Өчигдөр /2021.02.15/ Хөдөө аж ахуйг дэмжих сангийн удирдах ажилтнууд ажлын байрандаа архидаж, зодолдож танхайрсан талаар бид мэдээлсэн. Уг мэдээллийн дагуу цагдаагийн байгууллага материалжуулан шалгахаас гадна Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас Дотоод хяналт шалгалт гарч, асуудлыг тодорхой болгожээ.
Энэ дагуу салбарын сайд З.Мэндсайханаас тодрууллаа. Тэрбээр
"Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед иргэн бүр, төрийн жирийн алба хаагч бүр хичээн, Засгийн газраас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Гэтэл манай салбар дахь Хөдөө аж ахуйг дэмжих сангийн удирдах албан тушаалтнууд байж боломгүй үйлдэл гаргасныг холбогдох хүмүүсээр асуудлыг тодорхой болгуулсан. Надад ирсэн мэдээллээр "нийт таван ажилтан ажлын байрандаа архи, согтууруулах ундаа ууж, дотоод зөрчлөөсөө үүдэн, зодоон болсон" байна. Ажилтнууд нь ийм хариуцлагагүй байдал гаргасан учраас тус сангийн захирлыг ажлаас нь чөлөөлж байна. Оронд нь үүрэг гүйцэтгэгчийг түр томилно. Мөн ажлын байрандаа архи уусан алба хаагчдыг ажлаас нь чөлөөлөх, албан тушаал бууруулах, сахилгын хариуцлага тооцох зэрэг шаардлагатай бүхий л хариуцлагыг тооцно. Энэ шийдвэрийг үдээс хойш тус сангийн байранд яамнаас холбогдох ажилтнууд очиж танилцуулна" гэлээ.
Өмнөх мэдээллийг тодруулбал, тус сангийн Дэд захирал Н.Алтанзагас, Дэд захирал М.Цэрэндорж, Санхүү бүртгэл, хөрөнгө оруулалтын газрын дарга Ц.Бат-Эрдэнэ, Хууль эрсдэл, өрийн удирдлагын газрын дарга Б.Энхбаяр, Ерөнхий болон ахлах нягтлан бодогч нар нийлж, ажлын байрандаа .архидан, зодолдож танхайрсан учир цагдаагийн 102 дугаарт дуудлага өгсөн байдаг.
Сэтгэгдэл