хассан гэсэн. Одоогийн Их хурлын 76 гишүүн
надаас илүү мэдлэг боловсролтой юм уу. Дээр нь Үндсэн хуулийн хүний
сонгох, сонгогдох эрх зөрчигдөж байгаа. Гуравдугаарт, хүн гэм буруутай
үгүйг нь зөвхөн шүүхийн байгууллага шийдвэр гаргаж тогтооно гэсэн байтал
шүүх хурал болоогүй байтал сонгуулийн үед Сонгуулийн ерөнхий хороо нь
гэм буруутай болж магадгүй хүн гээд хассан. Энэ бас хэлмэгдүүлэлт.
Сонгуулийн ерөнхий хороо шүүх биш шүү дээ. Энэ юуг харуулж байна гэхээр
хэлмэгдүүлэлт бодитоор явж байгааг илэрхийлж байна. 2012 оны сонгууль
тэр чигээрээ булхайтай болсон. Хууль, шүүхийн байгууллагын үйл
ажиллагаанд оролцож болохгүй гэж Үндсэн хуульд заасан байгаа.
Гэтэл шууд оролцсон хүн өөрийгөө саяхан илчилчихлээ. Прокурорын
байгууллагын 85 жилийн хурал дээр үг хэлсэн өнөөдрийн Ерөнхийлөгчөөр
ажиллаж байгаа Ц.Элбэгдорж энэ хууль хяналтын ажиллагаанд би
Ерөнхийлөгчийн хувьд шууд оролцдог. Шууд оролцоод зогсохгүйгээр үүрэг
чиглэл өгдөг. Тэр үүрэг чиглэлийг та нар шууд биелүүлэх ёстой гэж
шаарддаг. Тэр шаардлагаа уур хилэн, бухимдлаар илэрхийлдэг гэдгээ
нотолчихлоо. Нотолсон учраас би ярьж байна. Тэр хүн өөрөө нотолсон.
Түүнээс өмнө би ноднин арваннэгдүгээр сарын үед ирснийг та бүхэн санаж
байгаа байх.
Дараа нь Цагаан сараар ирсэн. 2013 оноос хойш хоёрхон удаа ирсэн. Тэр
үед Ц.Элбэгдорж өөрийнхөө гар хөл болсон хүмүүсээр тойруу замаар одоо
явахгүй бол баривчилна шүү. Одоо ирэх юм бол баривчилна. Хурдан яв гэж
хөөж, туусаар байгаад явуулдаг байсан. Гэхдээ би айгаад явдаг байгаагүй.
Би иймэрхүү маягаар аюул занал учруулж, заналхийлж байна. Надад айх
зүйлгүй. Би айдгаа авдартаа хийсэн хүн. Одоо тэмцье. Дахиад баригдсан ч
яахав.
Надад хийсэн буруу зүйл байхгүй. Ахиад гүжирдэж, гүтгэж, намайг хилс
хэрэгт ял оноох гэж оролдоно. Гэхдээ ард түмэн тэрийг ойлгоно гэж
намынхандаа хэлэхэд, бид бэлэн биш, маш хэцүү байна, та биеэ, эрүүл
мэндээ бод. Тиймээс та ямар ч байсан энэ удаа яв. Ингэж байгаад юм
засрах биз, тэгсэн хойно ирсэн нь дээр гэж зөвлөдөг байсан. Тиймээс би
тэднийхээ саналыг хүндэтгэж, зовоогоод яахав гээд буруугүй ч гэсэн
явахаас өөр аргагүй байдалд ордог байсан. Тэнд очоод би Монголоо, та
бүхнээ, агаараа, гол усаа, уулаа, хоол, унд, дуугаа санадаг байсан.
Монгол хэлээр ярих юмсан, монгол дуу сонсох юмсан гэж бодно. Монгол дууг
Солонгост, Монголд сонсох тэс өөр шүү.
