Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АСЕМ-д идэвхтэй оролцохыг уриаллаа


600x600

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотод болж буй ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд үг хэллээ.

Тэрээр хэлсэн үгэндээ: Өнгөрсөн 15 жилийн хугацаанд ШХАБ нь аюулгүй байдал, худалдаа, эдийн засаг соёл, боловсрол, шинжлэх ухаан, хүмүүнлэгийн салбар зэрэг олон талт хамтын ажиллагааг хамарсан байнгын ажиллагаатай бүс нутгийн олон улсын байгууллага болж чадсан билээ. ШХАБ-ын олон улсын нэр хүнд өсч, үйл ажиллагааны цар хүрээ нь тэлж бэхжихийн хэрээр түүнтэй хамтран ажиллах түншлэгч орнууд ч  нэмэгдэж байна.

Өнгөрсөн 12 жилийн хугацаанд Монгол Улс нь ШХАБ-ын гишүүн орнуудын төр, засгийн тэргүүн нарын болон салбарын сайд нарын уулзалтад тогтмол оролцож, тус байгууллагын олон талт эдийн засгийн хамтын ажиллагаанд оролцох сонирхолоо илэрхийлж ирсэн.Энэ үүднээс ШХАБ-ын гишүүн, ажиглагч орнууд, яриа хэлцээний түншүүдийн хооронд хамтран ажиллах механизм бүрдүүлэх нь чухал гэж үздэг.

Монголын тал ШХАБ-ын гишүүн, ажиглагч орнуудын үндэсний зохицуулагчдын "6+5” уулзалтыг өөр хоорондын хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих чухал механизм гэж үздэг. Энэхүү механизмыг цаашид байнгын шинжтэй болгох саналтай байна.

Өнгөрсөн онд Уфа хотноо баталсан ШХАБ-ын 2025 он хүртэлх хөгжлийн Стратеги нь тус байгууллагын 10 жилийн хөгжлийн төлвийг тодорхойлсон баримт бичиг болсон билээ. Энэхүү стратегийн баримт бичигт ШХАБ нь ажиглагч орнуудтай бодит хамтын ажиллагааг бэхжүүлж, тэдгээрийг төслийн үйл ажиллагаандаататан оролцуулах болсныг сайшаан тэмдэглэж байна.

 Бүс нутгийн аюулгүй, тогтвортой байдлыг хангахад улс орнуудын харилцан ашигтай хамтын ажиллагаа чухал тулгуур болж байна. Монгол Улс ШХАБ-ын хүрээнд дэд бүтэц, худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, байгаль орчин, гамшигтай тэмцэх зэрэг чиглэлд хамтран ажиллахад тэргүүлэх ач холбогдол өгч байна.

Монгол Улс нь дамжин өнгөрөх тээврийн асар их боломжтой орон, хоёр хөрштэйгөө ч энэ чиглэлээр чухал ач холбогдол бүхий хэлэлцээрүүдийг байгуулж байна. Монголын нутгаар дамжуулан нефьт, хийн хоолой, зам тээврийн бүтээн байгуулалт хийх боломжийг хамтран судалж, том төслүүдийг ШХАБ-ын холбогдох төслүүдтэй уялдуулах боломжтойг энд цохон тэмдэглэе.

Өчигдөр Монгол, Орос, Хятадын гурван талын дээд түвшний ээлжит уулзалт болж гурвалсан хамтын ажиллагааны тохиролцоонд хүрлээ. Гурван талын баталсан Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр нь бүс нутгийн олон талт хамтын ажиллагаа, түүний дотор ШХАБ, ЕврАзийн эдийн засгийн холбоо, Монголын "Талын зам”, Хятадын "Торгоны замын эдийн засгийн бүс” санаачилгуудыг уялдуулан хөгжүүлж хамтын ажиллагааны шинэ орон зай бий болгох чухал алхам боллоо.

Хатагтай, ноёд оо,

Ирэх 7 дугаар сарын 15-16-нд Улаанбаатар хотноо АСЕМ-ийн дээд түвшний 11 дүгээр уулзалт болон АСЕМ-ийн 20 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж байна.

АСЕМ-ын уулзалтыг амжилттай зохион байгуулахад ШХАБ-ын гишүүн, ажиглагч, яриа хэлцээний түншүүд дэмжлэг туслалцаа үзүүлж буйд талархалаа илэрхийлэх ялдамд энэхүү арга хэмжээнд Та бүхнийг идэвхтэй оролцохыг хүсье.” гэлээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.