Л.Болд: Н.Алтанхуягийн ЗГ-ыг унагах шийдвэр гарга гэсэн дарамт ирсэн


Л.Болд: Н.Алтанхуягийн ЗГ-ыг унагах шийдвэр гарга гэсэн дарамт ирсэнСүүлийн үед Авлигатай тэмцэх газар руу чиглэсэн олон нийтийн шүүмжлэл хүчээ авлаа. Ар араасаа гарч буй баривчилгаа, буруутай нь нотлогдоогүй байхад гэмт хэрэгтэн мэт нийгэмд зарлаж, олон сараар хорьдог байдал хэрээс хэтэрч байгаа нь нөхцөл байдлыг ингэж хурцатгаж байж магадгүй юм.


Эдгээрээс хамгийн хүчтэй шүүмжлэлийг ярьж яваа хүн бол УИХ-ын гишүүн Л.Болд юм. Тэрбээр тус байгууллагыг нийгмийг айдсаар барьж байсан социализмын үеийн НАХЯ-тай зүйрлэсэн. Хамгийн сүүлд л гэхэд ноцтой баримтыг Өршөөлийн хуулийг боловсруулах ажлын хэсгийн  хуралдааны үеэр ярьсныг  хүргэх гэж байна.

 

Түүнийг АТГ-ынхан албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт буруутган шалгаж байгаа. Харин Л.Болд гишүүн өөрийгөө буруугүй гэх тайлбарыг олон удаа хэлээд байгаа юм.

 

Үүнийгээ ч ажлын хэсгийн хуралдаан дээр мөн хэлсэн байна. Хамгийн ноцтой нь АТГ-ынхан өөрийг нь "Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагаах шийдвэрийг гарга" гэж дарамтлаж байсныг энэ үеэр ярьжээ. Үүнээс үзвэл АТГ-т Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагах ямар шаардлага байсан бэ гэдэг асуулт гарч ирж байна. Мөн Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагахын тулд УИХ-ын гишүүдийг дарамтлуулах ажлыг АТГ-аар нэг хүн хийлгүүлж байсан байж таарах нь. Харин тэр нь хэн бэ?. Уг нь Н.Алтанхуяг гэх хүн авлигал, албан тушаалын хэрэгт холбогдвол АТГ чиг, үүргийнхээ дагуу шалгаж, нягтлах ёстой. Түүнээс бус Засаг унагах ажлын арыг даах нь тэдний хийх зүйл огтхон ч биш. Дүгнэвэл АТГ-ынхан хэн нэгний захиалгаар УИХ-ын гишүүдийг хүртэл айлгаж, сүрдүүлж явдаг гэдэг нь тодорхой байна. Цаашилбал Засгийн газрыг унагахад гар бие оролцдог байх нь. АТГ иргэдийг дуртай үедээ дуудаж хэлснийг нь хийхгүй бол  айлгаж, сүрдүүлдэг байгууллага болсон байна. Дургүй нь хүрвэл шоронд хийдэг газар болж. Ийм их хэмжээлшгүй эрх мэдлийг тус байгууллагад хэн олгов.

 

Ингээд ажлын хэсгийн хуралдаан дээр Л.Болд гишүүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэе.

 

УИХ-ын гишүүн Л.Болд: -Та бүхэн хонь шиг байхгүй бол над шиг алуулна шүү /УИХ-ын зарим гишүүдэд хандаж хэлж буй нь/. Би гурван жил тамлууллаа, алууллаа. Тэд нар маш олон хүний амьдралаар тоглолоо /АТГ-ыг хэлэв/. АТГ-аас хоёр гишүүн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа гэж өчигдөр мэдэгдсэн. Гэтэл өнөөдөр цөөнх хүчтэй дуугараад ирэнгүүт УИХ-ын нэг гишүүн болгочихлоо. Ичихгүйгээр. Үүний цаана нэг л зүйл байна. Тэд "Түүнийг бид алдагаараа ална. Энэ бол олонхийн нөхөр. Л.Болд бид нарт ирж мөргөөгүй” гэж байгаа. Хүмүүс яаж хэргээ цайруулчихдаг юм бүү мэдэхгүй. Би бол чадахгүй юм байна лээ. Би 25 жил улс төрд явлаа, хангалттай. Надад дарга сайд болох сонирхол алга. Би хүүхдүүддээ арай гайгүй улс үлдээчихье гэж бодож байна. 1990 онд үхье гээд л энэ талбай дээр гарч ирсэн. Өнөөдөр үхсэн баас тэр АТГ нь байна уу, юу байна ална л биз. Алахаас би айхгүй. Намайг Батлан хамгаалах яамны сайдаар ажиллаж байхад шалгаж байсан. Шалгаж байгаад гэрчээр дуудсан. Тухайн үед би бүх тайлбараа аваачиж өгсөн. Гэтэл гэнэтхэн Засгийн газрын санал хураалт өгөх гэтэл дуудаад "Та ер нь энэ хэрэг дээр сэжигтэн болж байгаа шүү” гэсэн. Тэр үед дарамт надад ирсэн. Н.Алтанхуягийн ЗГ-ыг унагах шийдвэр гарга гэсэн. Би тийм шийдвэр гаргаагүй. Кнопыг би тэдний хэлсний эсрэг дарсан.

 

Гэтэл яг сарын дараа миний хэргийг тусад нь эрүүгийн хэрэг болгосон. Тэгээд удалгүй түдгэлзүүлээд прокурор руу шилжүүлж дүгнэлт гараад эргэж түтгэлзүүлсэн байгаа юм. Би мэдээгүй. Тэгээд өнөөдөр ярьж байгаа юм. Ийм л улсууд байна шүү дээ. Тэгэхээр энгийн иргэдийг яадаг байх вэ? Би айхгүй. Надад хийсэн хэрэг байхгүй. Та бүхэн унш. Тэр бол инээдтэй асуудал. Надад бүх тайлбар нь байна. Тэднийг юу хийх гээд байгааг би мэдэж байгаа. Эд нар намайг улс төрийн хувьд өвдөг дээр минь сөгдүүлэх гэж байна. Донгодсоноор нь явахгүй бол та нарыг ч мөн мэдээгүй байхад ингэнэ шүү.  Би прокурорт хандана. Гомдлоо гаргана” гэжээ.

 

Тэрбээр мөн авлигал авсаныг нь бус өгснийг нь ч адилхан шийтгэх ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байгаа юм.  

 

Т.Энхэлээ

http://www.24tsag.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.