Хүмүүс дууг бичлэгээр нь авч яваад тэндээ сонсч болно шүү дээ гэж
боддог. Гэтэл үгүй. Монголдоо ирээд монгол дуу сонсоно гэдэг тэс өөр
зүйл байдаг. Монголоороо дандаа ярина гэдэг шал өөр. Монгол хүн
монголоороо ярьж хэлд орсон учраас монголоороо ярина гэдэг бидэнд эм юм
байна лээ. Эм гэдэг эмчийн бичиж өгсөн эм биш. Цагаан идээ, мах, гол ус,
монгол хүн бие биеэ харах чинь эм юм байна лээ.
Тиймээс эмнэлэг, эмчийн бичиж өгсөн эмээр эдгэнэ гэж байхгүй. Биеийг
эдгээнэ, шархыг аниана. Тэр их санасан, бэтгэрсэн сэтгэлийн хүнд хэцүү
ачааг эмнэлгийн эм эдгээж чадахгүй юм билээ.Би тийм их дарамтад орж
ирсэн хүн та нарыгаа хараад, та нарын дунд ороод монгол дуугаа сонсоод
хэчнээн хурц байгаа ч гэсэн монгол махаа амсаад сэтгэлийнхээ шархыг
эдгээж байгаа. Сэтгэлийн шарх нь эдгэчих вий гэж бодож уурлаж байна шүү
дээ. Хурдан яваач ээ гэж шаардаж байна. Энэ юу юм бэ. Хэлмэгдүүлэлт биш
үү. Ямар ч хэрэг хохирогчтой байдаг. Надад тулгасан ялыг хоёр зүйл дээр
үндэслэсэн гэж ярьж байгаа.
Шүүхийн өмнө тэгж тулгаж ял өгсөн. Нэг нь Сүхбаатарын талбайн хажуу
талын нурсан байшингийн доод талын газрыг би үнэгүйгээр аваад
Улаанбаатар хотыг хохироосон гэж. Энэ газрын гэрчилгээ хэний нэр дээр
байгаа юм бэ, Н.Энхбаяр гэж хүний нэр дээр байгаа юм уу гэж шүүх хурал
дээр би асуусан. Тэгвэл би энэ хохироосон асуудлаа хүлээе гэсэн.
Улаанбаатар хотын захиргааны нэр дээр байгаа гэрчилгээтэй газрыг Энхбаяр
яаж авсан байх юм бэ гэхэд авах чинь яасан юм гэсэн. Ингэж хэлээд
намайг ялласан. Хоёрдугаарт, Өргөө зочид буудлын сэргээн засварлах ажилд
Хуягаа гэж залуу хөрөнгө оруулсныг надтай холбоод, Улаанбаатар хотын
өмчийг үнэгүй авсан гэж байгаа. Үүнийг нь би сайн мэдэхгүй учраас
судлаад үзсэн.
Дандаа надтай холбоогүй асуудал байсан учраас судлахаас өөр аргагүй
болсон. Ингээд үзэхэд тэр Хуягаа гэж залуу Улаанбаатар хоттой гэрээ
хийгээд Улаанбаатар хотын өмч 150 сая төгрөг гэсэн үнэлгээтэй байсныг
дахин үнэлүүлээд 450 сая болгочихоод, тэр 450 сая төгрөг Улаанбаатар
хотын өмч мөн гэж гэрээгээр баталгаажуулчихаад дээр нь нэг тэрбум
төгрөгийн хөрөнгө оруулалт оруулаад тэр зочид буудлыг зассан байгаа юм.
Тэр цаад гэрээн дээр нь Улаанбаатар хотын өмч бол 150 сая төгрөг байснаа
450 сая төгрөгөөр дахин үнэлэгдэж энэ өмч баталгаатай Улаанбаатар хотын
нэр дээр байна гэж бүртгэсэн. Тэгсэн Хуягаагийн хийсэн гэрээг над дээр
та үнэгүйдүүлсэн гэж тохсон.
