Төрийн хяналтаас илүү түмний ухамсарт найдах үлдлээ


Төрийн хяналтаас илүү түмний ухамсарт найдах үлдлээ

 

Манай улс цар тахлыг дотооддоо алдаад сар ч хүрэхгүй хугацаанд  халдварын найман голомтод 358 иргэн өвчлөв. Шинээр нэмэгдэж буй халдварын тоо 24 цагт 20, 30-аас буусангүй. Гэтэл өчигдрөөс эхлэн нийслэлд гацсан орон нутгийн иргэдийг "тавьж” явууллаа. Өөрөөр хэлбэл, Улаанбаатараас өндөр эрсдэл бүхий 100 мянган иргэн 10 хоногт багтан аймгуудыг зорино. Хэдийгээр орон нутгийг зорих иргэдээс COVID-19 шинжилгээ авч байгаа ч бүрэн баталгаагүй. Халдварын нууц үе 14 хоног үргэлжилж, өвчилсөн хүмүүсийн 40 хувьд нь шинж тэмдэггүй илрэх тохиолдол олон. Мөн 2-3 удаагийн давтан шинжилгээнээс халдвар илэрч байна.  Нэг ёсондоо дүүрэг, хороо болгонд шахуу халдвар бүртгэгдээд буй 1.5 сая хүнээс 100 мянган хүнийг эрүүл бүс рүү явуулж байгаа нь аз туршсан хэрэг болж буйг УОК ч хүлээн зөвшөөрч байгаа.
 
Орон нутаг руу буцах, нийслэлд ирэх иргэдийн асуудлыг УОК бараг сарын хугацаанд ярьж хойшлуулах зуур зохион байгуулалтын бэлтгэлээ давхар базаасан гэж ойлгож байгаа. Гэтэл иргэдээс шинжилгээ авах цэгт халдвар хамгааллын дэглэмийг сахиулах, шинжилгээний хариуг цахимаар тараах зэрэг асуудал нэг л жигдэрч өгсөнгүй. Хотын нэг захаас нөгөө зах руу шинжилгээ өгүүлэхээр явуулах, нэг гэр бүлийн хүмүүсийг өөр өөр цэгт хуваарилах, 119 сайт гацах зэргээр чирэгдэл үргэлжилсээр байна. Тэгвэл өчигдөр эхэлсэн орон нутгийн иргэдийн цуваа мөн л нарийн зохион байгуулалт шаардаж эхэллээ.
 
АТҮТ-өөс өгсөн мэдээллээр хот хоорондын нийтийн тээврийн тусгай үүргийн тээвэрлэлт өчигдөр 08:00 цагаас эхэлсэн. Хоёр өдөрт 21 цэгт 10222 хүн шинжилгээ өгч өссөн дүнгээр 20500 хүн бүртгүүлжээ. Хувийн автомашинаар гарах иргэд 06:00 цагаас эхлэн хот хоорондын зорчих хөдөлгөөнд оролцож байгаа бол нийтийн тээврээр зорчих хүсэлтэй иргэдийн тоо өчигдрийн  байдлаар 14 аймагт 130 автобусаар 5200 иргэн байснаас биднийг "Тэнгэр плаза” төв дээр өчигдөр өдрийн 12:00 цагийн байдлаар долоон чиглэлд 18 тээврийн хэрэгслээр 566 зорчигч Улаанбаатараас орон нутаг, орон нутгаас нийслэлд зорчиж байна гэсэн мэдээллийг өгсөн юм. Нийтийн тээврийн хувьд Драгон, Тэнгэр плаза, Лавай гэсэн гурван цэгээс явж байгаа юм. Харин халдвар гарсан Архангай, Сэлэнгэ, стратегийн чухал бүс болох Өмнөговийн хөдөлгөөнийг энэ сарын 7-ноос эхлүүлэхээр Засгийн газар шийдвэрлэсэн. 
Аймгийнхаа автобусанд амжиж суух хүмүүс ачаа бараатайгаа цугларчээ. Нэг автобусанд 40 хүн суух бөгөөд цаг тутам 10 машин гаргахаар төлөвлөсөн байна. Иргэдийг харьяа чиглэлийн автобусандаа суух хүртэл цагдаагийн алба хаагчид хянаж, халдвар хамгааллын дэглэмийг сахиулах бол автобус хаалгаа хааснаас хойш зорьсон газраа хүрэх хүртэл иргэдийн ухамсарт найдахаас аргагүй болов. Мэргэжлийн хяналтын байгууллагаас орон нутагт зорчих иргэдэд зориулсан түр журам гарган автобусанд байрлуулж иргэдийн сөрөг бичигтэй шинжилгээний хариу, тасалбар, бичиг баримтыг тулган автобусанд суулгаж байгаа юм. Тухайлбал, түр журамд "Амны хаалт, бээлий, гар халдваргүйжүүлэгчийг хоёр цаг  тутам солих, бусад зорчигчтой ярихгүй байх, замд идэх хоол хүнсээ хийх хогийн уут бэлтгэх, хог шүлс, цэрийг ил задгай хаяхгүй байх”-ыг дурджээ. Иргэдийг орон нутагт очих хүртэл нь нэгдсэн журмаар буулгах юм. Харин автобусанд жолоочоос өөр төрийн хяналт явахгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл, энэ эгзэгтэй цаг үед хүн бүр өөрийгөө болон өрөөлийг эрсдэлээс хамгаалахын тулд бие биедээ хяналт, шаардлага тавих үүрэг хүлээж байна. Бусдын буруу үйлдлийг хараад дуугүй өнгөрөх, зургийг нь дараад сошиалд оруулж шүүмжлэх биш дор бүр нь шаардлага тавьж таслан зогсоох учиртай. Мөн аймаг орон нутагтаа очсон даруйдаа гэрийн 14 хоногийн тусгаарлалтаа чанд сахин мөрдөх ёстой. Энэ бол зүгээр нэг өнгөцхөн хандаад өнгөрөх биш гурван сая иргэний эрүүл, аюулгүй амьдрах баталгааны асуудал юм.
 
 
С.Уянга
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.