“Тавантолгой түлш” ХХК-ийн Баруун бүсийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэр 12 шугамтай, жилд 600 мянган тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. Одоогоор зургаан шугамаар сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж байгаа бөгөөд энэ сарын 15-наас бүрэн хүчин чадлаараа ажиллах юм. Нийслэлийн зургаан дүүргийн 71 агуулах болон үйлдвэрт 73 мянга гаруй тонн сайжруулсан шахмал түлш нөөцөлсөн.
Харин мидлинг буюу түүхий эдийн нөөц дундын агуулахад 386 мянган тонн, баруун бүсийн үйлдвэрт 32 мянга, зүүн бүсийнхэд 2,000 тонн болжээ. “Шахмал түлшний борлуулалтын цэгийн тоо өнгөрсөн онд 400 байсан бол энэ жил 1,000 болгоно. Мөн 500 өрхийн дунд нэг байсан цэгийг энэ жил 200 өрхөд нэг байхаар тооцоолж 11 бааз, 550 савлагч ажиллуулна” гэж “Тавантолгой түлш” компанийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар танилцуулав. Тус компани мөн угаарын хийн хордлогод өртөхөөс сэргийлэх, зуухны стандарт, зөв галлагаа хийхтэй холбоотой сургалт, сурталчилгаа, мэдээллийг иргэдэд хүргэж байна.
Засгийн газрын 2020 оны 35 дугаар тогтоолын дагуу нийслэлийн зүүн бүсэд жилд 600 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр барьж эхэлсэн. Монгол Улсын Ерөнхий сайд бүтээн байгуулалтын ажлын явц, үйлдвэрийн үндсэн барилга, тоног төхөөрөмжийн угсралт, газар доорх байгууламж, газын бойлер, агуулах, цахилгааны дэд станц, 150 ажилчны амрах байр, нийтийн халуун ус, хоолны газар зэргийн барилгын ажлын явцтай танилцав. Үйлдвэрийг ирэх 11 дүгээр сарын 1-ний өдөр ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд ажил 48 хувьтай байна.
“Тавантолгой түлш” компанийн хамт олон 2018 оноос хойш шахмал түлшний үйлдвэрлэлт, тээвэрлэлт, борлуулалт, нийлүүлэлтийг хариуцан ажиллаж агаарын бохирдлыг 50 хувь бууруулахад үнэтэй хувь нэмэр оруулсанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа баяр хүргэв. Зүүн бүс дэх үйлдвэрийг ашиглалтад оруулснаар агаарын бохирдол 80 хувь буурна, цаашид 2,400 гаруй уурын зуухыг сайжруулсан шахмал түлшээр хангах, агаарын чанарын бүсэд орох хороо, дүүргийн тоог нэмэх зэргээр цогц арга хэмжээ авах гэж байгаа тухай хэлэв. Мөн Засгийн газрын зорилтыг дэмжиж сайжруулсан шахмал түлш хэрэглэн агаарын бохирдлыг бууруулахад жинтэй хувь нэмэр оруулж байгаа иргэдэд талархал илэрхийллээ.
Сэтгэгдэл