Яаж үнэгүйддэг юм бэ. 150 сая 450 сая болохоор үнэгүйддэг юм уу. Үнэн
хэрэг дээрээ 1998 онд Ц.Элбэгдоржийг Ерөнхий сайд байхад юу болсон
гэхээр Сэргээн босголтын банк гэж 25 тэрбум төгрөгийн үнэтэй банк
байсан. Тэрийг таван сая хүртэл доош нь үнийг нь унагасан. 250 тэрбумыг
таван саятай харьцуулбал хэд дахин ялгаатай. 5000 дахин үнийг нь
унагаагаад тэрийгээ Ц.Элбэгдорж Ерөнхий сайд байхдаа Засгийн газрын
шийдвэр гаргаад хувийн банкинд өгсөн. Үүнийг үнэгүйдүүлсэн гэнэ биз дээ.
Түүнээс биш байгаа үнийг өсгөснийг үнэгүйдүүлнэ гэж байхгүй. Ингээд
надад ял өгсөн. Энэ мэтээр дандаа худлаа юм зохионо. Энхбаярыг
буруутгахын тулд. Яагаад гэвэл би өрсөлдөгч нь. Яагаад гэвэл би
Тавантолгойг ард түмэнд өгөх ёстой гэж боддог.
Яагаад гэвэл би Оюутолгойг Монголын ард түмэнд ашигтайгаар ашиглая гэж
боддог. Яагаад гэвэл би долдугаар сарын 1-ээр таван хүн амь насаа алдаж,
олон арван хүн шархдаж, олон хүн шоронгийн хаалга татсан учраас
хүмүүсийг ядахдаа ёс суртахууны хариуцлага хүлээх ёстой гэж боддог. Ийм
байр суурь барьдаг учраас намайг шоронд хурдан хийж далд оруулах гэж
оролдож байна. Намайг ингээд ярихаар хүмүүс тухайн үед, манай намынхан
ойлгоод уйлаад тэмцээд явж байсан. Бусад намынхан юу болсон юм бол,
нээрээ л хачин юм боллоо доо. Хууль шүүхийн байгууллага шударга бус
болжээ гэдэг байсан. Гэхдээ үүнийгээ илэрхий тодорхой хэлж чаддаггүй
байсан. Саяхан Л.Гансүхийн шүүх хурал гэж юу болов. Шал худлаа жүжиг.
Тэр хүнийг буруутгая гэсээр байгаад улайм цайм тулгаад ял оноосон. 200
мянган төгрөгийн үнэтэй байсан нүүрсийг 80 мянган төгрөг болгосных нь
төлөө шоронд хийсэн. Дундаас нь ашиг олсон гэж байгаа. Дундаас нь ашиг
ололгүй яадаг юм. Өнөөдөр дундаас нь ашиг олохын төлөө ажилладаг зах
зээлийн эдийн засаг байгаа биз дээ. Дундаас нь ашиг олохдоо 200 мянгыг
500 мянга болгоод ашиг олсон байвал буруутай. Харин 200 мянгыг 80 мянга
болгоод ашиг унагасан хүн яагаад байж болдоггүй юм. Энэ бол энгийн хүн
бодоод олох тоо. Ийм хачин луйвар хийж, хууль шүүхийн байгууллагуудыг
ашиглаж өрсөлдөж байна. Нам дотор бие биеэ дарахын тулд АН, МАН ингэж
байна. Ийм хэлмэгдүүлэлт Монгол даяар айлгаж, аав ээжийг хүүхдээс нь,
гэр бүлээс нь салгасан ийм аймшигтай үйл явдал болж байна. Амарсайхан
гэж Газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга байсан залууг шоронд алсан.
Алсан гэж хэлэхээс өөр арга байхгүй. Өвчтэй хүнийг эмчлүүлье гээд
байхад үгүй гэсээр байгаад амьсгаа хураалгасан гэж би сонссон. Олон
улсын хуульд нас барсан хүнийг шүүдэггүй. Учир нь Үндсэн хуульд хүн
өөрийгөө өмгөөлнө гэсэн чухал заалт байдаг. Хүн өөрийгөө өмгөөлдөг
учраас сүүлчийн үгээ шүүхийн шийдвэр гаргахаас өмнө хэлдэг. Би буруутай
эсвэл буруугүй гэж өөрийгөө өмгөөлөх эрхийг үлдээж байж шүүх хурал
болдог.
