Гэрч нар мэдүүлгээсээ буцаж эхэллээ


 Гэрч нар мэдүүлгээсээ буцаж эхэллээЕрөнхий сайд Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх нарт холбогдох авлига, албан тушаалын хэргийг шүүх хурал өчигдөр гэрчүүдээс мэдүүлэг авснаар эхэллээ. Шүүх хуралдаанд гэрчүүдийн амь нас, аюулгүй байдлыг бодолцон царайг нь нийтэд харуулаагүй юм.

Гурав дахь өдрөө үргэлжилж байгаа шүүх хуралдаанд арав гаруй хүнийг гэрчээр дуудсан бөгөөд тэдний дунд "Багануур” ХК, Үндэсний аудитын газар болон Ерөнхий сайд асан УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг нар байгаа юм. Өчигдрийн хувьд гэрчийн мэдүүлэг өгсөн хүний дийлэнх нь "Би ийм зүйл яриагүй, хэлээгүй” хэмээн булзаж, хавтаст хэрэгт авагдсан баримтыг үгүйсгэж байлаа. Үүнээс хэд хэдэн гаргалгаа хийж болохоор байна.

Тухайлбал, АТГ-ын мөрдөн байцаагчид шүүгдэгчдийг буруутгахыг улайрч гэрч нарыг сэтгэл санааны дарамтад оруулан хөтөлсөн мэдүүлэг авсан, эс бөгөөс гэрч нарыг мэдүүлгээсээ буц хэмээн хэн нэгэн дарамталсан болж таарна. Мөн улаан нүүр халуун гэгчээр Л.Гансүхийн нүдэн дээр үнэнийг хэлэх зүрх зориг дутсан уу. Ямартай ч, өчигдрийн шүүх хуралдаанд оролцсон гэрч нарын дийлэнх нь хэлж, ярьж байснаасаа буцав. Харин тэднээс Үндэсний аудитын газрын аудитор М.Ичинхорлоо уг хэргийн гол хохирогч болох "Багануур” ХК-д Авлигатай тэмцэх газрын хүсэлтээр аудит хийснээ хүлээн зөвшөөрсөн юм.

Энэ мэт үргэлжилсэн шүүх хуралдааны гол гэрч Ерөнхий сайд асан Н. Алтанхуяг байлаа. Тэрбээр шүүгч, өмгөөлөгчдийн асуултад хариулахдаа "Ерөнхий сайд байсан хүнтэй та нар ярьж байгаагаа мэдэж байна уу” хэмээн омогдож, та нарын асуултад хариулахын тулд Засгийн газрын хөтөлбөрийг бүтнээр нь ярих хэрэгтэй болно хэмээн гэдийж байв. Мөн шүүгдэгч Л.Гансүхийг ямар ч буруугүй гэдгийг хэлж байлаа.

Хуралдаан үдээс хойш нэлээн маргаантайгаар үргэлжилсэн юм. Мордохын хазгай гэгчээр гэрч нар нь мэдүүлгээсээ буцаж, өмгөөлөгчид шинжээчдээс болон улсын яллагчид, эцэстээ шүүгч Х.Идэрээс татгалзсан  ч энэ бүгдийг шүүх бүрэлдэхүүн хүлээж аваагүй нь өмгөөлөгч Ц.Баасандорж, Х.Цэрэнжээ нарыг ихээхэн бухимдуулсан юм. Мөн шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан өмгөөлөгч Ц.Баасандорж хуралдаан даргалагчийн зөвшөөрөлгүйгээр шүүх танхимыг орхин гарсных нь төлөө хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний торгууль ногдуулав. Энэ нь хоёр дахь удаагийнх бөгөөд өмнө нь түүнийг хуралдаанд дуудсаар атал санаатайгаар ирээгүй. Шүүхийг үл хүндэтгэсэн гэсэн үндэслэлээр мөн торгууль ногдуулсан билээ.

У.Мичид

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.