Випэкспо сайт “Мянгат брэнд”-ийн гарааны бизнесийг онцолж байна


Випэкспо сайт “Мянгат брэнд”-ийн гарааны бизнесийг онцолж байна 

Випэкспо.мн сайтын эрхлэн гаргаж буй "Бизнесийн гараа” нэвтрүүлгийн эхний дугаарыг үзэгч та бүхэнд хүргэж байна. Энэхүү нэвтрүүлэг нь шинээр бизнес эрхэлж буй хувь хүмүүсийн шинэхэн бизнесийг олон нийтэд хүргэх зорилготойгоор бэлтгэн хүргэж байгаа билээ.

Бидний эхний дугаараар "Мянгат” брэндийг үүсгэн байгуулагч Э.Батсайхан оролцлоо. Энэхүү брэнд нь ангилсан махны захиалга хүргэлтийн үйлчилгээ үзүүлдэг бизнес юм. Эрүүл ахуйн чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг хэрэглэгчдийн гарт түргэн шуурхай хүргэхийн гол зорилгоо болгон ажиллаж байгаа хэмээн Мянгат брэндийн үүсгэн байгуулагч онцолж байсан юм.

Мянгат ангилсан махны хүргэлтийн үйлчилгээ нь Дорнод аймагт байрлах махны үйлдвэрээс бэлтгэн гаргасан бүтээгдэхүүнээ Улаанбаатар хот руу стандартын зөөврийн машинаар тээвэрлэн авчирдаг. Улмаар хотод байрлах махны цехүүдэд савлан хэрэглэгч үйлчлүүлэгчдэд хүрдэг аж.

Харин Дорнод аймаг дахь махны үйлдвэрт нутгийн болон ойр орчмын сумдын иргэд гарал үүсэл нь тодорхой, бүртгэлтэй түүнчлэн хүнсэнд хэрэглэхэд тохиромжтой малыг авчран өгдөг. Үүний дараагаар үйлдвэрийн шинжилгээнд хамруулан хүнсэнд хэрэглэхэд тохиромжтой гэж үзсэний үндсэн дээр төхөөрч, ангилан Улаанбаатар хот руу ирдэг.

"Мянгат брэнд”-ийн хувьд бусад мах, махан бүтээгдэхүүн борлуулдаг худалдаа үйлчилгээний байгууллага болон хүргэлт үйлчилгээний газруудаас ангилсан бүтээгдэхүүн борлуулдгаараа давуу талтай юм. Учир нь махыг ангилах нь тухайн бүтээгдэхүүний ашиг шимийг гарган зөв зохистой хэрэглэж болдгоороо давуу талтай юм. Ингэснээр хэрэглэгчдэд илүү хялбар байхаас гадна иргэдийн хэрэгцээнд тохируулан ангилах нь илүү тохиромжтой байдаг хэмээж байв.

Түүнчлэн малын махнаас 10 орчим төрлийн бүтээгдэхүүнийг гарган зах зээлд нийлүүлдэг байна. Мөн хэрэглэгчдийн захиалгын дагуу махны төрөл болон хэрчилт, яс зэргийг хүргэж өгдөг гэв.

Хүнсний бүтээгдэхүүний зах зээлд махны үнэ тогтворгүй байдаг хэдий ч Мянгат брэнд хэрэглэгчдэд түргэн шуурхай мөн тогтсон үнэ өртгийг санал болгон найдвартай ажиллахыг илүүд үзэж байгаа аж. Үхрийн ангилсан махыг 9500-12000 төгрөг, хонины махыг 7500-9000 төгрөгийн хооронд худалдаалж байгаа нь зах зээл дэх хүргэлтийн үнэ болон сав баглаа боодлын хувьд хямд өртгөөр худалдаалж буйгаа тэрээр онцолж байсан юм.

 

 

 
 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.