Гэтэл шүүх хурал хэн нэгнийг буруутгаж байгаа бол тэр хүн өөрөө шүүх
хурал дээр байх ёстой. Хэн нэгэн хүн нас барлаа, тэр хэрэгт Амарсайхан
буруутай ч, буруугүй байсан ч эцэслэж тогтоогдоогүй учраас, шүүх хуралд
Амарсайхан биеэрээ оролцох бололцоогүй болсон учраас тэр хэргийг шууд
хаадаг. Дээр цагт дарангуйлагч хаад нас барсан хүний цогцсыг сандал дээр
суулгаж байгаад шүүх хурлаа хийдэг байсан юм гэсэн. Түүхэнд ингэж
бичсэн байдаг. Гэтэл өнөөдөр манайх яаж байна. Амарсайхан нас барчихаад
байхад хэргийг шүүх хурал дээр аваачаад хүнд ял өгч байна. Өнөөдөр ийм
балмад явдал болж байна.
Ийм муухай хэлмэгдүүлэлт болж байхад сөрж зогсож байгаа цорын ганц нам
бол МАХН. Эмнэлэгт хохироод хэвтэж байхад та нар намайг эргэж тойрч,
дэмжиж байсан. Чуулга уулзалт зохион байгуулж, хэлмэгдүүлэлтийн эсрэг
үгээ хэлж байсан ийм нам өнөөдөр Монголд байхгүй. Ганцхан МАХН байгаа.
Тиймээс хэлмэгдүүлэлтийн талаар өнөөдөр хамгийн их дуугарч,
хэлмэгдэгсдээ хамгаалж байгаа нам бол МАХН. Энэ сэтгэлийнхээ галыг бид
унтрааж болохгүй.
Хэлмэгдсэн АН-ын гишүүн Л.Гансүхийг өмөөрөх ёстой. Хэлмэгдсэн МАН-ын
хэн ч байсан бид өмөөрөх ёстой. Хэлмэгдүүлэлт гэсэн энэ аймшигтай салхи
шуурга Монголын айл гэрийг, хүнийг дайрах ёсгүй. Бид 1930 он, дараа нь
1950, 1960 онд хэлмэгдүүлэлтийг амссан. Тухайн үед ЗХУ-ын Сталины
удирдлагаар явуулсан алдаатай бодлогын уршгаар энэ хэлмэгдэл Монголыг
дайрч өнгөрлөө. МАХН үүнийг зогсоож чадаагүйдээ уучлал гуйж байна гэж
хэлж байсан. Өнөөдөр би зогсоож чадахгүй.
Гэхдээ би тэмцэж байна. Тиймээс бид МАХН мөн. Гэхдээ бид өөрчлөгдсөн
МАХН. Хэлмэгдлийг гаргахгүйн төлөө тэмцэж чадаж байгаа МАХН. Энд сууж
байгаа хүмүүс бол монголчуудын нэг хэсэг. Өргөн шанаатай, онигор нүдтэй,
нүүр царайгаараа адилхан л монгол. Гэхдээ ялгаатай нь бид МАХН-ынхан.
Бид хэнээс ч айхгүй. Бид энэ хэлмэгдлийг таслан зогсоохын төлөө тууштай
тэмцдэг нам гэдгээ харуулж байна. Хэлмэгдэл ардчилал алга болсон нөхцөлд
гардаг. Ардчилал, хэлмэгдэл хоёр хамт байдаггүй. Өнөөдөр ардчилал
байгаа мөртлөө хэлмэгдүүлэлт байна гэж ярьдаг.
Эсвэл ардчилал байна, эсвэл хэлмэгдүүлэлт байна. Хэлмэгдэл байгаа бол
ардчилал алга болсон. Ардчилал байгаа бол хэлмэгдэл дуусна. Энэ нь чоно,
хонь хоёр хоёулаа байдаггүйтэй адил. Чоно, хонины үлгэрийг ярихаа больё
оо, Элбэгдорж оо. Өнөөдөр ардчилал байхгүй болсон. Ардчиллыг цөөн хэдэн
хүн хувьчилж, ард түмнээс булааж аваад хэлмэгдүүлэлтийг гаргаж байгаа.
