Reuters: “Оюу Толгой” төслийн гэрээг шинэчлэх саналыг МУ-аас илэрхийлсэн


Reuters: “Оюу Толгой” төслийн гэрээг шинэчлэх саналыг МУ-аас илэрхийлсэн  
"Оюу Толгой” төслийн гүний уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг хоёр талын тохиролцоогоор цуцалж, нөхцөлийг нь сайжруулан дахин гэрээ байгуулах саналыг Монгол Улсын Засгийн газар "Rio Tinto”-д тавьсан талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна.  
Мөн энэхүү шинэчлэгдсэн гэрээний хүрээнд "Оюу Толгой” төслийн том хувь эзэмшигч байхаас илүүтэйгээр татварын орлогоо нэмэгдүүлэх сонирхолтой байгаа талаар ойрын эх сурвалж "Reuters” агентлагт мэдээлжээ.

"Оюу Толгой” төслийн далд уурхайн санхүүгийн тооцооллоос харахад Монгол Улс ногдол ашиг хүртэхгүй, 22 тэрбум ам.долларын өртэй үлдэнэ. Мөн 2051 он хүртэлх хугацаанд ердөө дөрвөн жил аж ахуйн нэгжийн орлогын албан татвар буюу ашгийн татвар төлнө. Эхний удаа төлөх нь 2038 он. Мөн төслийн нийт хугацаанд төлөх ААНОАТ-ын хэмжээ 430 орчим сая ам.доллар. Энэ нь өнөөгийн үнэ цэнээр 70 гаруй сая ам.доллар буюу маш чамлахаар тоо гэж ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонгоо "Bloomberg TV Mongolia"-д өгсөн ярилцлагадаа дурдаж байлаа.

"Оюу Толгой” төслийн гэрээний нөхцөлийг сайжруулахтай холбоотой УИХ-ын 92 дугаар тогтоолын дагуу Засгийн газрын ажлын хэсэг яриа хэлэлцээнд оролцож байгаа юм. Энэхүү тогтоолд:

  • Хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах
  • Дубайн гэрээг сайжруулах
  • "Оюу Толгой” төслөөс хүртэх Монголын талын үр өгөөжийг 53 хувиас бууруулахгүй байх
  • Энэ хүрээнд Монголын 34 хувийн хувьцааг бүтээгдэхүүн хуваах нөхцөл, эсвэл АМНАТ-т оруулах хувилбарыг судлан шийдвэрлэх зэргийг тусгаж өгч байсан юм.

"Оюу Толгой” төслийн яриа хэлэлцээ Сар шинийн баярын дараа үргэлжилнэ гэж ЗГХЭГ мэдээлээд байна.

 
ЭХ СУРВАЛЖ: GOGO.MN 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.