Тиймээс МАХН хэлмэгдүүлэлтийг таслан зогсоохын төлөө тэмцэж байгаа бол
ардчиллыг буцааж Ц.Элбэгдоржоос нь авъя. Ард түмэндээ өгье гэсэн
зорилтыг бид дэвшүүлэх ёстой. Нөгөө талаар бид хэлмэгдүүлэлтийн эсрэг
тэмцэж байгаа ч гэсэн хэн нэгэнд өш санах хэрэггүй. Өширхөх сэтгэлийн
цаана заавал өөрт ч, өрөөлд ч муу муухай юм байдаг.
Энэ бол бидний амьдралын бас нэг түүх, сургамж. Тиймээс бид
хэлмэгдүүлэлтийг хийж байгаа хүмүүсийг уучлах ёс суртахууны өндөр
чадвартай хүмүүс. Гэхдээ мартаж байгаа юм огт биш шүү. Мартах юм бол энэ
алдаагаа засч чадахгүй. Уучлах юм бол засч чадна. Мартахгүй уучлах юм
бол, засч чадна. Уучилж чадахгүй мартах юм бол, эсвэл мартвал алдааг
засч чадахгүй. Уучилж чадахгүй бол өөрсдөө хэлмэгдүүлэлтийг хийнэ. Ингэж
бас болохгүй. Ийм нарийн харьцаа байгаа шүү гэдгийг бодож та бүхэн энэ
хэлмэгдүүлэлт хийж байгаа хүмүүсийг мартахгүйгээр уучлах ёстой.
Мартахгүйгээр уучилна гэдэг алдааг засна гэсэн үг. Ардчиллыг ард түмэнд
өгнө гэдэг чинь энэ алдааг засна гэсэн үг. Ц.Элбэгдорж намайг уучилсан
гэж ярьдаг. Үнэн хэрэг дээрээ би уучилж өгөөч гэсэн өргөдөл бичиж
өгөөгүй. Намайг хууль бусаар шоронд оруулсантай адил өөрийн дураар
уучилсан. Үүний цаана ард түмний гайхмаар олон зүйл байгаа. Би тэрийг
ярьж л таараа. Үүнд цаг хугацаа их орох учраас өнөөдөр ингээд үлдээе.
Ц.Элбэгдорж уучилж чаддаггүй. Уучилж чаддаг хүн бол намайг бөх үзэх
гээд ирэхэд тэгж муухай харахгүй.
Уучилж чаддаг байсан бол агаарыг нь амьсгалья гээд ирэхэд түүнийг нь
прокурорын байгууллагын хурал дээр нэг цаг 40 минут миний тухай ярьж,
занаж зүхэхгүй. Харин хэн уучилж чаддаг вэ, бид нар уучилж чаддаг. Бид
хэлмэгдэлтийг ойлгож байгаа учир уучилж чаддаг. Ц.Элбэгдорж хэлмэгдлийг
ойлгож чадахгүй байгаа. Өөрөө тэрийг хийж байгаа учраас уучилж чадахгүй
байна. Бид түүний эсрэг тэмцэж чадаж байгаа учраас уучилж чадаж байна.
Тиймээс бид жинхэнэ уучлалыг үзүүлэх ёстой. Ёс суртахууны хувьд бид
Ц.Элбэгдоржийг уучилж байгаа. Хэлмэгдүүлэлтийг хийж байгаа хууль
шүүхийн байгууллагынхныг уучилж байгаа. Гэхдээ мартаж байгаа юм биш.
Алдааг засахын тулд мартах эрхгүй. Олуулаа, ард түмэнтэйгээ хамт тэмцэж
байж ардчиллыг ард түмэндээ өгнө. Хэлмэгдүүлэлтийг тас цавчиж зогсооно.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Сэтгэгдэл